СОНГУУЛИЙН ЗАР

2011 оны 12-р сарын 28 Нийтэлсэн tsuurai

Нохойн дуу ч ойртож дээ. Зарим хүний нойр хүрэхээ байжээ. Яавал ямар аргаар хуучин суудалдаа үлдэх вэ? Энэ бол эрхэм гишүүдийн маань ирэх оны цор ганцхан гэрэлт мөрөөдөл. Өнөө гайхал СОНГУУЛЬ баярын үеийн балаг болох шарталт, шагнал хоёрын завсраар шууд дайраад шургаад ороод ирлээ шүү?

Саяхан Л.Гантөмөр гишүүн гэр хорооллын айлын ус зөөж өгч худаг дээр өвлийн хүйтэнг ч үл хайхран оочерлож зогслоо. Хөөрхийг харсан чинь хүүхэд нас минь санагдаад золтой л нулимс унагааж золигдсонгүй. Ямар ч өрөвдмөөр, энхрийлмээр байсан гээч. Энэ бол шинэ сонгуулийн нэг үгээр ирэх тулааны өнгө. Залуу хүн учраас бусдаас түрүүлж мэдэрлээ шүү, овоо л эр юм. Зарим нь зурагтаар Сантагийн хувцас өмсч айлын хаалга тогшин бэлэг түгээж байгаа харагдана лээ. Бас болоогүй бүжиглээд байгаа үзэгдсэн. Энэ ч яахав дөнгөж эхлэл нь цаашаа ч явж өгнө дөө? Дуулж бүжиглэх бол юу ч биш болно. Зарим нь нугарч, зарим нь хугарч ч мэднэ дээ?

Ирэх хавраас УИХ-ын гишүүнээр хашаандаа ганц нэг чацарганы мод суулгуулна, худаг гаргуулна гэсэн зар үзэгдвэл та бүү гайхаарай. Даварсан Монголчууд тэд нараар жорлонгийн нүхээ ухуулж мэдэхээр болчихлоо. Тэгээд ч УИХ-д нэр дэвшигчээр шавар будаг хийлгэнэ, шалаа угаалгана, ганц умгар өрөөндөө ханын цаас наалгана гэсэн зар харах л юм бол айж сандарсаны хэрэггүй. Болдог юм болдогоороо л болж байгаа нь тэр. Харин нэр дэвшигчид бол зарын дагуу бийр багс, саван алчуур бариад л танай гадаа буучихна. Энэ үеэр нь л нэг сайн зарж аваад, газар буусан дээр нь ашиглахаа ард түмэн мэдэх байлгүй. Тэгэхгүй бол нэг сонгогдоод дээшээ хөөрчихвөл лав дөрвөн жилдээ танай гадаа буухгүй шувуунууд шүү дээ, цаадуул чинь.

Мөн хувийн чанартай зарыг бут цохихоор улс төрийн намууд ухаан бодлоо уралдуулж таарна л даа. Ямартай ч “Манай намд их хэмжээний хандив нууцаар өргөх хөрөнгөтэй хүнийг эхлээд гишүүнээр элсүүлж дараа нь тойргоос нь шууд гаргана” гэсэн зар явах нь бол тодорхой зүйл.

Арга ч үгүй юм даа хөөрхий. Шударга сонгууль хийх гээд шинэ хууль дүрэмдээ нойлын цаасны булан өгсөн хүнийг, гуйлга гуйж суугаа хүний саванд 100 төгрөг хийсэн нэр дэвшигчийн эрхийг хураана хэмээн занал хийж байгаа учраас тэд жинхэнэ утгаараа аргаа барж суугаа нь энэ. Ус зөөх, түлээ хагалахыг хориглох тухай хуулийн заалт байхгүй юм чинь яадаг юм. Хэн юу чаддагаа хийж амьдардаг, чадаж байгаа юманд арга байхгүй гэж сурталчилдаг нийгэм биз дээ?

Тэгээд ч нэгэнт ийм төрлийн хүчтэй сурталчилгаанд суурилсан сонгууль ирж байгаа учраас бүгд л дор бүрнээ хийх ажлаа төлөвлөчихсөн байгаа байлгүй.

Миний мэдэж буйгаар Сангийн сайд С.Баярцогт лав хаваржин, зунжингаа Сэлэнгэ аймагт газар хагалж, урд зүгийн одос үхэр шиг анжис чирж өнжих нь тодорхой. Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа алтны хажуу дахь гууль шарладгийн үлгэрээр чагнуур зүүгээд Архангайн малчин өрхүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх байлгүй. Э.Бат-үүл гишүүн үнэгүй трактор комбайн засаж, Ж.Сүхбаатар гишүүн Дархан-Улаанбаатар хотын хооронд такси үйлчилгээ хийж, зарим нь зурагтаар гэр ахуйн цахилгаан бараа засах нэвтрүүлэг хөтөлж, монголын хэдэн гайгүй ресторануудын ахлах тогооч нарыг ажилгүй болгосон хоолны ток шоу бол суваг бүхэн дээр цацагдана. Тогооч гишүүдийн тоо гурав дахин нэмэгдэнэ. Дууны шүлэг бичигсэд ажилгүй болж, драмын хэдэн жүжигчид хийх ажилгүй болно. Лүндээ гишүүн яруу найргийн түүврээ хэвлүүлж, өмнөтгөлийг нь Бавуугийн Лхагвасүрэн гуай бичнэ.

Харин энэ хэдийнхээ хажууд Д.Зоригт сайд арай өөр зүйл хийнэ дээ, харж л байгаарай. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар гэр хороололд амьдарч, хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар шөнө өдөргүй ганцаар алхаж байсан хүн шүү дээ цаадах чинь. Тэгэхээр энэ удаад “Чингэлтэй-Зайсан” чиглэлийн автобусанд тасалбар түгээгч болох хувилбарыг сонгох болов уу даа. Хэрэв энэ замыг сонгосон бол түүний нэртэй саналын хуудас автомат машин руу нэлээд олон шургах нь дамжиггүй. Ялалт байгуулдаггүй юм аа гэхэд ард түмэнтэйгээ хамт байдаг улстөрчөөр тодорч ямар нэгэн өргөмжлөл хүртэх нь бол ойлгомжтой хэрэг. Харин Лу.Болд Батлан хамгаалахын сайд гэсэндээ төлөвлөгөө арга барилаа нууцын зэрэглэлд байлгаж чадаж байна. Одоогоор түүний ямар хувилбар сонгож тулаанд орох нь ойлгомжгүй байгаа хэдий ч анчин залууст туслаж зээр гөрөөсхөн хөөх, ан гөрөө ховортой нутагт тарвага шилжүүлэн нутагшуулах гээд цөөнгүй ажлыг гүйцэтгэх биз.

Боловсролын сайд ч яахав Булган нутагт будилаанаа аль эрт хийгээд эхэлчихсэн учраас будаа хураах, өвс хадах ажилд дайчлагдах байх. Харин Ц.Нямдорж, Л.Гансүх нар тэдэнд атаархахдаа нуугаад байдаг том хаусуудаа гээгээд дөрвөн ханатай жижиг гэрт тулга тавиад суух вий дээ. Ямартай ч тэд төслийн утаагүй зуух авахгүй нь бол ойлгомжтой. Харин Д.Зоригтын ажлыг нураах гээд айлын зууханд дэлбэрэх төхөөрөмж суулгах ухаан л битгий гаргаасай гэж найдахаас.

Би лав “ҮГҮЙ” гэдэг үг үгийн санд нь байдаггүй болсон энэ цагт заваарсан шалаа Засгийн газрын тэргүүнээр ганц сайн угаалгачихад л болно доо. Бусдыг нь өөрөө хийчихэж дөнгөнө. Ерөнхий сайдаар шалаа угаалгачихвал ч амьд явсаны...

П.Батхуягийн мөн чанар буюу

бидний үеийн гэлдэрч буй зам

Өнөөгийн нийгэмд, нийгэмд ч юу байхав дээ? Олон хүмүүст өөрөө юу ч хийж бүтээгээгүй байж, бусдыг буруутган муу санаа бодлоор чихцэлдсэн бантангийнхаа савыг дүүргэдэг арга барил нэвт шингэжээ. Ийм жишээ бол захаас аваад зөндөө бий. Бүдүүлэг хэллэгээр бол захаас аваад, замаар дүүрэн бий болжээ. Дуртай интернет хаягаар ороод “уншигчдийн сэтгэгдэл” гэх аймшгийн бичвэрүүдийг харж болно. Өөр бас олон жишээг хангалттай дурьдаж болно. Наад захын жишээ гэхэд утга зохиол судлаач, шүүмжлэгч хэмээн өөрийгөө цоллодог эрхмүүд ганц ч мөр шүлэг бичиж үзээгүй байх нь энүүхэнд. За тэгээд шүлэг бичиж үзээгүй юм чинь жүжиг, кино, үгүүллэг туужийн тухай ярих ч хэрэг байхгүй. Тэгсэн атлаа шүүмжлэгч гээд ханхалзаад байх нь эгдүү хүргэмээр. Тэр ч бүү хэл сэтгүүлзүйн салбарт 1000 гаруй шавьтай алдарт багш зөндөө. Энэ үзүүлэлтээрээ Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдарт хүрсэн байж ядаж шар сонины буланд ганц ч мэдээ бичиж үзээгүй байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш. Нийтлэл, аян замын тэмдэглэл энэ тэрний тухай ярихын хэрэг байхгүй. Гэтэл үнэн чанартаа өнөөгийн залуу сэтгүүлчид болоод дунд үеийнхэн тэр эрдэмтэн судлаачдаас биш Баабараас суралцсан гэвэл илүү оновчтой байх биз. Нэг хэсэг монголын сэтгүүлзүйд баахан Баабарууд бий болов. Энэ үзэл одоо ч арилаагүй төдийгүй улам хөгжин цэцэглэж, баахан “Ганчимэгүүд”, маш олон “Мөнхбаясгалангууд” өөрийн гэсэн байр суурьтай яваа. Харин миний сайн мэдэхгүй хэдий ч унших дуртай өнөөгийн утга зохиолын замыг хэн зааж байна вэ? гэсэн бодол хэтрүүлж хэлбэл эртнээс толгойд харван орж ирээд тэндээ амь бөхтэй суурьшаад удаж байна. Товчхондоо энэ шинэ цагийн яруу найрагчдын үлгэр дуурайлал нь хэн бэ?

Тэгээд ч авьяас чадалгүй нөхөд ичихээ мэдэхгүй бурсаныхаа хүчинд алдар нэртэй байж чаддаг энэ нийгэмд яагаад намайг яруу найраг ярьж, солиорох болсон тухай асуух хүн гарахгүй байх. Гарахгүй байх гэдэгт л гарцаагүй итгэж буй учраас зоригтой байгаа юм. Магадгүй мунхаг эр хар зориг байх.

Өнөө цагийн яруу найрагт шүлэг бол яруу сайхан үг хэллэгтэй байх албагүй гэсэн ойлголт давамгайлжээ. Гэхдээ зөвхөн миний л бодлоор. Тэгээд ч хэн сайхан шүлэг бичдэг, аль нь илүү уран уншдаг вэ? гэхээс илүүтэй хэн нь илүү сэтгэж байна гэдэг оюуны жин хэмжүүрт ирчихээд цөөнгүй жилийг “хөдөөлүүлээд” байгааг хангай, говь, хүрээ, Япон, Солонгос соёлтой гэж ялгалгүйгээр ихэнх залуу яруу найрагчийн шүлгээс харахад хангалттай.

Харин энэ цаг үеийг нээн илрүүлэх хүсэл болоод тэдний шүлгийг ойлгох боловсрол байхгүйдээ бус байранд нь удаан цоожтой байлгах бодлого Монголын утга зохиолын Мөнгөн болоод ахмад үеийнхэнд ноёолж байгааг ч “Болор цом” гэдэг балар цом болчихсон наадмаас харж болохоор байгаа.

Тэгээд ч яруу найраг, сайн шүлэг гэхээр л “Болор цом”-оор төсөөлдөг байдал одоог хүртэл нийгэмд арилаагүй байгааг бодоход яруу найраг гэдэг тэр тусмаа арай дээгүүр сэтгэдэг цөөнхөд хамаатай ажээ. Тэгвэл жинхэнэ яруу найраг, шинэ үеийн яруу найраг нийгмийн олонлогийн бус асар цөөнхийн асуудал болж таарч байгаа юм биш үү?

Одоо харин олон зүйл рүү хадууралгүй шинэ үеийн яруу найргийн, шинэ үеийнхэнг хэн газарчилж байна вэ? гэсэн асуултаа дахин илүү дэлгэрэнгүйгээр тавиад хариулахыг чадан ядан оролдсон нь дээр байх. Магадгүй энэ бүхэнтэй бүгд санал нийлэх албагүй. Угаасаа ч яруу найраг өөрөө тийм араншинтай. Гэтэл бичихээсээ илүүтэй би сайн, би мундаг хэмээн хуурай итгэл, баримтгүй гүжирдлэгээр өөрийгөө алдаршуулах хүсэлтэн манай яруу найрагчид дунд бийг дурсаад өнгөрөхөд гэмгүй болов уу. Харин ийм нэг шүлэг:

Шатаж үзээд халууныг ойлгох

Моддыг би зуухандаа чихээд

Намрын сэрүүнд халууцан суухдаа

Нарыг би ямар өнгөөр зуръя даа? гэсэн тийм уран цэцэн яруу хэллэгтэй биш атлаа тансаг, бас нууцлаг агуулгатай шүлгийг уншаад л номын өмнөтгөл бүр дээр жамтай юм шиг заавал бичигдсэн байх “ӨӨР”, “ӨВӨРМӨЦ” гэдэг үгнүүдийг бусдаас илүүтэй Пүрэвхүүгийн Батхуягт хамаатуулахын тулд бүр том фондоор тэгээд “bold” хийж бичмээр санагдсан юм. Энэ шүлгээ П.Батхуяг саяхан хэвлүүлсэн “Салхи чулуу борооны сахиус” номондоо оруулжээ. Энэ мэт олон шүлгээрээ тэрбээр үнэндээ өнөө цагийн шинэ залуу яруу найрагчдын болоод өөрийнх нь нэрлэснээр “Нэн шинэ үеийн яруу найраг”-ийн чиг хандлагыг тодорхойлж байна. Зоригтойгоор нэмээд хураангуйлан тодорхойлбол түүний утга зохиолд хандах хандлага, сэтгэлгээний болоод хувь хүнийнх нь мөн чанар бидний үеийнхэн буюу шинэ залуу яруу найрагчдын дагах ёстой гол зам нь болоод байгаа.

Үүнийгээ ч тэд аль эрт анзаарч орчин үеийн богино боловч гүн утгатай шүлгүүдийн зарим талаараа ижилдүү гэмээр хэв маягийг бий болгоод байна. Энэ бүхнийг чухамдаа одоогийн залуу яруу найрагчийн ихэнх шүлгээс харахад болно. Тэгээд ч П.Батхуягийн шүлгийг өнөөгийн залуусын хэнээс нь ч хамаагүй уншдаг болсонд л миний тайлбарлах гэж үйлээ үзэж, үсээ зулгаагаад байгаагийн гол агуулга оршиж байгаа байх. Гэхдээ энэ үзэгдэлийг гадны хэллэгээр бол “Цагаан махны хэрэг”, манайхаар оюуны өмчийн хулгай гэж эндүүрч болохгүй л дээ. Өнөөх л дээр дурдсан “Баабарууд” гэдэгтэй агаар нэгтэй зүйл. Харин чиг хандлагыг тодорхойлж байгаа гэдэгтэй маргах хүн гарч болно оо.

Яг л түүний нэгэн шүлэгт байдаг ...Буруутай, буруутай хүлээн зөвшөөрч байна... гэдэг шиг толгой дохин хүлээн авах болно. Харин өөр нэг шүлэгт нь:

Тийм ээ, тийм толгой дохиж байна

Тэнгэр минь цаг хугацаанд би

Хайртай... гэж эхлээд

...Нэмэр хачиртай хов живийн яриан дээр

Нэрэлхүү зангаа нэмж байгаад

Царайгаа огтхон ч хувиргалгүй

Цаг хугацааг худалдчихсан

Буруутай, буруутай хүлээн зөвшөөрч байна

Бурхан минь цаг хугацаа намайг

Хэзээ буудах бол... гэж төгсдөг юм. Нээрээ би ч гэсэн ямар нэгэн зүйлд буруутай юм шиг санагдчихлаа. Сонин л юм. Яагаад хайртай цаг хугацаагаа худалдчихсан юм бол оо? Энэ мэт санаа алдан асуух тийм олон асуултыг залуу яруу найрагчид олноор тавьж байгаа нь түүнийг залууст хамааруулах гэсэн нотолгоо гэж эндүүрэв. Мөн тийм биш юм гэж ойлгох хэрэггүй. Харин түүний уран бүтээлд өөр байх гэхээсээ илүүтэй хүн байхын утга учир болоод мөн чанараа яаж гээчихгүй байх тухай, эсвэл хүмүүн төрөлхтөн яаж хүнээ байдаг тухай тийм эмзэглэл, гуниглал нэвт шингэсэн байдаг нь ажиглагддаг. Магадгүй түүний ертөнцийг үзэх энэ үзэл бусдаас ондоо байх зориг хүслийг өөрт нь төрүүлдэг байх л даа. Үүнийг маш товчхондоо түүнтэй адил ямар ч элдэв маяг үгүй мөн чанартай хийгээд шүлэг бичдэг хүмүүс илүүтэй ойлгох нь лавтай.

Би анх энэ яруу найрагчийн “Эм загас” шүлгийг нь уншчихаад аав маань насныхаа эцэст яагаад морь биш гүү унахыг илүүд үздэг болсон тухай бодож байсан удаатай... Одоо би адгуус амьтанд хүртэл эмэгтэйлэг чанар бий гэдэгт огт эргэлзэхээ больсон.

Харин зарим уран бүтээлчдэд мөн чанар байдаг гэхэд л эргэлздэг юм.

Баларсаан... Сүмоч гишүүн ээ

2011 оны 12-р сарын 08 Нийтэлсэн tsuurai
  Тулааны өмнөх нам гүм араншин гэдэг шиг сонгуулийн өмнөх жил гэхэд одоохондоо нам гүмхэн л байна. Харин бодлогын дайн эд үргэлжилж, нэр дэвших хүсэлтэй буюу сийлбэртэй том сандал, тоостой том ширээгээ хадгалж үлдэх гэсэн эрхэм гишүүд хэрхэн яаж иргэдийг хуурч санал авах вэ? гэсэн бодолдоо хамаг бие нь шатаж байгаа нь харваас илт. Тухайбал өнгөрөгч сонгуулиас хойш саяханыг хүртэл тойргийнхоо иргэдтэй уулзаагүй, ажилгүй иргэдийг мянга мянгаар нь арлын оронд сууршуулж, өндөр цалинтай өртөг багатай амьдруулна гэсэн амлалтаа биелүүлээгүй сүмоч гишүүн гэнэт хөдөлгөөнд оров. Тэрбээр өнгөрөгч сонгуулиар СХД-ийн 26-р тойргоос сонгогдсон билээ. Энэ оны эхэнд Кёкүшюзан.Д.Батбаяр өөрийг нь газарчилж явдаг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн хамт анх удаа тойрогтоо хөл тавихад нь иргэд баярлах бус цочих шиг болсон тухай ярьцгаадаг л юм. Ямар сайндаа л уулзалтын үеэр иргэдийн гомдол санал, халуухан асуултад төрийн түшээд тоосго шиг улаан царайлж, хөлсөндөө живж дуусахаа дөхсөн байх вэ дээ. Нэгэн сонгогч сүмоч гишүүнээс “Та нар яагаад сонгуулиас хойш бидэнтэй нэг ч удаа уулзаагүй юм бэ” гэхэд бөх хүний бүдүүн баарга ухаанаар “Би тэгж бусад шиг байнга иргэдтэйгээ уулзаж өөрийгөө сурталчилахгүй. Миний хийсэн зүйлийг мэдэх нэг нь мэдэг л гэж бодсон” хэмээн томорсон гэж байгаа. Гэтэл мэдрүүлэхээр зүйл юу хийсэн билээ хэмээн бодож үзвэл үнэн харамсах биз. Ирэх сонгуулиас өмнө хэдэнтэй үзэгдэн байж иргэдээс хямдхан санал авах төлөвлөгөөтэй очсон түүнээс сонгогдсон тойргийнх нь иргэд барааг нь харангуутаа л 40 мянган иргэн япон руу явуулна гэсэн амлалтыг нь нэхэж таарах нь дамжиггүй. Ядахад Монгол Улсын хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 25 хувь нь сууршсан, тэр хэрээрээ ажилгүйдэл ядуурал ихтэй Сонгинохайрхан дүүргээс уран мэхийг уралдуулан худал хэлж сонгогдсон болохоор ажлын байрны тухай ам алдсан л бол биелүүлэхээс өмнө дуусаа л гэсэн үг. Үүнийг харин тэрбээр огт ойлголгүй уран донгодох замаар гараагаа эхэлсэн нь түүний улс төрийн амьдралд цэг тавихад ч бэлэн болоод байна. Дээрээс нь манай монголчууд бөх хүн худал ярихыг тэвчиж чадалгүй яадаг билээ дээ. Маш товчхондоо тийм л зүйл өрнөөд буй. Харин өнгөрсөн амралтын өдөр арга барилаа арай жаахан өөрчилж, “Сайн байна уу Сонгинохайрхан” нэртэй сэтгүүлийн хамт Ардын хувьсгалын 90 жилийн ойн болон Ардчилалын 20 жилийн ойн медаль шуудайлах нь холгүй тээж очсон нь бүр доромжилсон үйлдэл гэдгийг сонгогчид ч тэр дор нь ойлгожээ. Ийнхүү хийсэн ажилгүй, худалаа бурахаас өөр хэлэх ч үггүй түүний улс төрийн халуухан амьдрал ирэх жилээр дуусгавар болж байгаа бололтой юм хөөрхий. Харин Монгол эр хүн шиг, тэр дундаа бөх хүн шиг уужуу сэтгэл гаргаж, ханахаа байсан сэтгэлтэй, ичихээ байсан дүрээ гэдгээ хэзээ нэг юм ойлгож бусдын өмнө буян үйлдэх бол доо.

Төрийн шагналыг төмсөнд өгье

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн tsuurai

Улс бүхэн өөрийн гэсэн гол шагналтай. Тухайлбал АНУ-д конгорессийн шагнал гэдэг нэлээд нэр хүндтэй. Харин манай улстай адил төрийнхөө шагналыг шороотой хутгачихсан улс хэд байдаг бол... Бараг л байхгүй болов уу.

Ер нь манай төрийн шагналууд бүгд л хэзээний төрийн тэргүүнийхээ халаасанд багтаж байлаа. Анх Х.Чойбалсаны шагнал нэртэй байхаасаа л эзнээ олж байгаагүй эд л дээ. Энэ ч яахав оросод Сталины шагнал гэж байсныг дуурайж байгаа санаа нь юм.

Харин одоо Ц.Элбэгдорж халаасны шагнал байсныг “нэмэлт өөрчлөлт” хийгээд найзуудын шагнал болгочихов. Тэрбээр энэ туршилтаа Баабарт хийж тун амжилттай эхэлсэн. Дараа нь Б.Цэнддоо, Д.Сосорбарам одоо хайртай дүү Д.Болддоо хүртээлээ.

Түүнийг дээл өмсч хэлбэрдэн ижил ая хийгээд “Монгол поп” гээчийг бүтээсэнд ийнхүү талархажээ. Ингэснээр ноён Д.Болд рок попоос төрсөн анхны төрийн шагналтан болж байгаа юм.

Түүний нээсэн хэмээн зүтгээд байгаа ийм хэлбэр “Монгол поп гэдэг хөгжмийн урлаг талдаа байж болох уу гэвэл эргэлзээтэй санагдах. Тэгвэл “Орос поп”, “Канад поп”, “Хятад поп” гэвэл яг ямар ялгаатай гармони дуугардаг байх ёстой юм бол бүү мэд.

Угтаа шинэ урлагийн төрөл гэвэл, үнэхээр төр шагнах гээд гар нь загатнаад байвал яагаад “Алтан ураг” байж болохгүй гэж... Тэд шинэ хөгжмийн урсгалыг бүтээсэн төдийгүй хилийн зурвас даваад нүүр бардам Монгол хэмээн омогшиж чадаж байна. Мөн Цэнхэр залааг бичсэн Баатарсүх, Харангын Чука гэх мэт рок попыг хөгжүүлэгсдийн өмнө ямар нүүрээрээ урлаг ярьж галзуурцгаая даа.

Харин Д.Болдыг бол 21 аймгаа гүйцэт тойроод тоглож байсныг би лав тод санахгүй юм.

Үнэндээ энэ цаг үед Чука мэтийн хүмүүс дээл өмсч хэлбэрдээгүй, хийсэн бүтээсэн зүйлээ хөдөөгөөр дүрсжүүлж сүржигнээгүй жинсэндээ л үнэнч явснаар хохь нь болж хоцорч байна.

Тэгвэл босго өндөртэй атлаа болзол багатай энэ шагналыг Д.Пүрэвдорж агсанд "Чингис " шүлгээс нь болоод зургаан удаа өгөлгүй буцааж байсан удаатай юм билээ. Мөн л Ю.Цэдэнбалын шагнал биш байлтай.

Харин О.Дашбалбар агсныг П.Очирбаттай таарамжгүй байснаас болоод долоон удаа буцааж байсан ч үе бий. Аз болж Н.Багабанди гарч ирээд төрийн шагнал хүтээж байв.

Тэгвэл яагаад Ц.Элбэгдорж уран зураг, уран зохиол хоёрт төрийн шагналаа өгөхөө больсон бэ?

Үүний хариулт нь маш товчхондоо бяцхан өс юм. Тэрбээр хойно цэргийн их сургууль төгсч ирээд цэргийн “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа хэдэн халтар шүлэг бичиж П.Бадарчийн шавь болж явсан ч утга зохиолын ертөнц түүнд хөл тавих боломж олгоогүй. Тийм учир атаархсандаа энэ салбарт зориулж халаасаа тэмтрэхгүй байж ч магад. Мөн түүнийг асар том галлерейтэйг мэдэхгүй хүн үгүй биз. Харин түүнд уран зураг зурах авъяас шүлэг бичдэгтэй нь адил мөн л дутсан учир энэ салбарт атаархдаг байхаас зайлахгүй. Гэхдээ Манай төрийн тэргүүн урлаг судлаач биш. Гэсэн хэдий ч тэрбээр дунд үеийнхэнд таалагдах бодлого барьж буй нь харваас илт. Үнэндээ 20 гаруй насныхан нь хэтэрхий балчирдаад, ахмад үеийнхэн ач зээдээ дарагдаад өндийх завгүй байгаа энэ үед дунд үеийнхэн салбар бүрт хүч түрэн орж ирж байна. Энэ үеийнхэн нийгмийн сэтигэлзүйг эргүүлж чадах учир тэдний төлөө, тэгээд бас уран зураг, утга зохиол хоёроос бусад зүйлд халаасаа харамгүй тэмтрэх нь түүний нэг бодлого. Тэгээд ч агтны хариу жилдээ гэдэг шиг Д.Болд тус болох нь гарцаагүй л дээ.

Энэ мэт аргандаа оруулах, ахиад олон жил төрийн ордны төмөр бариулыг татах гэсэн хүслийн төлөө ашиглаж байж Монгол төрийн шагнал, Төрийн шагналын зөвлөл гэсэн сүржин нэр ус байгаа нь үнэндээ ичмээр зүйл. Ийм нэр төдий байхаар тарсан нь хамаагүй дээр. Тэгээд ч Төрийн шагнал гэдэг Ц.Элбэгдоржийнх биш. Тийм учраас сайн сортын төмсөнд Төрийн шагнал хүртээдэг болъё.


Монгол хомсдолын хам шинж

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн tsuurai

Монгол хомсдолын хам шинж

Саяхан хоёр бөхтэй тэмээг өмнөд хөрш “Геннис” гэдэг түншдээ бүртгүүлээд амжжээ. Тэдний аваалжтайг, бидний арчаагүйг яриад ч яах билээ. Харин одооноос манайхан малчин, улстөрч гэлтгүй энэ тухай нэхэл дагал болж, сүр дуулиан бадруулна биз. Тэгээд ч өвөрмонголчууд тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөхөд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм гэнэ лээ. Манай улсад болохоор хувьчлагдсан тэмээнүүд хуушуур болоод л дуусч байна даа хөөрхий.

Харин нэргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг сурсан зангаараа хамгийн их тэмээтэй гэж бүртгүүлэе хэмээгээд төв цэнгэлдэх дээ бүгдийг нь чихэх бодлого боловсруулж ч магад. Бүр бүх орон нутгаас хоёр бөхтэй тэмээ бүхнийг нийслэл хотод цуглуул гэсэн тэнэг тушаал Засгийн газраас ч гаргуулж мэднэ.

Яагаав хөөмэй, морин хуур, дээл, монгол наадам, үндэсний бөх гээд бахархаад байдаг бүгдээ алдчих шахаж л Геннис гэдэг гайтай сударт нь оруулсан шүү дээ. Маш товчхондоо өмнөд хөрш бидний юуг бүртгүүлэх тухай зааварчилгаа өгдөг гэсэн үг.

Гэтэл Монгол Улсад одоо цагт монголгүй зүйл гэж алга. Бүгд л хөгшин, зөлуу, хүүхэд багачуудгүй монгол гэсэн нэрээр улаан голоо зогоох донд нэрвэгдээд байгаа. Угтаа дээл өмсөөд л Монгол поп бүтээчихнэ. Үглээ дуугаа хөдөөгийн сайхнаар дүрсжүүлээд л “Монгол репер” гэж өөрийгөө цоллоно. Уул уурхайгаа ухаж төнхөхөө зогсоо хэмээн хар, цагаан хамаагүй туг бариад л жагсвал “Монгол тэмцэгч” алдрыг хүртэж байна. Одоо монгол ардын дуу дуулаагүй дуучин ч гэж алга. Цээж нүцгэн, цавь суга нь ил гарсан хувцастай байсан ч хамаагүй “Ай хө, зээ хө” гээд явж өгөх нь энүүхэнд. Морь бичсэн нөхөр хүртэл монгол шүлэг гэж хөөрөхөөр арга ч үгүй юмуу даа. Одоо бүр монгол минь хэмээн халагладаггүй улстөрч, нам эвсэл ч гэж алга боллоо. Бүгд л уул ус минь, ургаа хад минь гэх атлаа амьдрал дээр монголоо хамгийн ихээр худалдаж байгаа нөхөд нь өөрсдөө билээ. Архинд монголчуудаа мянга мянгаар нь живүүлж, ард түмнээ уламжлалт малчин гэсэн тодотголоос нь хүчээр зайлуулан бэлчээрийг нь хэн булааж байгаа гэдгийг бид нүдээ цавчилгүй харж байна. Гэр хороололын гудамжинд ШТС барьж, нийслэлээ ч галдахад сийхгүй бөх зүрхтэн нь хэн бэ? гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүгээр ч тогтохгүй уулаа зараад, усаа ширгээгээд байгаа нөхдийг ч толгой дараалан нэрлэж чадахаар байгаа билээ.

Гэтэл улс даяараа даамжиран Монгол хомсдолын хам шинж өвчнийг орчин үеийн өндөр хөгжсөн ангаах ухаан, үлээж нулимаад идгээдэг бөө мөргөл, зөн билэгтнүүд ангаах ид шидтэй эм тан олоогүй л байна. Харин ч бүр өдөр ирэх бүр даамжиран халдварлах нь элбэгшив. Бүр “Монгол мал” хөтөлбөр энэ тэр гэж галзуурцгаавал яах вэ. Үнэн чанартай улсын баяр наадмаар эрлийз адуу түрүүлээд ирсэн тохиолдол бий шүү дээ.

Цөөн үгээр хэлбэл тулганд гал асааж 13-р зуунаар хувцаслаад түүнийгээ монгол сэтгэл, монгол итгэл үнэмшил гэх мэтийн хэлбэр төдий монгол дон Монгол Улсыг маань нөмрөөд удав. Энэ хэрээрээ монголынхоо нэрээр улаан хоолойгоо чийглэгсэд, бантангийнхаа савыг дүүргэгсэд газар сайгүй төрж байгаа нь жинхэнэ утгаараа аюул болоод байна. Энэ бүх солиорлын дараа Монгол оронд монголын гэх зүйлгүй болсон байх вий. Яг л энэ цагийн сумын наадмын асар дор суран жолоо, мөнгөн тоногтой эмээл тохсон хүлэг морьдынхээ оронд өнгө өнгийн хадаг намируулсан хужаа мотоцикл эгнүүлээд тавчихдаг болсон шиг...

Далай лам юу гээд хэлчихсэн бэ?

2011 оны 11-р сарын 22 Нийтэлсэн tsuurai

Тун саяхан Дээрхийн гэгээн Далай лам найм дахь удаагаа манай улсад айлчлаад буцсан. Их ламын айлчлалыг мэдэлгүй өнгөрөөсөн хүн манайхнаас гарч ирнэ гэвэл мэл гайхаж цэл хөхрөхөд ч багадах биз. Мутраас нь адис авахыг аз гэж боддог манайхан түүний ирэх буцахыг мэдэлгүй өнгөрөөх юм бол ёстой алдас болох байлгүй. Харин хэлсэн захиасыг нь хэрхэн биелүүлдэг тухай бодож үзээд ч хэрэггүй. Тэрбээр энэ удаад ирэхдээ “Шүүдрийн төдий ч дусал архи бүү амс” хэмээн айлдаад буцсан нь анхаарал татав. Энэ удаа тэрбээр та, биднийг бор дарсанд хэрхэн живж байгааг сүрхий анзаарч л дээ.

Уг нь “Айргаа тааваараа зооглож, архиа бага хэрэглэ” хэмээн “зарлиг” буулгаад явсан нь тийм ч эрт биш сэн. Тэгж хэлснээс нь хойш адис авахыг аз гэж боддог нөхдүүд архиан багасгасан нь биш амиа алдсан нь их байх нь гарцаагүй.

Тэгвэл өнгөрсөн зууны сүүлчийн онуудад манай хойд хөршийн архины хэрэглээ дэлхийд тэргүүлсэн удаатай. “Архичин” хэмээн нэрлэгддэг тус улсад жилд бор дарснаас болж зургаан сая хүн нүд аньдаг байна. Гэтэл нэг хүнд ногтох архины хэмжээ нь жилд л 15-хан литр гээд бод доо. Харин өнөөдөр манай улс нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн амжилтыг дахин илүүгээр давуулан биелүүлээд байгаа төдийгүй өлгийтэй хүүхдэд хүртэл 23 литр ногдож байхад Далай багш анзаарахгүй ч гээд яах билээ. Уг нь, аливаа улс орон хүнд ногдох архины хэмжээ жилдээ 8-9 литр болоход үндэсний аюулгүй байдал алдагдана хэмээн үздэг байх юм. Гэтэл манайхан жилд юун найман литр архи хэрэглэх, түүнийг нь гурав дахин үржүүлэн хэрэглэж байхад. Юун үндэсний аюулгүй байдал энэ тэр, харангасч үхэх гээд байхад Ерөөлөө өргөөд, Спирт нь бал бурам болчихсон энэ мөчид “Алсын хараатай амьдрах” нь дээр байлгүй дээ.

Манай улсад тэгвэл жилд гарч буй үйлдвэрийн ослын 30, авто ослын 60-70, хүн амны хэргийн 80, гэр бүл салалтын 50 хувь нь та бидний таалан болгоодог бор дарснаас үүдэлтэй гэсэн судалгаа гурван жилийн өмнө гарчээ. Энэ бүгдээс харахад жилд хэдэн хүн “Хүний хөгжил сангийн” дэвтэр нээлгэж чадалгүй, төрөөс харамгүй өгч байгаа “хайр халамж”-ийг хүртэх гэж арилжааны банкны үүдийг манах хувьгүй болж, холоо одсон тухай барагцаалбал цочирдмоор тоо гарах биз. Харин амьд байгаа хэд нь Хүний хөгжил сангийнхаа мөнгийг архи үйлдвэрлэдэг гишүүдийн халаас руу чихэж байгааг ч тоймлох тоо алга. Одоо бүр сүүлдээ нэг хүнд ногдох архины хэмжээ хэд болж байгаа тухай судалгаа хийх ч сөхөөгүй архиндаа живж байна.

Архины үйлдвэртэй гишүүд нь хүртэл оюутнууд тэмцэхэд сүнсээ зайлтал айж байгаа нь харваас илт. Нээрээ гэнэт сайхан цаг ирээд оюутнууд хэлсэн амандаа хүрч архи уухаа байчихвал тэдний үйлдвэрүүд цагаан тугаа өргөсөнтэй адил зүйл болох нь дамжиггүй. Гэхдээ л айх гэхээсээ илүүтэй хэрхэн хөх инээдээ нууж байсныг таашгүй. Яагаад гэхээр тэд өөрсдөө үндсэн хэрэглэгчид нь шүү дээ. Харин хэн гээч гишүүн ямар нэртэй архины үйлдвэртэй, түүний гаргасан хуурамч архинаас болж тэдэн хүн нас барсан гэсэн жагсаалт гаргаж, сонгуулийн өмнөх хариуцлагатай жил нүүр түлэх вий гэсэн болгоомжлол байсан байлгүй.

Харин одоо АПУ-гийн П.Батсайханыг уул хаданд бүгэн байж ариусч, гэгээрсэн н.Осгонбаяр гэж нөхөр “Бод бод” хэмээн нүүр нүдгүй алгадсан гэдэг шиг Далай ламын “Айргаа тааваараа зооглож, архиа бага хэрэглэ” гэснийг тунгааж үзэх хэрэгтэй л болов уу. Харин сүүлд өгүүлсэн зарлигийг сонсоогүй л гэж бодохоос. Нээрээ далай лам юу гээд хэлчихсэн юм бол доо?


Бөө мөргөл мандтугай

2011 оны 11-р сарын 19 Нийтэлсэн tsuurai

Манай улс тун удахгүй эрүүл мэндийн шинжлэх ухаан, геологи, археологийн салбараас татгалзаж мэдэхээр байна. Цаашлаад маш олон зүйлд “баяртай” гэж хэлэхэд ч бэлэн болов. Үүнийгээ дагаад орчин цагийн аав ээжүүд “индиго” хүүхэд түрүүлэх хүслийг бөө, зөн билэгтэнтэй болох тухай бодлоор солив. Дээрх нь үед гоц ухаантай хүүхдүүдийг “бундеркинд” гэдэг байв. Бундер гэдэг нь гоц, кинд гэдэг нь хүүхэд гэсэн герман үг л дээ.

Харин эрүүл мэндийн шинжлэх ухаан, геологи, археологийн салбарыг бут цохих зүйл нь “Бөө мөргөл” гэсэн албан бус шинжлэх ухаан юм. Энэ салбар манайд ямар эрчимтэй хөгжиж буйг бүгдээрээ харж байгаа учир үүсэл, лус савдагийн тухай тайлбарлах гэж хүн амьтны хэл ам татлаад юу хийнэ. Тэртэй тэрэнгүй манайхан арвин их ойлголтыг олж авсан нь гарцаагүй. Тэгээд ч урдчилан харах авъяастай, хаа сайгүй зөн билэгтэн цугласан одоо цагт янз бүрийн л зүйл дуулдах болов. Тоон ухаанаар толгойн өвчинг анагаадаг болов. Барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед тоон ухаанаа ашиглаж, далдаас тоосго өрж ч магадгүй болоод байна. Энэ цагт барилгын салбарт “бака” гэж хэлэхээс өөр зам үлдэхгүй л болов уу. Бүр үлээж нулимаад, архи цацаад хөл дээр нь босгодог үзэгдэл бол энэ албан бус шинжлэх ухааны жинхэнэ ололт гэлтэй.

Гэтэл манайхан төр засгийнхаа хэмжээнд бөө мөргөлийн албан бус шинэжлэх ухааныг аль эрт хөгжүүлчихгүй даан ч арчаагүй юм. Хэрэв тэгвэл миламин илэрүүлэх төхөөрөмж ч гэнэ үү өндөр өртөгтэй төмрийн хог оруулж ирж хадгалахгүй л байсан юм. Тэр нь хэрэг болж байгаа ч юм алга. Бас болоогүй түүнийг ажилуулах дамжаанд цөөнгүй хүн явж, баахан дэмий зардлал гаргасан билээ.

Монголын зөн билэгчдийн акдемийн хичээнгүй ажиллагааны үр дүнд өдрөөс өдөрт хөгжиж байгаа энэ албан бус шинжлэх ухааны буянаар Тавантолгой, Оюутолгой энэ тэр нь хэний халаасанд орж болохыг хүртэл амархан мэдчихэж болмоор санагдаад байгаа юм. Тун саяхан хойд хөршөөс ирсэн Ираны зөн билэгч Мохсем Норузи гэгч нөхөр манай улсын газрын зургийг гартаа атгангуутаа юу гэж хэлсэнийг дуулсан байлгүй. Бидний байдаг, байдаггүй хэмээн маргалдаад байдаг эзэн Чингис хааны онгоныг хөдөөлүүлсэн цагтай минуттай нь, царай зүстэй нь хэлж өгөх боломж байгаагаа хүртэл хэлсэн шүү дээ. Ийм агуу тэгээд албан бус шинжлэх ухааныг манай улс шиг өндөр хөгжүүлсэн орон дэлхийн хаана ч байхгүй. Ингэж эрчимтэй дэлгэрч байгаа манай улсад хойшид урдчилан хардаг зөн билэгтэн, тоон ухаанаар тоосго өрөхдөө тулаад байгаа авъяастануудынхаа тусламжтайгаар эрүүл мэндийн шинжилгээ авахгүй байсан ч болохоор байна. Газрын зураг гартаа атгаад л Их хааны маань онгоныг олчихож байгаа улсууд ДОХ-ын халдвартай хүний дотоожийг атгаад л мэдэх нь дамжиггүй. Тэгэхээр бидэнд шинжлэх ухааны мэдлэгээс татгалзаад сайхан амьдрах боломж нээлттэй байна.

Мөн монгол бүсгүйчүүдийн маягтай ч хэлэх үү. “Бөө мөргөл” ингэж эрчимтэй хөгжөөгүй байхад харвин өөхөө ад үзэж, нэг хэсэг тураах эм, тан ууж хордоод азгүй нэг нь бурхан болсон удаа ч бий дээ хөөрхий. Харин одоо албан бус шинэжлэх ухааны буянаар хоол ундаа сойж зовохгүй, хортой эм ууна гэж эмээхгүйгээр бясалгал гээч сайхан зүйлээр л илүүдэл жингээсээ салдаг болж. Үүнийг маш зөв арга гэдгийг мэдэрсэн цөөн бус хүн эрүүл хооллолтын дамжаа хүртэл хичээллүүлээд эхэлчихсэн байхад улстөрчид тэднийг ашиглаж, “Зөн билгийн сонгууль” хийх хүслээс хэтрэхгүй байгаа нь өнөөх л муу жишиг биз. Уг нь ч одоо Эрүүл мэндийн шинжлэх ухаанаас татгалзаад яамных нь том байранд Бөө мөргөлийн холбоог сууршуулж болохоор л байна даа.

Хөөрхий дөө... МАН

2011 оны 11-р сарын 19 Нийтэлсэн tsuurai

Улс орны өнөөгийн байдал уур бухимдлаар дүүрэн. Завтай нэг нь бослого жагсаал, бүлэг, фракц бүр морь, мал, тэмээ ямаа... гээд явж өгнө дөө. “Тулааны” өмнөх нам гүм агшин гэдэг шиг сонгуулийн өмнөх жил нэг иймэрхүү төрхтэй. Хэдий ийм юу ч болохгүй юм шиг өнгө, төрхтэй байлаа ч сонгууль болдгоороо л болно.

Одоо ч юухан байхав дээ. Мод бултайтал гөлгөлчихсөн, хөлдөж, гэсэх усгүй болсон Туул, Сэлбэ тэргүүтний шалбааг намаг нь ханхийсэн тийм л нэгэн нарлаг өдөр сонгууль гэдэг гоё нэртэйтэмцэл” эхэлнэ.

Харин урдын адил цустай юу, эсвэл устай тэмцэл үү гэдгийг урдчилан харах боломж, тийм зөн билэг алга. Гагцхүү том бага гэлтгүй улс төрийн намууд луйвар хийхийг санаархаж суугаа нь тодорхой зүйл. Үүндээ ч ямар шургуу бэлтгэж, хэрхэн ил далдуур уулзалт цуглаан зохион байгуулж, оюутны байгууллагыг “Бууны нохдын клуб” болгон хувиргахаар улайрч байгаа тухай бичих байтугай бодох ч хэрэг алга.

Харин энэ хариуцлагатай цаг мөчид хамгийн хариуцлагагүй алхам хийгээд байгаа МАН гээч хүчирхэг байсан бүлэглэлийн ирээдүй бүрхэг болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг үнэндээ МАН-ынхан басамжилж байж л дээ. МАХН-ын нэрийг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцээс гаргаж, хэтэрхий ихээр мэдэмхийрч байж сүүлдээ ингэж балрах гэж. Уг нь, тохиролцоондоо хоёр тал толгой дохин санал нэгдсэн л баймаар юм. Гэтэл одоо МАН-ынхан сонгуульд ялагдах нь гэсэн айдсыг гэнэт мэдрээд, биеснээсээ алдаа хайж ирэх тулааныхаа шинэ жорыг ухаан жолоогүй зохиогоод сууж байдаг.

Үнэндээ энэ мөчид Н.Энхбаяр гуай МАН-ынхнаас “Би хэн бэ?” гэсэн асуултыг тавиад сууж байна. Түүний үйлдлээрээ харуулж буй энэ асуултад нь хариулт олж эс чадсан У.Хүрэлсүх болоод бас бус олон хүн боож үхэхээс холгүй юм болж байгаа дуулдах юм. Үнэн эсэхийг хэн мэдлээ. Гэхдээ л “дотор” нь зарайгаад, тийм сайнгүй байгаа гэдэг нь ч ойлгомжтой хэрэг л дээ. Бодвол тэд одоо хараал идсэн “Х” үсгийг юунд хасч тэнэгтэв дээ хэмээн муу үгээ бараад явж байгаа байх.

“Үг бүхэн амьтай” гэж багшийн маань саяхан бичсэн нийтлэлд байсныг уншаад би тийм ч их саатаж, бодоогүй билээ. Харин бүр үсэг бүхэн амьтай юм байна гэдэгт би одоо эргэлзэх ямар ч боломжгүй болчихлоо. У,Хүрэлсүх тэргүүтэн ч үүнтэй санал нийлэх нь гарцаагүй. Нийлэхгүй гээд ч яах билээ. Цаана чинь сонгууль хаяанд ирчихээд амь наана, там цаана байхад.

Тэгээд ч МАН-ын нарийн бичгийн дарга санаархаад байсан Ерөнхий сайдын суудлынхаа тухай бодоод ч хэрэггүй болсон гэдгээ ухаарч байгаа биз. Харин алтан сиймхий гарч байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй болчихоод байгааг, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД” гэх зузаан пролонон суудал онгойх гээд байгааг АН –ынхан олж харж эхэлжээ. Энэ суудал дээр бөгсөө ивэх мөрөөдөлд АН-ынхан ид умбаж байна. Намын дарга Н.Алтанхуягийг авч хаяад өөр өнгө төрхтэй, шинэ даргатай сонгуульд орох нь зөв гэсэн санал дээр олноороо нэгдэх болов.

АН-ыг хэн толгойлж тулаанд орох вэ?

АН ирэх сонгуульд шинэ толгойтой болж, тэмцэлдэх нь тодорхой. Н.Алтанхуяг бол одоо нэгэнт өнгөрсөн. Суудлаа өгөхгүй, намынхаа рейтингийг өсгөсөн гэх мэт шалтаг хэлж зуураад ямар ч нэмэргүй. Харин түүнээс намаа “булааж” авах өндөр магадалтай нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Х.Баттулга гээд байна аа байна. Гэхдээ тэднийг ард түмэн ганцхан үзүүлэлтээр дүгнэх нь тодорхой зүйл. Тэр нь “Хэн юу хийсэн бэ?” гэсэн гуравхан үгний хариулт юм. Тэгвэл ЗТБХБ-ын сайдын хувьд дөнгөж саяхан Баянхонгорын замыг дуусгаж, амжлаа. Түүнтэй адил аймаг руугаа зам тавьсан гишүүн, сайд хэн ч алга. Тэгээд ч энэ мэт аар саархан зүйл биш үхсэн ч сурталчилгаа нь болсоор байх Цонжинболдог гэдэг нэр хүндийн “суварга” өөртөө босгочихсон учир бусад нь түүнийг үл дийлж мэдэх. Учир нь нөгөөдүүл бол хийдэг биш зүгээр л ярьдаг хүмүүс. Тэдэн шиг ийм арга барилтай эрхмүүдээс өнөөгийн сонгогчид ч үнэндээ залхаад байгаа. Тэгэхээр АН-ын даргын суудалд хэн залрах хамгийн өндөр магадлалтай вэ? “гэсэн тэнэг асуултандаа би ийм амархан хариулт олчихлоо.

Гэхдээ АН шинэ даргатай тулаанд ороод шууд ялна гэсэн үг биш л дээ. МАН олон жил луйвар хийж гаршсан гэдгийг ч тэд тооцоолсон байхаас гарцаагүй. Харин тэдэнд нэг сайхан гарц байгааг олж харж байгаа юм уу үгүй юу, бүү мэд. Тэр нь өөрийнхөө намыг улстөрийн тайзан дээр байлгая гэвэл, ирэх сонгуульд хэдэн сийлбэртэй суудалтай үлдэе гэвэл сонгуулиас өмнө МАН-тай нийлсэн маань хамгийн том алдаа, ёстой миний, манай намын буруу байжээ гэсэн сүртэй мэдэгдэл хийгээд, Х.Баттулгаар тархиан бариулаад тулаанд орох зам бий. Энэ сайхан гэрэлт зам тэднийг ялалтад хүргэх нь ойлгомжтой. Тэгээд ч өмнө нь нэг ялахдаа баахан тэнэгтсэн улсууд энэ удаа ялалтад хүрвэл алдаагаа засах байлгүй.

МАН яах бол

МАН энэ янзаараа байвал цагаан тугаа өргөх нь дамжиггүй. Гэхдээ шийдвэрлэх дайн эхлэх гэж байхад тэнэг юм шиг энэ хэвээрээ байна ч гэж юу байхав. Ашигтай зүйлээ тооцоолохын зэрэгцээ луйвар хийх боломж байгаа эсэхийг эрчимтэй судалж л таараа. Хэдий тийм байлаа ч үнэндээ тэдэнд одоо Н.Энхбаярыг царайчилахаас өөр боломж харагдахгүй байна. Ердөө хатуухан хэлэхэд шүү дээ? Тэгэхээр сонгуулиас өмнө Экс Ерөнхийлөгчид хамтрах тухай санал тавих болов уу даа. Тэдний тавьсан санал нь мэдээж МАХН-д илүү ашигтайгаар эргэх нь ойлгомжтой. Хэрэв МАН, МАХН-тай нэгдэх юм бол байдал өөрөөр эргэж мэдэх. Сөрөг хүчин ч гэсэн ийм байдал үүсэх вий гэхээс сүнсээ гартал айж байгаа нь харваас илт. Харин Н.Энхбаяр энэ бүгдийн хариуд “Үгүй” гэсэн хариулт хэлэх нь ойлгомжтой шүү дээ. Учир нь түүнд МАН-ыг Ц.Нямдоржтой нь хамт устгах хонзон бий. Тийм учраас энэ хүслээ биелүүлэхийн тулд МАН-ыг далаараа цэвэр даруулсан байхыг нь харахаас өөр сайхан агшин гэж түүнд бараг үгүй биз. Тэгээд л энэ хүслээ биелүүлсэнийхээ дараа өөрөө суудал авч, дотор нь орсон хойноо фракц үүсгэж, бүр задлан хаяна даа хөөрхий. Тэгэхээр МАН хойшид ямар арга барилаар тулаанд орно доо. Одоо эс бодвоос маргааш оройтно гэдгийг ухаантай намын ухантай дарга нар мэдэж байгаа байлгүй. Улс төрийн цаг агаар одоохондоо энэ жилийн урт шаргал намар шигээ байна. Гэвч удахгүй дээ, удахгүй. Цаг цагаараа байдаггүй гэдэг.

Цагаан махны хэрэг

2011 оны 11-р сарын 18 Нийтэлсэн tsuurai


Манай улс муу юм бүхнээрээ “Азийн бар” байж гаршсан уламжлалтай. Чанаргүй их дээд сургуулийнхаа тоогоор ч тэр, нэг хүнд ногдох архины хэмжээгээр ч тэр аль хэдий нь ээ ориг баруудыг тоосоороо булсан. Гэмт хэргийн гаралтаараа ч мөн ялгаагүй. Энэ мэт жинхэнэ баруудыг ардаа орхисон муу жишээ бол захаас гараад засмал зам хүртэл олон бий.

Одоо бүр гэмт хэргийн ертөнцөд өнгө өнгийн цэцэгс гэдэг шиг улаан, цагаан, хар хэргүүд хэмжээ хязгаараа алдлаа. Улаан махны хэрэг гэж ямар жигшмээр бузар зүйл билээ дээ. Тэгээд ч улаан ч бай, цагаан ч бай гэмт хэрэг л юм хойно яаж сайхан байв гэж.

Харин “Цагаан махны хэрэг” гэсэн нэр томъёог монголд хэрэглэдэг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гадаадад бол ийм нэр байх юм билээ. Энэ маань нөгөө л он удаан жил ярьж байгаа оюуны өмчийн хулгайд сайхнаар оноосон нэр шүү дээ. Манай улс тэгвэл Цагаан махны хэргээрээ ч Азийн барууд байтугай хамаг дэлхийн хамгийн хөгжилтэй гэсэн орнуудыг ардаа орхихоор болоод байна. Ялангуяа шаварт унасан сэтгүүлзүйн салбарт бол зах хязгаараа алдаад байгааг аль хэдий нь “эрдэмтэн” төрхтөнүүд анзаарсан нь лавтай. Гэхдээ МСНЭ болоод хөгшин залуугаараа ялгарсан сэтгүүлчдийн энэ олон холбоонд хяналт тавих хүсэл, зориг дутаж байгаа нь жинхэнэ эмгэнэлтэй. Одоо тун удахгүй “Залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо” гэдэг сайхан нэртэй төрийн бус байгууллага мэндлэхээр болж байна. Үүнд бол цагаан махны хэргийн тухай найдаад ч хэрэггүй. Зүгээр л сонгуулийн гай гамшиг сэтгүүлзүйн ирээдүйг ч үлдээлгүй нүүрлэж байгаагийн жишээ хэмээн ойлгоход болно. Болоод байх ч юмгүй. Эрүү толгойн заадас шиг яв цав нийцэх нь дараа дурьдах ганцхан жишээнээс илэрхий болох биз. Ямар хөгжил авчирах болоод “Телевизийн царайлаг охидыг удирдах зөвлөлдөө элсүүлэх нь ашиг тусад маань зүйд нийцнэ” гэсэн албан бус дүрэм гаргаж байх вэ дээ. Даан ч хэрэг алга аа.

Одоо халаглаж, хадуурахаа түр азнаад цагаан махны хэргийг хэн гардан хийж байгаа тухай өгүүлэх нь зөв биз. Үнэн чанартай дунд үеийнхэн сэтгүүлзүйн салбараа шороотой хутгаж, улаан мөнгөний хойноос увайгүй царайлаад гүйж байсан боловч хүний мэдээ, нийтлэлийг зоргоороо өөрчилөөд /ийм хулгайг тоолж барахгүй/ тавчих нь тун бага байжээ. Харин сэрж өөрчлөх ёстой шинэ үеийнхэн маань цагаан махны хэргийг сүргээрээ үйлдэж байгаагаар барахгүй бүр сэлж амьдарч байгаа гэдэгт толгой дохих хүн гарна гэдэгт л найдаж алхахаас.

Сонгууль гэж гайны балгаас болж одоо цагт мэдээллийн вэб сайтууд хэтрүүлж хэлбэл гантай зуны цэцэгсээс илүүтэй “ургаж” байна. Бүр монголын “Топ 150” сайтын жагсаалт гэж гаргасан байвал та гайхах уу?. Би лав уулга алдсан юмдаг.

Харин тэдний хэдэн хувьд нь мэргэжлийн сэтгүүлч байна вэ? гэсэн үзүүлэлтээр аудит хийвэл урам хугарахаар тоо гарна. Түүний оронд цагаан махыг хэн гардан хийж байна? вэ гэсэн шалгалт хийвэл харин ч зугаатай байж мэдэх юм. Учир нь өөрсдийн муулаад бичээд байдаг увайгүй улстөрчид шигээ орчин үеийн хулгайн арга барилд гүн суралцсан болохоор тэр шүү дээ. Маш товчхондоо хашилтанд хийх ч хэрэггүй /шилжсэн ба шууд бус утгатай үгийг хашилтад хийдэг билээ/ ХУЛГАЙЧДЫН орчин үеийн арга барил янз, янз. Тухайлбал bоlod.mn, orloo.mn, noyon.mn, fact.mn, yahuu.mn гэх мэт мэдээллийн сайтууд жинхэнэ цагаан махны хэргийг дагнан хийж байгаа. Ганц тэд ч гэлтгүй бүгд биш ч өдөр тутмын сонингууд сайтыг жинхэнэ утгаараа ухаж өгнө дөө. Батлах ганцхан жишээ өгүүлэхэд нэг өдөр интернет сүлжээ тасрахад л сонин хоночих шахаж буудаг юм шүү дээ. Тэгэхээр ямар байна даа. Мөн дээр нь zaluu.com нэртэй өөрөө сэтгүүлчгүй, сэтгүүлчтэй байсан ч сэтгэхээ байчихсан нэг сайт байна. Үргэлж л бусдын мэдээ, нийтлэлээр шинэчлэл хийж байх жишээтэй. Тэгсэн атлаа эх сурвалж тэр, энэ гэж үнэнч царайлана. Энэ үзэгдэл үнэндээ сэтгүүлзүйг болоод хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн нэр нүүрийг үнэгүйдүүлж байгаа гэдэгтэй та бас санал нийлэх үү?

Нийлэхгүй байсан ч заавал нийлүүлмээр санагдаад асуугаад байгаа маань энэ. Угаасаа үнэн нь тэр юм чинь. Тэгээд ч өнөөгийн хэвлэлийн зах зээл дээр түрүүлж сэтгэсэн нь хохь болж хоцорч байна. Зарим үед нэг сурвалжлагад цуг явчихаад үйл явдлаа гайгүй ойлгосон нэгнийхээ материалын гарчиг, сэтгүүлч хоёрынх нь нэрийг сольж, биед нь багахан гар хүрээд гөвнө шүү дээ. Тэгсэн атлаа сарын сүүлээр миний тэрийг муу үнэллээ гэсэн утгатай үг унгадаг юм шиг байгаа юм аа янз нь. Тэгвэл телевизүүд өдөр тутмын сонингуудаас харж мэдээлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг гэвэл та энэ нөхөр ч сайхан залж байна даа гэж бодох уу?. Үүнийг SBN телевизэд ажилладаг дотно сэтгүүлч маань хэлсэн юм. Тэгэхээр ухаандаа сэтгүүлзүйн өнөөгийн байдал болоод хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл яг л гар бөмбөг шиг нэг нэгэндээ “дамжуулдаг” болж таарч байгаа юм. сайт+сайт+сонин+телевиз гэсэн замаар таны авч буй мэдээлэл урсана. Ямар байна даа. Даанч эмэгнэлтэй байгаа биз.

Уг нь ч сэтгүүлзүйд заавал мэргэжлийн хүн байх албагүй л дээ. Дөрөвдүгээр ангийн боловсролтой нөхөр 40 жилд ч яригдахаар нийтлэл бичиж байсан л юм. Утга зохиолд ч мөн ялгаагүй дөрөвдүгээр ангийн боловсролтой Р.Чойномоос баахан дээд боловсролтой нөхдүүд будаа идэж байсан тухай яриа ч байдаг шүү дээ. Гэхдээ мэдэхгүй зүйлийнхээ тухай бурж байхаар гадралдаг салбарынхаа гай завланг энэ хүрээд дуусгах нь зөв байх. Хамгийн сүүлд нь халаглахад сэтгэхээ байчихаад сэлж амьдардаг сайн дүнтэй диплон гэртээ залсан сэтгүүлчдийг яаж буудъя даа.

МОНГОЛ ТӨРИЙН МОЛИГО –ОЧИР

2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн tsuurai

Монгол хэлний үгийн санд “Молигодох” гэж нэг үг бий. Сайн үг лав биш. Уугуул Монгол үг юм шиг байгаа юм. Хятад ,Түвд хавьцаа л лав ийм язгууртай үг байхгүй биз.

Харин орчин цагт  Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн "Гарьд магнай” кинонд Молиго Очир гэж нэг сайн хуурч, залиллан барилддаг бөхийн дүр гардаг даа. Тээр жилд жижиг А.Сүхбат аварга, Г.Өсөхбаярыг молигдоод /монгол бөхийн онолоор ам мэх гэсэн байх, аа/ нэг сайн тийрүүлж билээ. Миний мохоо ухаанаар бол нэг молигдсон ухаантай юм уу даа? Үгүй бол энэ “залилан” гэдэг хууль эрх зүйн холбогдолтой үгийн хууль эрхзүйн холбогдолгүй утга “молигдолт” байхыг үгүйсгэхгүй. Харин тэр киноны баатар маань жаахан л молигдож барилддаг болохоос биш шударга эр байдаг юм. Гэтэл өнөөдрийн Монгол төрд даанч олон”МОЛИГО”-ууд шургалчихжээ. Сонгуульд Молиго-дорж, Молиго-болд , Молиго-самбуу, Молиго-Баатарууд угсраа мэхийг уралдуулан молигдож байж гарч ирэв. Тэдний нэг нь мэдээж манай Молиго-Очир байж таараа. Уг нь эцэг, эхээс хайрласан нэр нь Д.Дамба-Очир л доо... Тунгалаг тамир” кино  “Энэ хүнийг Эрдэнэ гэдэг” гэж эхэлдэг шиг энэ хүнийг Д.Дамба-Очир гэдэг.  Даан ч тэр хэлсэн ярьсан, хийсэн үйлдэл бүхнээрээ МОНГОЛ ТӨРИЙН Молиго Очир нэрийг хүртэхээс өөр гарцгүй болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Оюутолгойн гэрээнээс болж, Засгийн газрыг далаар нь нам тавина хэмээн амлаад байсан өнөөх сүржин амлалтаа хямдхан худалдчихжээ. Өнөө цагийн “Шударга 20”-ын нэгэнд багтаж байснаа хуучин арга барилаараа энэ удаад  мөн л бусдыгаа молигодчихлоо. Шударга 20-д шургалсан нь ердөө л ашиг хонжоо хайсан хэрэг байснаас Монгол орны хувь заяа, ирээдүйн төлөө эмзэглэсэн хэрэг байсангүй. Одоогийн МОНГОЛ ТӨРИЙН молигууд бүгд л би боллоо бол бусад нь хамаагүй гэсэн хэтэрхий аминчхан хүслээр хоорондоо тун адилхан. Эсвэл яаж их ашиг олох вэ? гэсэн улайрсан байдлаараа ижилхэн. Сураг сонсох нь ээ манай Молиго-Очир  46 сая төгрөгөөр замын тендер аваад л нөхдөөсөө нүүр бууруулжээ. Яасан ч молигдож ханадаггүй сэтгэл вэ? Хэдэн жилийн өмнөөс  Төв аймгийн  Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавиад л байдаг, дуусдаггүй ээ. Нэг хуулаад л дахиж тавиад л замын хажуугаар тэнгэрт тулсан саарал тоос. Энэ дүр зургийг баруун тийшээ баяр наадам, алба ажил, амралт зугаалгаар явсан хүн бүхэн л мэднэ. Яаж молигдуулсанаа л харин мэдэхгүй. Ядахад тэр зам нь гурван хуруу хүрэхтээ үгүйтэй зузаан байсан гэж байгаа. Гэтэл тийм байдалтай зам тавьсан ийм молигодогчид зориг гарган дахиад замын тендер өгсөн хүн нь мэдээж, ноён Ерөнхий сайд Сү.Батболд. Сайд маань улс төрийн муу аргад уль суурьтай суралцаж байгаа нэгэн. Тун саяхан “Шударга 20”-ыг хүлээн авч уулзахдаа баахан будилаан хутгалж, өвөр түрий рүү нь мөнгө, тендер гэх мэтийг чихсэн тухай нөхөд нь ч өгүүлж байна.    Яасан ч баян засаг вэ? Манай Молиго-Очир мэдээж энэ боломжийг хулгана гэтсэн муур шиг хүлээж байсан биз. Шууд л шүүрээд авах нь тэр. Юун Эх орны ирээдүй, ард олны хувь заяа. Би л тендертэй болж байхад. Би л “молигдож “ чадаж байхад. Харин Сү.Батболдын энэ үйлдэл Засгийн газрыг замхаруулахыг завдаж буй 20 гишүүнийг ёстой л хэн нь хэн бэ? гэдгийг шүүж өгч байгаа бололтой.  Зарим нь их мөнгөний сураг дуулаад ацан шалаанд орж, байхад манай Молиго-Очир тэргүүтэй ганц нэг нь өгөөшинд нь аль хэдийнээ орчихсон дуудлаа. Гэхдээ Засгийн газрын тэргүүний энэ ажиллагаа улс төрийн хүрээнийхний ярихаар нууц зөвлөгч ноён С.Баяр ахынх нь төлөвлөгөө мөн л дөө. Нэг үгээр түүнд яаж тоглохыг нь зааж өгсөн ч байж магад. Бодвол эхний ээлжинд зүгээр дагаж салбаганаад байгааг нь мөнгө ба тендер гэдэг шидэт саваагаараа намна гэсэн байлгүй. Харин тэр шидэт саваанд хамгийн түрүүнд өртсөн нь мэдээж манай Монгол төрийн Молиго-Очир.    Тэрбээр анхнаасаа ард түмнээ сонгуулиар молигодохын зэрэгцээ зам гэж там тавьж өгөөд ч сэтгэл нь ханасангүй дахин 46 саяар “там” барих ажилдаа орох нь ойлгомжтой болов. Мөн түүний олон молигын нэгийн тухай хэсэг шуугидаг байв. Нэгэн компаниар өндөр хүчдэл тавих ажил хийлгээд хятадаас баахан төмөр шон оруулж ирсэн нь шаардлага хангахгүй болж таарсан гэнэ лээ. Тэгэхээр гүйцэтгэгч компани нь өөрийн хөрөнгөөр ажлаа дуусгасан чинь мань эр мөнгийг нь өгөхгүй луу унжсан гэж байгаа. Энэ бол захын явдал, замын яриа шүү дээ? Уг нь Молиго-Очир эд нараас арай олигтойхон толгой эх оронч гишүүдтэй нийлсэн бол байдал арай л өөр байсан нь тодорхой. Түүнд боломж лав олдохгүй байсан. Хаана хялбар боломж гарна тэнд манай Молиго-Очир үнэнч шударгын молиго дүр харуулан зогсож байх юм. Тэгээд ч монгол төрийн шударга эрс эднээр дуусч байж ч болох л юм. Яагаав Куперийн бичсэн “Сүүлчийн могикан” гэдэг шиг...

Ардын их баяр наадам хаяанд ирж, хэний хүү шинэ цолонд хүрэх, хэн гээч харваачийн оноо мэргэн байх, аль нутгийн алдарт хүлгүүд торгон жолоогоо өргүүлэх тухай тааавар ид өрнөж байна.

Яг энэ гэгээн цаг дор наадамд ирсэн бөхүүдийн цүнхийг ухаж үзэх юмсан гэсэн зүггүй тэнэг бодол өөрийн эрхгүй орж ирээд болохгүй юм.

Мод тавьж үзээгүй, тэнэмэл хүүхдэд бэлэг гардуулж үзээгүй харамч бөхчүүд бүдүүлгээр хэлбэл яг энэ үеэр л “салтаалсан” мөнгөө гаргаж ирээд улсын байтугай, аймгийн, сумын цолыг худалдаад авчихдаг тухай бөхийн хүрээнийхэн өгүүлдэг юм билээ. Тэр нь тэгээд мань мэтийн шуналыг хөдөлгөмөөр өндөр ханштайг яана. Тухайлбал сумын наадамд түрүүлэхэд морь, 100-200 мянган төгрөг, аймгийн наадамд түрүүлбэл гурван саяас доошгүй, улсын наадамд тав давахад 60 сая төгрөг хүртэл багадаж байна гэнэ лээ.

Угаасаа ч энэ нь үнэн л дээ. Ямар сайндаа л “Намайг начин болгож өгсөн АПУ” компанидаа баярлалаа гэсэн шинэхэн цолтны үг одоог хүртэл “хит” хэвээрээ байх вэ дээ.

Тэгвэл өнөө жил олон түүхт ой тохиож буй учир энгийн жилүүдээс олон цолтон төрөх магадлалтай. Харин хэд нь хөлсөө гартал зууралдаж, хүчээ шавхан барилдаж буй дүр эсгэж ард түмнээ даапаалах бол гэдгийг үнэхээр таашгүй.

Тэгвэл одоо хэнд хэдэн төгрөг байгаа тухай, хэн нь хэндээ бууж өгөх тухай яриа, бас бус зарим хардлага газар авчээ.

Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойгоор начин цолны даваанд бүдэрч байсан олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр өнөө жил санасандаа хүрэхэд хэдийг ч төлөхөд бэлэн байгаа тухай ч өгүүлцгээх юм. Дээрээс нь бас Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир нарын гишүүн ганц аваргаа дэмж гэсэн хатуу даалгаврыг нутгийнхаа бөхчүүдэд өгсөн гэнэ лээ. Үнэн худлыг нь ч яаж мэдэхэв ямар далдыг хардаг биш.

Харин ганц хөдлөшгүй үнэн бол олон жилийн дундаж үзүүлэлтээр өнөө жил шударга наадам болохгүй гэдэг нь тодорхой.

Хамгийн сүүлийн үеийн жишээ л гэхэд өнгөрсөн жилийн наадмаар улсын заан Ч.Бямбадоржийн хүү Б.Заяамандах аавынхаа хоёр шавийг дараалан өвдөг шороодуулаад, дээрээс нь Д.Азжаргал арсланд чамлахааргүй "юм" өгсөн гэдэг юм билээ. Мөн өнгөрсөн сарын сүүлээр завхан аймгийн Баяр наадам болоход тус нутгийн унаган хүү улсын заан М.Баяржавхлан төрсөн ахыгаа түрүүлүүлж, аймгийн арслан цол авч өгч байна гэсэн. Тэгвэл уржигдархан Сүхбаатар аймгийн баяр наадам болж, үүгээр багш нь шавийгаа дэмжиж байна гэж авч, өгөлцөөд бөөн юм болсон юмдаг уу даа янз нь.

Энэ мэт улсын наадмаас эрт болж байгаа аймгийн наадмуудаас хүртэл өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа улсын цолтой залуу бөхчүүд ховордоод байгаа түлшнийхээ мөнгийг, наадмаар гангарах дээлийнхээ өнгөтэй олоод ирж байгаа нь хүртэл сонсогдох л юм.

Тэгээд л иймэрхүү баахан будилааны төгсгөлд харин эрхэм Ерөнхийлөгч “Энэ жилийн наадам нар хур тэгширсэн, шударга, сайхан болж өнгөрлөө” гэнэ.

Энэ үнэндээ наадмын хаалтан дээр хэлдэг хамгийн сайхан үг нь. Гэтэл бөхчүүд суудал дээрээ яаж тогтож ядан бүлтэлзэж, хэдэн халтар төгрөгөө хэнд найдаж өгөх вэ гэсэн бодол барилдаанаа төлөвлөх, мэхээ бодохоос илүүтэй эзэмддэг гэлцдэг. Аргагүй шүү дээ. Цолны найраа гэдэг нь уламжлалт ёс жаяг шиг болоод цөөнгүй жил хөгжин цэцэглээд олон түүхт ойтой золгож байгаа нь үнэн юм чинь. Бөхчүүд нь ч үүнийгээ аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн байдаг юм билээ.

Нэг иймэрхүү нууцлалын өндөр зэрэглэлтэй сайхан “шударга” наадам болох учир тэд ч цүнхэндээ бэлэн мөнгө аваад явна ч гэж юу байхав. Харин хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлээд “АМАР” үйлчилгээг сонгодог болчихсон биз. Эсвэл утасныхаа ганц товчлуурыг дараад л тооцоо дуусаа...

Гэхдээ юмыг яаж мэдэхэв байрны эзэмшлийн бичиг, орчин үеийн шинэ загварын машины түлхүүр энэ тэр цүнхэнд нь байж магадгүй л юм гэж бодсон учраас ийм тэнэг бодол орж ирээд байгаа юм.

“Нарантуул-3” болсон наадмын торгон дэвжээнээ өнөө жил мөн их аварга Д.Дагвадорж барилдах тухай цуу гараад байгаа. Үнэндээ тэрбээр залуу бөх, бөх тайлбарлагчид өхөөрдвөл хүүхдийн барилдаанд түрүүлж байсныг нь бодолцоод Хөдөлмөрийн баатар, “Улсын шонхор” хэмээн дуудуулан гарч ирэх учраас ичих булчирхай гэж байдаг бол ийм алхам хийж тэнэгтэхгүй байлгүй л гэж найдах юм. Хэрэв барилдвал их аварга ч харин нүнжигтэй “хөрөнгө оруулалт” хийж таарах байх даа.

Тэгэхээр “Нарантуул-3”-аас дараагийн Далайцэрэн хэзээ төрж, “Би худлаа барилдаж чадахгүй ээ” гээд дээгүүр хараад зогсч байх бол гэж бодохоор ямар ч ирээдүй харагдахгүй улам хүн айлгаад байх юм.

Харин чатын эмээ гэдэг шиг “Намайг начин болгож өгвөл тэд, эдэн саяыг өгнө” гэсэн зар үнэ хаялцаад урсч байх вий дээ. Гончигсүм гэж.

Н.Энхбаяр гуай эрүүл байна уу

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн tsuurai

МАХН бага чуулганаа маргааш хийж, намын дүрэм, зохион байгуулалт зэргийг хэлэлцэх юм байна. Энэ мөчид тус намын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр нар албан тушаалаасаа татгалзаж буйгаа илэрхийллээ. Тэд цэвэр улстөрийг хүссэн ч намын удирдлагууд санаагаар нь болоогүйд ийм шийдвэр гаргажээ. Товчхондоо МАХН бол Н.Энхбаярыг хамгаалах хэрэгсэл гэдгийг шууд бусаар илэрхийлж байгаа юм. Харин намын дарга маргаашийн хурлаар нарийн бичгийн дарга нараа намаасаа гаргах шийдвэрийг ёсоор болгох сураг дуулдсан. Тийм болохоор л нарийн бичгийн дарга нар үүнээс нь амжиж цэвэр улс төрийг чухалчилсандаа бус, нэр алдраа цэвэрхэн авч үлдэх гэж ийнхүү мэдээлэл тараасан ч байж болох магадлалтай. Хэрэв тиймгүйсэн бол шударга улс төрийг эрхэмлэгчид албан тушаалаасаа татгалзаад тогтох бус бохир намынхаа гишүүнчлэлээс тойрохоо зураад гарах ёстой байсан юм л даа, миний санахаар. Гэтэл тэд ийм алхам хийсэнгүй. Харин ч жирийн гишүүн байж, өөрсдийнх нь оролцоогүйгээр явуулсан ажлыг нь хөндөлгөөс харж, элгээн хөштөл инээх юм гэнэ лээ. Естой инээдтэй юм.

Ямартай ч МАХН нэрээ өмчилж аваад түр ч болов амс хийсэнгүй. Ийнхүү шинэ гэсэн бүртгэлтэй хуучин нэртэй нам доторх албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэлд ажиглагчид харин МАН-ын явуулга гэсэн дүгнэлт өгөөд байгаа. Үүнийг МАХН-ынхан ч баяртайгаар толгой дохин хүлээж авсан төдийгүй “С.Молор-Эрдэнэд мөнгө, алыан тушаал амласан байхаас гарцаагүй” гэсэн бодлыг хүчээр ч болов итгүүлэх хүсэлтэй байгаа л даа.

Угтаа Н.Энхбаяр МАНАН-гийн Засгийн газрыг хөдөлгөөнд оруулж, ард түмний улстөрийг үзэх үзэл дээр нь тоглон байж, хойдохыг унших гэсэн санаагаа хэнээс ч нуугаагүй. Тийм болохоор энэ хүсэлдээ хүрэхийн тулд хэнийг ч , юуг ч золигт гаргахаас сийхгүй байгаа гэдгийг харин нарийн бичгийн даргын албан тушаалтай нарийнхан бодолтой нөхөд одоо ухаарч байгаад л хамгийн ихээр гайхал төрөх юм. Тэгээд ч 76 нэрээс Ц.Шинэбаярыг сугалж үлдээгээд бусдыг нь луувирчинд өргөмжилж, гуравны нэгийг нь олигархи хэмээн гүтгэн байж туг дарцаг намируулсан удаатай. Үүнд эгдүүцэхдээ Э.Бат-Үүл гишүүн хүртэл “Би нэгдүгээрт орох ёстой байсан юм” гэсэн нийтлэл бичин бухимдаж байх вэ дээ.

Гэтэл Н.Энхбаяр Э.Бат-Үүл, бас бус хүмүүсийг бухимдуулж байсан сарын өмнөх үзэл санаанаасаа өнөөдөр ухарч, МАХН-ын нэрээр УИХ-д гарч ирсэн хэн бүхэнд манай намын хаалга open хэмээн дэмийрч байдгийг юу ч гэмээр юм. Нэгхэн сарын өмнө хулгайч, луувирчнаар нь дуудаж, бүдүүлгээр хэлбэл МАНАН-д хамааралтай хүн бүрийн өөдөөс салаач өгч байсан Монгол төрийн тэргүүн асан УИХ-ын гишүүдээ манайд ирээч ээ гэсэн утгатай зүйлийг яриад зогс байгаа нь лав яав ч “эрүүл” ухаан биш.

Гэхдээ л тэрбээр шийдвэрлэх тулаанаас өмнө нэгэн цагт Ц.Шинэбаярыг нь өмгөөлж, ил захидал зэргийг хаяглаж явсан Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир дээрээс нь Д.Арвиныг намдаа урвуулах хүсэлтэй байгаа нь тодорхой. Тэгэхээр харин монгол төрийн луувирчин дор хаяж таваар цөөрнө гэсэн үг юмдаг уу даа.


Монгол оронд циркийн урлаг үүсч, хөгжөөд 70 жил болжээ. Энэ түүхэн ойд зориулсан шилдэг тоглолт энэ сарын 9-нөөс “АСА” циркд эхлэх юм. Ингээд тус ойг тохиолдуулан “Циркус монголиа Хадгаа” компанийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэндэвтэй ярилцлаа.

-Хол явсан хүнээс үг сонс гэдэг. Гадаадад урт хугацаагаар яваад ирсэн гэж дуулсан юм байна?

-Манай улсын гурван цирк 21 хүний бүрэлдэхүүнтэй хойд хөршид найман сарын хугацаатай аялан тоглолт хийгээд ирлээ. Бид өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр хилийн дээс алхсан. Хот бүхэн нь цирктэй энэ том улсын 10 орчим хотоор тоглолт хийсэн байна. Хамгийн сүүлд Екатеринбург хотод тоглосон юм. Харин энэ үеэр надад санаанд оромгүй зүйл тохиолдсон. Орос ардын жүжигчний 15 жилийн ойн музыкл тоглолтод оролцох боломж олдож, улмаар маш амжилттай тоглосон.

-Манай циркчдэд хамтарч тоглох санал тавьсан юм уу?

-Үгүй ээ. Екатеринбург хотод биднийг тоглож байхад, үзэж суусан юм билээ. Би энэ тоглолтод соло жонглёрынхоо үзүүлбэрийг сонирхуулсан юм. Тэгээд л босч ирээд намайг заагаад “Би энэ залууг тоглолтдоо оролцуулмаар байна” гэж хэлсэн гэсэн. Тоглолтын дараа надтай уулзаад өөрийнхөө том тоглолтод оролцооч гэсэн саналыг хэлэхэд би тэр дор нь хүлээж авсан. Түүний тоглолтыг ОХУ-ын маш олон хотоос нэр алдартай хүмүүс ирж үздэг юм билээ. Тэгээд ч ийм том хүнтэй хамтарч тоглоно гэдэг уран бүтээлч бүрт тохиолдоод байхааргүй зүйл шүү дээ. Надад очиж бэлтгэл хийх цаг зав байхгүй, тоглолт нь болоход хоёрхон хоног дутуу байдаг. Энэ хугацаанд завтай үедээ хөгжмийг нь сонсоод шууд тайзан дээр гарсан. Болж байна уу, үгүй юу гэдгийг өмнө нь ганц удаа ч болов үзье гэх ямар ч боломж байгаагүй учраас дотроо жаахан эмээж байсан шүү. Тэгээд л 47 хүний бүрэлдэхүүнтэй оркестртой шууд гараад тоглосон. Өмнө нь амьд хөгжимтэй тоглож байгаагүй юм л даа. Тоглолт дууссаны дараа хүмүүс баяр хүргээд л их сайхан байсан. Хүмүүс мартагдахааргүй тоглолт гэж ярьдаг шүү дээ. Харин миний хувьд одоогоор үүнийг л нэрлэхээр байна даа.

-Хойд хөршийнхөн та бүхний тоглолтыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Оросын ард түмэн бидний тоглолтыг гайхалтай хүлээн авсан. Ер нь тэгээд монгол цирк гэхээр морьтойгоор төсөөлдөг юм байна л даа. Бид морь авч яваагүй ч гэсэн банз, дээс гэх мэт дэлхийд гайхагдсан монгол үзүүлбэрүүдээ үндэснийхээ хувцастай үзүүлсэн. Ер нь бүх үзүүлбэр маань үндэснийхээ хэв шинжийг агуулсан, хөөмэй, морин хуур, хархираа зэрэг соёлын өв болсон ая хөгжим дээр үзүүлсэн нь оросуудад ихэд таалагдсан нь илэрхий байсан. Бүр нэг бүсгүй ирээд энэ аяыг чинь хаанаас олж болох вэ, та бүхнийг зөвшөөрвөл авч болох уу гэж асуусан. Тэгэхээр нь “Хөсөгтөн” хамтлагийн интернет хаягийг бичиж өгөөд явуулсан. Түүнээс гадна би хойд хөршид “борлогдчихоо” дөхсөн юм байна.

-Манай иргэн болооч гэсэн санал ирсэн юм уу?

-Үгүй ээ, үгүй. Хаа газар тоглолтоор явахад хөгжилтэй зүйл их тохиолддог л доо. Манай тоглолтыг үзэж байсан нэг жаахан охин эмээгээ дагуулаад тайзны араар орж ирээд намайг сурагласан гэсэн. Би тэр үед нь хувцасаа солиод гараад явчихсан байж таарсан юм л даа. Тэгсэн нөгөө охин “Би тэр ахыг ээждээ авч өгмөөр байна. Би тийм аавтай больё л доо” гэж эмээдээ хэлсэн гээд манайхан бөөн инээд сууж байсан. Тэгээд л намайг цаашлуулаад эхнэртэй, охинтой, эмээтэй бүгдийг нь яаж чам шиг ийм амархан олж авах вэ гэцгээж наргиж байсан юм.

-Циркийн урлагийн 70 жилийн ой тохиож байгаа. Хэр бэлтгэж байна вэ?

-Бид хойд хөршөөс буугаад л аян замын тоосоо гөвж амжилгүй бэлтгэлдээ орсон. Циркийн үе, үеийн алдартан цуглах энэ том ойд мэдээж уран бүтээлч бүхэн ач холбогдол өгч байгаа. Манай цирк гала тоглолтод гурван үзүүлбэрээр оролцохоор бэлтгэж байна. Мөн миний соло жонглёрын үзүүлбэр багтаж байгаа. Үүнээс гадна манай захирал соёлын тэргүүний ажилтан Ч.Хатанбаатар ах шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барих байх. Тун саяхан гавъяат Сараа эгчтэй хамтарч нэг сайхан дуу хийсэн байна лээ. Ер нь гала тоглолтоороо уран бүтээлчид цирк гэж юу байдаг юм бэ гэсэн асуултад л хариулт өгөхөөр бэлтгэж байгаа гэж ойлгож болно.

-Танай цирк хэр өргөн бүрэлдэхүүнтэй вэ?

-Манай “Циркус монголиа Хадгаа” циркт мэргэжлийн 60 гаруй уран бүтээлч байдаг юм. Улаан, ногоон, цагаан гэх мэт төрөл үзүүлбэрээсээ шалтгаалаад хэд хэдэн уран бүтээлийн баг маань эх орныхоо нэрийг гадаадад таниулах үйлсэд тун амжилттай явж байгаа гэж би хувьдаа боддог юм. Энэ удаагийн ойн тоглолтод уран бүтээлийн “Улаан” баг маань оролцох юм. Бусад баг маань гадаадад аялан тоглолттой байгаа. Ирэх наймдугаар сард л манай цирк халуун ам бүлээрээ цуглана даа. Ер нь тэгээд монголын цирк гэдэг үеэс үед л эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасаар ирсэн. Одоо ч залуу үеийнхэн дэлхийн том том наадмуудаас тэргүүн, дэд шагналуудыг авсаар л байгаа нь энэ салбарын хөгжлийг илтгэх байх л даа. Харин энэ агуу түүхтэй урлагийг сурч дуусна, сурч ханана гэж байдаггүй юм байна гэдгийг л сайн ойлгосон.

-Улаан, ногоон гэж өнгөөр ялгадаг нь ямар утгатай юм бэ?

-Тус бүрийн голлох өнгө маань юм л даа. Мөн учир нь олдохгүй олон гадаад нэр өгч байхын оронд өнгөөр ялгасан нь дээр гэсэн давхар санааг агуулсан. Тэгээд ч өнгө гэдэг аль ч улсын хэл дээр орчуулагдах учраас ойлгоход маш хялбар шүү дээ. Гадаадад явахад хүртэл яагаад улаан, цагаан гэсэн юм бэ гэж хүмүүс их асуудаг юм.

-Эх орондоо тоглолт хийх төлөвлөгөө ойрын хугацаанд байгаа юу?

-Байлгүй яах вэ. Энэ бол манай циркийн өмнөө тавиад байгаа нэгэн төлөвлөгөө юм. Халуун ам бүлээрээ нэгдэж байгаад нэг сайхан тоглолтыг эх орондоо хийх юмсан гэсэн хүсэл ч их байдаг. Харин сарын сайныг, өдрийн сайнтай сонгон байж гэдэг шиг зав зайгаа зохицуулж байж товлох байх даа.

-Өөрөө хэдэн бөмбөг шидэж байна вэ?

-Би одоогоор есөн бөмбөг шидэж байгаа. Цаашдаа 11 бөмбөг шиднэ гэсэн зорилготой байна. Цээжинд багтаад байгаа юм чинь чадах байх гэсэн итгэлтэй байгаа.

-Монголд хамгийн дээд тал нь хэдэн бөмбөг шидэж байсан юм бэ?

-Миний мэдэхээр долоо байгаа.

-Тэгвэл дэлхийд...?

-12 байдаг юм билээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Ингээд Циркус монголиа Хадгаа” циркийнхээ уран бүтээлчдийнхээ нэрийн өмнөөс болоод хувийнхаа зүгээс монголын үе, үеийн циркчиддээ 70 жилийн ойн баярын мэндийг хүргье.

Бидний дайсан бол “76”

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн tsuurai

Таван хүний халуун амийг тэнгэрт өргөн байж, хүчирхийлэлийг уриагаа болгосон Засгийн газар, УИХ өдгөө гурван ой хүрчихэж. Цөөн үгээр хэлбэл хүйтэн бууны зэвтэй сумаар иргэдээ галдсан эмгэнэлт зун гурвантаа айлчилж байна. Энэ хооронд нүүдлийн шувууд хэд ирж, хэдэнтэй буцсан юм дээ?

Өнчин дэр хэдэн удаа норж, хэдэн удаа хатсаныг бол бүр таамаглах ч юм биш. Тэгвэл юун түрүүнд нэгэн түүх уншиж байснаа товч өгүүлье.

...100 нас хүрэхэд 10 жил дутуу байгаа нам гээч гэмт хэргийн бүлэглэл эрт цагт элсэхэд, бас эрт ч биш юм л даа. Нэгэн зууныг туулаагүй байгаа юм чинь эртдээд юу шалах вэ дээ. Гэхдээ саяхан биш.

“Чиний аав, ээж, лам багш, ах дүү, амраг садан, хань ижил хэн боловч хувьсгалийн үйл хэрэгт гаж буруу үйл хийвээс яах вэ?” хэмээн асуугаад Хайр найргүй тэмцэж устгана” гэсэн хариултыг авч байж, намдаа элсүүлдэг байсан гэнэ лээ.

Одоо ч энэ үзэл нь хэвээрээ байж магадгүй. Ямар сайндаа л шударга нийгэм ярьдаг нөхөд нь ард түмнээ хайр найргүй тэмцэж устгасаар байгаад төрийн толгойд гарцгаах вэ дээ. Тэгээд адаг сүүлдээ “хамтарсан” гэдэг нэрийн ард “Цусан сонгуулийн” ул мөрөө хамжиж нуусаар өдийг хүрлээ. Мэдээж хэрэг явдал л юм хойно холбогдох эзэн биетэй л байж таараа. Холбогдох эзэн биеийг нь ч чухал царайтууд нэг бүрчилэн мэдэж байхаас гарцаагүй. Даанч бие биесээ татаж унагаад, бөөн бөөнөөр торны цаана суугаад сүйд болно хэмээн эмээж байгаа биз.

Гэхдээ тэд ичсэн нүүрэндээ маргааш нэг “юм” зул өргөж, буян хийж байгаа дүр үзүүлэх байлгүй дээ гэж санах юм. Ингэхгүй байж ч чадах улс л даа. Амьдыг нь үхдэл болгож байгаад санасандаа хүрдэг юм чинь буудсан хүндээ буян хийхгүй байлаа гэхэд харамсаад байх ч зүйл үнэндээ байхгүй.

Гэтэл одоо хүртэл Хар мягмар гарагтай холбоотой материалуудыг цагтаа, тагнуулын байгууллага нь шалгасаар л байгаа гэнэ лээ. Энэ хооронд шударга Ерөнхийлөгчөөсөө ард түмэн нь таван хүнийхээ халуун амийг, эрүүл саруул хүү төрүүлээд хөгжлийн бэрхшээлтэй болгочихсон гэр бүлүүд нөхөн төлбөр зэргийг царайчилж удлаа. Төрийн тэргүүн байсан хүнээсээ эхлээд тэр, энэ буруутай хэмээн таамаглал, баримт хоёрын аль нь ч биш зүйлийг дэвшүүлж хүртэл үзлээ, нэмэр алга. Хэзээ цагаад, тагнуулын шалгалт дуусч, холбогдох эзнийг нь харж, жигшин зэвүүцэхийг үл мэднэ. Харин муу эр дайнд хөөрдгийн үлгэрээр иргэний хөдөлгөөнүүд л мөнхөд нэхэх зүйлтэй, жагсах шалтагтай болж хоцорч байна. Зарим нь бүр нотлогоо байгаа тухайгаа дуулгаж, оронд нь нэр алдар авах хүсэлтэйгээ шууд бусаар илэрхийлсэн ч удаа бий. Тийм хүн яаж ард түмэндээ хайртай, эх орнынхоо төлөө тэмцдэг иргэн байж таарах билээ дээ.

Ямартай ч “Цусан сонгууль” хийж төрийн эрхэнд гарчихаад байгаа бидний “дайсан” 76 бүдүүлгээр хэлбэл жинхэнэ ширэн шүүрлэж байгаа тухай дурсах гэхээр сүүлдээ дургүй хүрдэг болчихож.

Бүр нам жим байхаар нь гэмт хэргийн бүлэглэлийн балгаас болж хохирсон иргэд “Монгол хүний эрхийг хамгаалах, хохирогчдын нэгдсэн холбоо"-г байгуулсан боловч талийгаач Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр гэгч эрийг газрын маргаанаар далимдуулан “Аав”-ынд хийгээд хаалгыг нь цоожлоод авлаа. Энэ энгийн биш үзэгдэл ч байж мэдэх юм. Уг нь тэрбээр гурван жил орчим үнэн мөнийг олох эрэлд ханцуй шамлан улайраад байсан юм билээ.

Мөн “Долдугаар сарны нэгний хохирогдын ар гэрийн холбоо” зэргийг байгуулаад ч тэдэнд ямар ч нэмэр болсонгүй.

Гэмт хэргийн бүлэглэлийн санаачилсан мартаж боломгүй “Цусан сонгууль” зөвхөн таван хүний халуун амийг аваад зогсоогүй олон иргэнийг, олон гэр бүлийг хохироож үлдээсэн юм. Цагдаа, цэрэг, иргэн, хүүхэд гэлтгүй өвчин зовлонд нэрвэгдсэн амьд “үхдэлүүд” хаа сайгүй бий. Гэтэл гэмт хэргийн бүлэглэлүүд ийм байдалд хүргэсэн гэм буруутныг нь тогтоох нь байтугай нийгмийнх нь асуудлыг хүртэл шийдэж чадаагүй өдийг хүрлээ. Бараанаар дүрсэлбэл дахиад ч Монгол төрийн төлөө монголчуудаа намнах өдөр ирэхийг үгүйсгэхгүй. Харин хойтон жилийн сонгуулиар дахин цус урсгаад ардаас нь битгий ус цацаасай гэж залбирахаас өөр гарц үлдээгүй ч байж мэдэх.

Ахмадуудын “амыг барих” төлөвлөгөө

2011 оны 06-р сарын 15 Нийтэлсэн tsuurai
  Хаа сайгүй хэрүүл тэмцэл, уур бухимдал. Завтай нэг нь бослого жагсаал, хурал цуглаан, бүлэг, фракц бүр морь, мал, тэмээ ямаа... гээд явж өгнө дөө. Шийдвэрлэх “тулааны” өмнөх жил нэг иймэрхүү хар бараан өнгө төрхтэй. Дээрээс нь газрын тосны хомсдлыг бууруулах тухай яриа болоод уул уурхай ухаж төхнөж байгаа нөхдийн гар хөлийг цэцэн бууны зэвтэй сумаар “сажлуулах”-аар болж байгаа юм гэнэ. Маш товчхондоо “Шууд буудна” л гэцгээгээд явсан. Хэдэн иргэнийг үе мөчнөөс нь салгаж, эсвэл хэдэн бизнесментэй уулзаж өврөө түнтийлгэж яваа тухай одоогоор мэдээлэл алга л байна. Одоо ч юухан байх вэ. Мод бултайтал гөлгөлчихсөн, хөлдөж, гэсэх усгүй болсон Туул, Сэлбэ тэргүүтний шалбааг намаг нь ханхийсэн тийм л нэгэн нарлаг өдөр шийдвэрлэх “тулаан” эхэлнэ. Харин цустай тулаан уу, устай тулаан уу гэдгийг урдчилан хэлэх ямар ч боломжгүй. Гагцхүү улстөрийн намууд луувир хийх нь бол угаас тодорхой зүйл л дээ. Үүндээ ч ямар шаргуу бэлтгэж, хэрхэн ил далдуур уулзалт цуглаан зохион байгуулж, уриа лоозон хэвлүүлж суугаа тухай бичих нь байтугай бодох ч юм биш. Гэхдээ тэд өмнөх жилүүдээс улам туршлагажиж, нарийн арга хэлбэрт шилжих нь ойлгомжтой болохыг нэг бус удаа “зөгнөж” байсан даа. Ямар сайндаа л хороон дарга нараар хайр гамгүй хор цутгуулахаар аль эрт тооцоолсон байх билээ дээ. Энэ санаа бас л “МАН”-аас гарсан. Яагаад бас л гэж байгаа нь тийм ч нууцлаг учиртай зүйл биш л дээ. Зүгээр л тэд муу зүйл нэвтрүүлэхдээ гаршсан учраас л өөрийн мэдэлгүй “бас” гээд төвөгшөөсөн аястай үг унагачихлаа. Ардчилсан нам ч гэсэн тун гараа сайтай төдийгүй, богино хугацаанд асар туршлага хуримтлуулж буйг ч дурьдах нь зүйтэй байх. Угаасаа үнэ юм чинь яах вэ дээ. Тэгээд ч МАН АН хоёуланг нь зэрэг шүүмжилж, эсвэл зэрэг магтахгүй бол худалдагдаж нэг талыг барилаа, мөнгө төгрөг авлаа энэ тэр гээд хэнд ч хэрэггүй иргэний хөдөлгөөнүүдээс эхлээд ядаргаа болдог юм. Гэхдээ би ингэж хэлүүлэхээсээ айгаад АН-ыг гүжирдсэн “юм” огт биш гэдгийг эрх биш ойлгох байлгүй. Ойлгохгүй байсан ч гэсэн гүжир шүүмжээрээ бага л дайраасай даа гэж бодох юм. Тэгээд ч ийм төрлийн анхдагчийнхаа хувьд МАН арвин баялаг, намтар түүх элбэгтэй болохоор л одоо 55-аас дээш насныхан руу довтолгоо хийж, юун түрүүнд сая сая төгрөг “Хүний хөгжил” сангаас нь өгөх тухай ярилцжээ. Энэ тухайгаа “мундагууд” намын бүлгийнхээ хурлаар ярьсан гэж байгаа. Дэмжигдэх эсэхийг нь хэрхэн мэдлээ. Магадгүй тэнгэр, эсвэл мэргэн түргэн хүмүүс нь мэдэх хэрэг биз. Харин 55-аас дээш насныханд чиглүүлсэн “дотлогооны” нэр агуулга нь их гоё, залууст ухаарал хайрламаар юм билээ. Ердөө л “Ахмадуудаа дэмжье”, тэднийхээ төлөө бид санаачилж, сэтгэл зовинохгүй бол горьгүй нь гэсэн өнгө аястай... Үнэндээ тэд энэ мэтээр сонгуульд яавал илүү санал авах вэ, яаж зөрүүдлэн байж сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар батлах вэ гэсэн бодолтой л байгаа. Улаан, цэнхэр ялгаагүй будилаан л сэдэж суугаа. Тэгээд ч ахмадууд сонгуулийн ирцийн хэдэн хувийг бүрдүүлдэг билээ дээ. Бараг л 70-80 хувь нь гэхэд худал хэлсэн болохгүй байлгүй. Тэгэхээр тэднийг аргандаа оруулах төлөвлөгөө нь үнэн юм гэж үгүй болсон цагт “нүдээ олсон” хэрэг ч байж магадгүй л дээ. Угаасаа ч ингэж /сурсан зангаараа/ тулаанд орохгүй бол ялагдал хүлээх ирээдүй хоног хоногоор дөтөлж буйг балай биш юм болохоор ойлгосон байж таараа л даа. Тийм болохоор л учиргүй сандралдаж л дээ зайлуул. Харин ахмадуудын “амыг барих”, башир аргаа биелүүлэх гэж хойшид яаж улайран юу, юу гэж бурах бол гэхээс л үнэндээ айдас хүрэх юм.

Тээр жил, Ц.Элбэгдорж гуай лав Ерөнхий сайд байсан юмдаг. Тэр үед холивудын алдарт жүжигчин Жулиа Робертсыг одоогийн Ерөнхийлөгч нисдэг тэргээр угтан хүндэтгэл үзүүлж, улсын сайн малчин Б.Хэнмэдэх гуайнд хүргэж өгч намба алдаж байсан билээ. Уг нь, тусгаар улсын Ерөнхий сайд кино жүжигчин харах гэж, хамт нисдэг тэргэнд суух гэж ингэж авирлах нь яаж л зохимжтой байв гэж. Ямар Солонгос кино үзээд Ким Инхад дурласан 10 жилийн охин түүнтэйгээ дэргэдээс нь харах гэж яарч байгаа биш дээ.

Тэгвэл энэ удаад тэрбээр өөрийн орны поп дуучин Д.Болдод төрийн ордондоо тоглолт хийх эрх олгоод зогсохгүй, өөрөө хүндэтгэлийн суудалд суугаад маасайж асан цэнгэв. Тус тоглолтыг хөрөнгөтнүүдийн хүүхдүүд л үзжээ. Мэдээж, төрийн ордоны Их танхимд тоглолт үзэх хувь тохиосон зочид ганган дэгжин хувцаслах нь дамжиггүй. Тийм болохоор ч баячуудын хүүхдүүд энгэр цээжээ ил гаргаж, гуя хасаа гялалцуулан байж, сүлд модны чимэглэл шиг хувцастай ирцгээжээ.

Ёсоороо бол төрийн ордоны их танхимд хөх дэлэнгийнхээ хоёрны нэгийг гаргасан хувцас өмсөх нь бүү бэл ямар ч брендийн женсээр гангараад ирэхэд ордоны босгыг давж чадалгүй буцдаг байлаа. Тэр үед ч цаг сайхан байжээ.

Харин монгол орныг сонгуулийн уур амьсгал бүрхсэн энэ үед байдал өөр болж. Төрийн тэргүүний хэлдгээр жинхэнэ “ардчилагдаж” дээ. Ямар сайндаа л дуучин л болохоос хэн ч биш нэгэн залуу охид цуглуулж хөгжим тавиад зад “шоудаж” байх вэ дээ. Одоогоос эхлээд маш хүчтэй хөгжмийн ийм “изм”-ээр бөмбөгдүүлсэн төрийн ордон цаашид ч цөөнгүй уран бүтээлчийг хүлээж авах нь тодорхой биз. Тэгээд ч ганцхан дуучин Д.Болдод “тийз” олгоод хөшгөө хаавал ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан орон биш болж хувирах нь лавтай. Яг л нөгөө ад үзээд байдаг коммунистууд шигээ ийм дээрэнгүй, тийм захирангуй байхгүй гэдгээ ч Ерөнхийлөгч маань амалсан удаатай. Тэгэхээр дараа дараагийн уран бүтээлчид дунд уртын, ардын дуучин, морь мал гээд монголтой холбоотой уран бүтээл хийдэг бүхнээс эхлээд нийтийн дуу, хип поп гээд есөн бусын “юм” багтах байх л даа. Тэр цагт дуучин Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Жий” гэгч эр цомгийнхоо баярыг хийж “пиздаа”-гаа уншаад, охидын цөөхөн хамтлаг нь хачин хачин амьсгал авч, нүцгэн шахуу дуулж гүйлдээд, бага танхимд нь олны танил болох гэж өөрсдийгөө өдөр шөнөгүй зовоодог “хуулбарууд” маш их цаг зарцуулан байж дуулсан мэт дүр эсгэн алтан үеийнхийн уран бүтээлүүдийг техникийн тусламжтай дуулж үзүүлээд “бут авах” тийм л ирээдүй айсуй. Мөн их, бага гээд олон танхимтай юм чинь нас насны ангилалтай миссийн тэмцээн шалгаруулж, гишүүдийн эдэлж хэрэглэж байгаад хаях дөхсөн эд зүйлийг нь Төрийнхөө ордонд дуулдагаар худалдаж ард түмнээ даапалсан ч гэмгүй. Нэг үгээр хэлбэл төрийн ёслол хүндэтгэлийн ордон гэдэг хэдэн цомогтой дуучны хоолой мэдэн орилж, хөгжим тагчигнуулдаг, тэтгэвэрийн хөгшчүүд нь уурлахаараа бүгж зогсоод чулуу модоор нүүлгэдэг, иргэний хөдөлгөөнүүд нь морьтой бүслээд сум мэсээр сийчдэг шавар амбаар л болж. Тэгэхээр монголын төр төрийнхөө ордонтой, улстөрчидтэйгээ бүгдээрээ “буцартаж” гүйцсэн гэсэн үг л дээ. Ээ Гончигсүм гэж...

Харин ийм үе ирэхэд манай ардчилсан Ерөнхийлөгч хоолойгоо засан зангиагаа сутгаад “Эрхэм нөхдөө, миний монголын ард түмээн... урд цагт /намайг гарч ирээгүй байхад гэсэн санааг далдуур цухалзуулаад/ бид төрийнхөө ордонд дуулж, хуурдах нь бүү хэл эгцэлж харах ч эрхгүй байлаа. Харин одоо АРДЧИЛАЛ...” гэх мэтээр сурсан зангаараа уран донгодож тоглолтуудынхаа нээлтийг хийх байлгүй.

Үнэндээ дуучин Д.Болд ч гэсэн этгээт гаж нөхдийн л нэг шүү дээ. Түүнийг Их танхимдаа тоглуулж байна гэдэг Монголын төр өөрийгөө ямар арчаагүй байгаагаа харуулж байгаа хэрэг. Нөгөөтээгүүр сонгууль дөхсөн энэ үед улстөрчид алингаа алдаж буйгийн илрэл юм. Үүнээс цаашлаад олон хүнд таалагдах гэж энэ мэтээр өөрсдийгөө зовоож, “балайтаж” өгөх байлгүй.

Харин би бол Д.Болдыг төрийн ордонд байтугай гэртээ ч дуулуулахгүй байсан юм. Ядахад миний жинхэнэ монгол төрөл саданд маань түүний дууг бүтнээр нь дагаад дуулчихаж мэдэхгүй. Гэтэл яаж Ерөнхийлөгч түүнийг таашаагаад төрийнхөө ордонд хагас нүцгэн бүсгүйчүүдийн дунд суугаад даган дуулж чадсан юм бол оо.


АТГ-ын даргаар Н.Энхбаярыг томилохсон

2011 оны 06-р сарын 02 Нийтэлсэн tsuurai

Албан тушаалтайгаа хоригдоод байсан АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн албан тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь ардчилсан намынхан үзсэн. Цаашдаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж албан тушаалыг нь түдгэлзүүлж, дараагийн даргыг томилох тухай авч хэлэлцэхээр болоод байгаа. Энэ үеэр Ч.Сангарагчаа дарга “аав”-ынхаас ажлаа явуулж, өдөрт 10-аас доошгүй албан тушаалтан ирж уулздаг тухай ч манай зарим хэвлэл цуурах юм. Мэдээж, хууль л юм хойно гэмтнийг нь цээрлүүлж, итгэлтэй нэгнийг нь энэ суудалд тавих байлгүй. Харин энэ байгууллагыг хэн удирдах бол гэдэг одоо хүртэл маш тодорхойгүй байна.

Миний мэдэж байгаагаар лав энэ залуухан байгууллага жинхэнэ тамын тогооны үлгэр болж гүйцээд байгаа юм. Шуудхан хэлэхэд энэ суудалд суусан эрхэм бурхны орон, “аав”-ынх хоёрыг заавал дамждаг жишиг тогтлоо. Бүр товчхондоо “Муур багш”-ийнх л гэсэн үг.

Анхны дарга Б.Сангаасүрэн энэ байгууллагыг толгойлоод жил ч хүрээгүй байхдаа Австралид амь насаа алдсан удаатай. Түүний энэ золгүй байдалд одоо хүртэл ар гэрийнхэн нь эргэлздэг төдийгүй, гэнэтийн халдлага байсан гэдэгт итгэдэг. Түүнийг анх энэ албанд очиход хашир туршлагатай хуульч нийгэмд бугшсан энэ эмх замбараагүй авлигыг үгүй хийх нь хэмээн санаж явахад ямар хэсэг нь дагжин чичирч, үзэн ядаж байсан бол гэдэг нь тодорхой юм. Мэдээж тэд нь “Загалмайлсан эцэг”-ээсээ эхлээд өнөө цагийн цаддаггүй ходоодтонгууд болох төрийн түшээд байж таараа. Тэгвэл дараагийн дарга буюу өнөө цагийн дуулианы эзэн Ч.Сангарагчааг ямар байдалтай байгааг шүүх нь хүртэл нотлоод өгсөн хойно нэмэлт тайлбар хийх гэж үйлээ үзэх ямар ч шаардлагагүй байлгүй.

Тэгэхээр одоо харин АТГ-ын даргаар Н.Энхбаярыг томилъё гэсэн мэргэн биш санал лав надад байна. Учир нь “Муур багш”-ийнд зочилж, улмаар өрхийн тэргүүн болно гэдэг мухар сүсэгт даяар автсан манай улсад огт бүтэшгүй зүйл байхаас гарцаагүй. Тэгээд ч эх нь булингартай юм чинь адаг нь тунгалаг байна хэмээн мөрөөдөхийн ч хэрэггүй болохыг бусад нь ойлгож байж ч мэднэ. Магадгүй монголоор дүүрэн улстөрчтэй болчихсон өнөө цагт энэ суудалд суувал тун удахгүй өөр ертөнц рүү үүрдийн томилолтоор явж ч мэднэ.
Харин Н.Энхбаяр бол өөр байж магадгүй гэж санаад байгаа юм. Ядахад л энэ байгуулагыг толгойлох юм бол “юм” бүхний анхдагч болох нь дамжиггүй. Мөн тэрбээр улсад хийх зүйлээ ч хийж, суудал бүрийг сэлгэхийн зэрэгцээ балаг тарьж, бантан хутгаж ханасан эр. Туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг төрийн тэргүүний тамгаас эхлээд төрийн бус байгууллагатай болтлоо тэмцэж яваа яс сайтай ч хүн юм. Тэгээд ч П.Очирбатын, Н.Багабандийн хийж чадаагүй, хэзээ ч айгаад ил гарч зүрхлэхгүй тийм зүйлийг хийж чадсан гэдэгт цөөнгүй хүн санал нийлэх байх. Харин энэ бүхнийхээ эцэст Монгол Улсын Еерөнхийлөгч асан Н.Энхбаярын хожсон уу, алдсан уу гэдэгт адр түмэн дүн тавьчихсан байгаа. ы Тийм болохоор одоо хөөрхийлөлтэй байдал үзүүлэн Англи улсад гудамж “метр”-лаж яваа байх л даа. Мөн дээрээс нь О.Магнай, С.Жавхлан тэргүүтэй маш олон “жаал” өөрийнх нь хэмжээнд хэзээ ч очиж чадахгүй юм байж, гадаад руу хил нэвтрүүлэхгүй энэ, тэр гэж сүржигнээд сүйд болно.

Тэгэхээр Н.Энхбаяр ах минь одоо АТГ-ын дарга болчих доо. Тэгэх юм бол хожим одоо байгаагаасаа ч хамаагүй нэр хүнтэй болж мэднэ шүү дээ. Ядахад л амар амгаланг үзлээ гэхэд өөрийг чинь муусайн авлигачид хордуулчихсан байж магадгүй хэмээн хүмүүс сэжиглэж таарна. Мөн үүнээс цааш “тэнэгтэж” улстөрийг шинээр эхэлнэ гэж дайрч, улам муу нэртэй болчихоод гадны орноор тэнэж явахаар бушуухан шиг энэ суудалд суугаад нэг тийшээ болвол дээрсэн. Хэрэв ийм тавилан ирэх юм бол Жанрайсагаас эхлээд хийсэн зүйлүүдийг чинь ард түмэн нэрлэж, АТГ-ын өмнө өөрийн чинь хүрэл хөшөөг ч босгож магадгүй. Угаасаа манайхан хүнийг үхсэн хойно нь магтахдаа ямар гаргуун билээ дээ. Түүнийгээ гэрчлэх гэсэн мэт коммунистууд хэдхэн жилийн өмнө “нэхэн”, “нөхөн” гэсэн тодотголтой баахан гавъяатын тэмдэг хөшөөн дээр нь хүндэтгэлтэйгээр аваачиж залаагүй юу. Энэ бүхний хөшгийг хөөрхий Р.Чойном агсан л хийж, төгсгөлийг нь үзсэн дээ. Тэгэхээр Н.Энхбаяр ах минь танд нэр хүнд, эд хөрөнгө, эрх мэдэл юу юунаас илүү хэрэгтэй юм бол энэ суудалд бушуухан шиг суугаад нэг тийшээ болж үз. Нэг тийшээ болдоггүй юм аа гэхэд өмнөх даргатайгаа адилхан авилга авч болно шүү дээ. Тэгээд ч энэ тоглоомоор мөн ч олон жил тоглолоо доо. Тэгээд ч “миний ах” яаж ч байсан Ч.Сангарагчаа дарга шиг л азаартаж, нөмгөн дээлээ нөмрөхгүй шүү дээ. Би лав итгэдэг юм түүнд.

С.Баяр бас л нэг зүйл сэдэж

2011 оны 05-р сарын 30 Нийтэлсэн tsuurai

Монголын ногоон намын хувь заяа Дээд шүүхийн гарт байгаа мэт байдал үүсээд цөөнгүй хугацаа өнгөрлөө. Иргэний зориг намтай нэгтгэх, эсвэл МНН-ын тамгыг хүчингүй болгох тухай шийдвэрийг шүүхээс хүлээж хэд хонов. Гэсэн хэдий ч Дээд шүүхэд үүнийг шийдчих зориг зүрх, одоогоор алга байгаа юм. Хэрэв тэд Д.Энхбат, С.Оюун нарт хуримынх нь батлахыг гардуулж, МНН-ыг татан буулгах гэж оролдвол олон улсын ногоон үзэлтэн намуудаас банга хүртэх учиртай. Одоо бол Н.Энхбат, С.Оюун хоёр хуримынхаа батлахыг яаралтай авч, сонгуулийн ажлаа хийх гэж асар их яарч байгаа.

Тун саяхан бас л “луувирчдын бүлэглэлийн” тарьсан балгаар монголоор нэг хуурамч гэрлэлт болж, 500 мянган төгрөгөө тэнцүү хуваагаад салсан гэдэг шиг шунан дайрч байгаа нь тодорхой. Гэхдээ тэдний гэрлэлт бидний “үхэлдээд” байсан 500 мянган төгрөг шиг тийм өчүүхэн зүйл биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Харин ч олон толгойн хувьцаа, МАНАН-гийн хувааж байгаа бялуу бүрээс хувь хүртэх зэрэгт орших нь гарцаагүй л дээ. Тийм болохоор шүүхтэйгээ, намтайгаа, даргатайгаа бүгд л байнд ч үгүй банзанд ч үгүй гэдэг шиг “юм” болоод байна. Тэгээд ч Д.Энхбат л “Ногоон” гэдэг агуулга чиг баримжааг нь өөр тийш эргүүлж, нөхдийнхөө дэмээр санасандаа хүрчихээд нүүрээ бууруулж байгаагаас биш “Ногоон нам” гэдэг улстөржих, заавал УИХ-д суудалтай байх ёсгүй. Тэд зөвхөн ногоон үзлийг л баримтлагч байсаар дэлхийн дахинаа хөгжиж ирсэн түүхтэй юм билээ. Гэтэл одоо О.Бум-Ялагч, Д.Басандорж нар ч хүртэл ногоон үзэл, баримтлал гэхээсээ илүүтэй Д.Энхбатыг яаж хорлох вэ гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулаад сууж байдаг. Магадгүй тэдэнд “гэнэтийн шалгалт” хийвэл мод тарих төсөл, зүлэг суулгах арга, утаанаас салах, уулаа аврах ямар ч шинэ төлөвлөгөө алга байж мэднэ. Харин Д.Энхбатын энэ үйлдэлд бухимдахдаа утасныхаа мөнгийг хэдэн мянгад хүртэл нь ярьж, хэдэн бичгийн цаасан дээр урилга, эсэргүүцсэн уриалга, өргөдөл, гомдол бичиж гүйснийг хэн ч таашгүй.

Мөн дээрээс нь МНН-ыг нухчин дарах хүсэл эрх мэдэлтнүүдэд аль эртнээс байсан нь өнөөгийн байдалд нөлөөлж байна л даа.

Тэдний нэг бол Ерөнхий сайд асан С.Баяр. Тэрбээр одоо ч энэ бүхний ард суугаад шидэт саваагаа дохихын зэрэгцээ С.Оюун, Д.Энхбат нарын сүйн бөгжийг бэлтгэчихсэн байгаа. С.Баярын хувьд монголын улстөрд гуравдагч хүчин хэрэгтэй байгааг аль эрт анзаарч, “Иргэний зориг” намыг гэртээ суугаад байгуулж байсан сүйхээтэй эр гэдэг юм. Одоо буурал эр МНН-ыг устгаж, гуравдахь хүчин болгох хүслээ гүйцээх гэж улам тэмүүлэх нь аргагүй л дээ. Тэгэхгүй бол энэ ажлыг Н.Энхбаяр гэж гай хийчихгээд байгаа болохоор хурдхан өрсөж журамлахгүй бол балай “юм” болох байлгүй. Ядахад ирэх сонгуулийн хувь заяа МАН-ын талаас хэлбийчихсэн байдаг. Ганцхан “Х” үсэгнээс болоод л тэр шүү дээ. Энэ бүхний эцэст буцаагаад “МАХН” гэсэн товчлолоо авъя гэж мангартаж болохгүй байсан учраас намын дарга нь 90 жил гай удаж, хор хутгаж байсан түүхээ эргэн санаад Эх орончдын хэмээн тодотгосон өдрөөрөө ард түмнээсээ уучлалт гуйгаад ч нэмэр болоогүй юм. Харин энэ бүхнээс одоо цагт хожих нөхөд бол “талийгаач” АН-ынхан байсан юм. Даан ч тэд аль эрт “сөнөчихсөн” л дөө. Үнэндээ тэдэнд өөрийн гэсэн бодлого, МАНАН дундаас гарах эрүүл саруул нүд алга байгаа болохоор л Д.Энхбатын биеийн байдал хэвэндээ байгаа юм. Гэхдээ энэ бүхний эцэст Монголын ногоон нам байдгаараа л байна. Тэд ч хувь тавиландаа эвлэрээд УИХ-д нэр дэвшиж зүрхлэхгүй л болов уу. Дэвшсэн ч ичмээр санал хураана л даа. Харин Н.Энхбатад одоо ногоон гэсэн нэрийн өмчлөх хэдий хэр хугацаа байгаа бол гэдэг л сонин байна.


Ерөнхийлөгч уулаа зарах уу, уранаа бэлэглэх үү

2011 оны 05-р сарын 30 Нийтэлсэн tsuurai
  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хойд хөршид айлчилж байгаа. Тийм болохоор бид шатахууны хомсдолд орж, явган алхах нь хэмээн санаа зовохгүй байж болно гэсэн үг. Манайх нефтийн шууд хараат улс учир дизель түлшний хомсдолд орж явган алхахдаа тулаад байгаа. Бүх дизель хөдөлгүүртэй техникүүд зогсолт хийж, шатахуун түгээх станцууд машинд 15 литр түлшнээс илүү олгохгүй байна. Мөн АИ92-т ч хязгаарлалт тавиад эхэлчихэж. Энэ үеэр зарим сүйхээтэй нөхөр нь шагийн шатахуун гудамжинд зарж байгаад баригдаж баларч байна. Гэтэл Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан гэж “тэнэг юм” олон нийтэд дэмий мэдээлэл тарааж бүр дуулиан тариад мангартаад л сууж байдаг. Тэрбээр “Тав, зургадугаар сард шатахууны хомсдолд орно чинээ саналтгүй, бүх асуудлыг Засгийн газар зохицуулчихсан” хэмээн телевизээр өгүүлсэн удаатай. Харин яг ийм хэцүү цаг мөчид монгол төрийн тэргүүн хойд хөршид айлчилдаг нь сайн юм боллоо. Тэрбээр бүх асуудлыг шийдчихээд л ирнэ. Харин яаж... Уг нь хойд хөрш манайхыг нефтийн хомсдолд оруулж, ийм өрөвдөлтэй байдалд хүргэмээргүй юм. ОХУ бол дэлхийн хамгийн том нефт импортлогч орон. Одоогоор өөрсдийн боловсруулсан нефтээ дэлхийн тэн хагаст тарааж буй. Тэгээд ч манай улсын хэрэглээ гэж оросын нэг тосгоны дайтай л байгаа биз. Гэтэл ингэж бидний аргыг барж суудаг нь цаанаа нэг учиртай байхаас гарцаагүй. Мэдээж ноён Д.Медведев манай улсын Ерөнхийлөгчийн айлчлах товыг эрт мэдсэн болохоор нэг зүйл төлөвлөсөн байхаас зайлахгүй. Их гүрний удирдагч ийм сайхан боломжийг ашиглаж, өөрийн санаагаа зөвшөөрүүлж чадахгүй бол ёстой балай юм болох байлгүй. Ийм үйл явдал бүтэлгүйтэхийг манайхан товчхондоо “Амандаа хийсэн шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэдэг дээ. Харин тэд хэлээрээ түлхэх биш хүний аманд байгаа шар тосыг булааж, идэхээр улс. Тийм болохоор л манай Ерөнхийлөгчийг очиход тэр нуугаад байгаа хөзрөө дэлгэж, тохиролцоогоо хийж таарна. Тэгээд ч уржинан манай улсад айлчилахдаа С.Баяр даргыг баахан тэвдүүлж, уул уурайн салбарт сонирхолтой байгаагаа дуулгахынхаа хажуугаар тохироо хийгээд буцсан гэдэг юм. Түүнээс болж С.Баяр хойд хөршид саатахаа болиод багаггүй хугацаа өнгөрлөө. Магадгүй манай хүн л болсон хойно хэлсэн аманаа хүрч чадаагүй болохоор хөл тавих нүүргүй болсон биз, өөр яав л гэж. Одоогоор манай уул, талыг ухаж төнхөхөөр хойд хөршийн таван компани “эвсэл” байгуулаад дайрч байгаа. Тэгэхээр манай ерөнхийлөгчид “Тэднийг харж үз” гэсэн даалгавар өгөөд хариуд нь нефтийн асуудлыг шийдэж өгч мэдэхээр байгаа юм. Эсвэл эрхэм Ерөнхийлөгч тэр олон толгойнуудынхаа нэг жижгийг нь өгөх гэрээ байгуулах ч магадлалтай. Түүнээс өөр манайд май гээд өгчих зүйл үнэндээ байхгүй. Тэгээд ч оросууд манайхаас аваад байхаар “юм” юу л байв гэж. Уул уурхайгаас өөр зүйлээр тохироо хийе хэмээн сарвайгаад ч нэмэргүй байлгүй. Харин газар дор байгаа баялагт маань л эртнээс гараа дүрэхийг санаархаж байгаа нь хэзээнээс тодорхой. Тэгэхээр товчхондоо бол оросууд нефт өгөөд манайхаас хоосон сална гэж байхгүй гэсэн үг л дээ. Тэрийгээ ч аль эртнээс төлөвлөж, эхнээсээ шат дараатайгаар биелүүлж байгаа энэ. Харин манай Ерөнхийлөгч ямар ардчилсан замаар уулаа худалдаж, эсвэл Халхгол шиг урт хугацааны гэрээ хийж ард түмнээ унах унаатай нь үлдээх бол оо. Бүр эсвэл хоншоор заагаад бэлэглэчихээд ирэх юм болов уу. Гэхдээ урт хугацааны гэрээ хийвэл байдал яаж ч эргэж болох л юм. Учир нь ноён Д.Медведев манай Ерөнхийлөгчийн өөдөөс харан нүдээ аниж, алгаан тосон суугаад “Шаазгай баа, шаазгай баа” гэх нь тодорхой учир жинтэйхэн шиг “баахгүй” бол бас уурлаж, улам гөжиж ч болно. Хэрэв тэгж гөжүүдийг нь хөдөлгөвөл манай улс ойрын хэдэн жил зам засварт мөнгө үрэхгүйгээр барахгүй эрхэм гишүүн Ш.Сайхансамбуугийн хүүгийн мөрөөдөл биелэх нь тодорхой болно. “Литр шатахуун 10 мянга хүрээсээ, хотын төвөөр ганцаараа давхих юмсан” гэсэн гишүүний хүүгийн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг биз дээ... Ямар ч байсан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шатахууны хомсдолд цэг давчихаад инээд алдаад эх нутагтаа хөл тавих нь мэдээжийн хэрэг л дээ. Харин УУЛАА, УУРХАЙГАА...?

Н.Энхбаяр МАХН-аа оршууллаа

2011 оны 05-р сарын 26 Нийтэлсэн tsuurai

МАХН нас нөхчөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар л тэнэг “юм” шиг аашилан хиймэл амьсгал хийж, дусал залгаж үзээд барсангүй. Угаасаа яаж ч босгож чадах билээ. Тэртэй тэргүй нүд аньсан юм хойно жамаараа мөнх бусыг үзүүлж байгаа нь энэ. Нэгэнт ийм “эмгэнэлт” явдал болсон хойно Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийнхэн үлгэрт гардаг мөнхийн рашаан шиг тийм ид шидтэй хууль, тогтоолоор дахин амьдруулна гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй боллоо доо.

Ийм болохоор л багш сурган хүмүүжүүлэгч гэсэндээ С.Молор-Эрдэнэ бусдаас арай өөр байж, өрөөгөө дотор талаас нь түгжиж байгаад чимээгүйхэн ном бичих ажилдаа орсон байлгүй. Харин Н.Удвалд үүнээс цааш газар үгүй гэдэг л юм болж байна даа хөөрхий. Учир нь түүнийг цаашид улстөрийн бохир зам биш ач, зээгээ тойруулж суулгаад ухаалаг сайн эмээ байх ирээдүй л хүлээж байгаа. Уг нь, тэмцэл хийгээд мандаж явахдаа ирээдүйгээ хэрхэн харж, хэдэн боодол мөнгөнийн шаржигнах чимээг мөрөөдөлдөө сонсдог байсан бол доо гэж бодохоор харамсалтай ч юм шиг санагддаг л юм. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр ч яах вэ, ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой байгаа шигээ унах магадлал ч төдий чинээ өндөр хувьтай байгаа. Яг үнэндээ түүний хуралдуулсан Ард түмний их хуралдайн нөхөд өөрийнх нь хажууд 75 луувирчин хэмээн ангийнхныг нь муулж байгаа хэдий ч ганцааранг нь “ариун” хэмээн цоллож үлдээсэн шиг түүнд саналаа өгнө гэж бодож үзэхээр нэг л санаанд бууж өгөхгүй байгаа юм.

Харин Н.Энхбаяр бол тэднээс огт өөр л дөө. Одоогоор өмчлөх гэж үзсэн МАХН гэдэг нэрээ чимээгүйхэн байж, нууцаар оршуулчихаад буяны ажлыг нь нам гүмхэн амжуулж яваа. МАХН гэдэг нэрийг “алахад” МАН-ынхан ямар үүрэгтэй оролцсоныг хэлэх ч юм биш. Харин зарим ухаан муутай нөхрийнх нь яаж хөх инээд нь хүрч байгааг бас л таашгүй. Тэгсэн ч гэсэн Н.Энхбаяр тун удахгүй юу ч болоогүй юм шиг инээд алдаад “их улстөрдөө” эргээд л ирнэ. Үүнийг ч цөөн хэдэн хашир гарууд нь тооцоолоод хэрхэн хариу барихаа тооцоолоод сууж байгаа биз.

Ингэхээс ч өөр гарцгүй л дээ, Н.Энхбаяр өөрөө яаж ч чадахаар хүн юм чинь нарийн тооцоолохгүй бол наандаж суудалгүй үлднэ, цаандаж торны цаана ч орж мэдэх аюул нүүрлэж ч болох юм л даа. Ямар чадалгүй дээ тэрбээр хэдхэн сарын өмнө улстөрд суудалгүй намуудыг, иргэний хөдөлгөөнүүдтэй нэгтгэх ажлыг тун амжилттай зохион байгуулж, саарал ордонд бүгж байгаа нөхдийг багагүй хугацаанд сандаргаж чадах вэ дээ. Мөн саяхан хүртэл МАНАН дунд нэвтэрч чадаагүй, ихэнх нь хэзээ ч нэвтрэх боломжгүй байгаа намын дарга нартай сэмхэн уулзсан сураг дуулдана лээ. Магадгүй энэ үеэр хашир удирдагч энэ байдлаараа тэмцэл хийж болохгүй нь гэдгээ мэдрээд, шинэ арга барилаар тулалдах тухай төлөвлөгөө боловсруулаад үг дуугүй биелүүлэх даалгавар өгсөн байж ч болох юм. Тийм учраас л урьд цагийн Ерөнхийлөгчийг өнгөрсөн зууны “Пентиум 1” шиг бодож болохгүй байгаа байх л даа. Тэгээд ч түүнээс одоо хүртэл МАН-ынхан болоод тэр дундаа С.Баяр, Ү.Хүрэлсүх нар эмээж байгаа. Хэзээ нэгэн цагт энэ нөхөр зам дээр дахин хөндөлсөж, гай удна даа гэдгийг мэддэг учраас тэр шүү дээ.

Учир нь тэрбээр Монгол төрийн бүх албыг гүйцээсэн шигээ өнөө цагт монголын төрд хутгах будилаан, үймээн юу байна бүгдийг гүйцээхээр ямар шаргуу хөдөлмөрлөж байгаагааг харваас тодорхой байна шүү дээ. Тэгээд ч цаадах чинь аль эрт дараагийнхаа нүүдлийн төлөвлөсөн л байгаа даа.


МАНАН сарнисны дараа...

2011 оны 05-р сарын 12 Нийтэлсэн tsuurai

Жорж Оруэллийн “Амьтны ферм” гэж зохиол байдаг даа. Түүнтэй адил МАНАН-гийн Засгийн газрыг ферм байгуулаасай гэж хүсдэг юм. Энэ хэлбэрийг хамтарсан Засгийн газраас сонговол бидэнд биш тэдэнд асар их ашиг тусаа өгнө. Ашиг тусаар ч тогтохгүй гэмт хэргийн бүлэглэлүүдийн хорлон сүйтгэх, мунхаруулах үйл ажиллагаанд нь үлэмж их амжилт гарч, урт хугацаагаар оршин тогтнож ч болох юм. Тэгээд ч манайд эмнэлэг, сувилал, спортын шинэ танхим барих газар олддоггүй хэдий ч тэдэнд бол ферм байгуулах газар цаас чичихэд л олдоно. Бүр төрийн ордных нь өмнө талд хүртэл өргөн уудам талбай цэлийгээд байж байна шүү дээ. Т.Очирхүү агсны хэлснээр Сүхбаатарын хэмээн нэрийдсэн тал шиг уудам талбайгаа тойруулаад хашаа хатгахад ч гэмгүй. Ингэх юм бол адаглаад жагсагчид нь хүртэл төрийн ордныг бүрхэхээ больж, амар жимэр үйл хэргээ үргэлжүүлэх бүрэн боломжтой болох биш гэж үү. Тэгээд ч МАНАН өөрсдөө хувийн эзэмшилдээ гадны хүн орвол барьж хорих, буудаж унагах эрхтэй болж, энэ хуулиа яс маханд нь шингэтэл мэдрүүлж, биелүүлэх нь гарцаагүй. Энэ байдлаас л манайхан хууль хяналтын байгууллагууд хэрхэн номоороо ажилладгийг харах биз.

За тэгээд МАНАН-гийн байгуулсан фермийн эзэн нь Сү.Бодболд байж таараа. Угаасаа ч сонголт бол ганцхан бий. Түүнээс Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар санаархаад ямар ч нэмэргүй бөгөөд О.Магнай, С.Жавхлан, Ц.Мөнхбаяр нарт өрсөлдөх ямар ч чадвар байхгүй учир хэсэг эсэргүүцэж гүйлдэхээс хэтрэхгүй. Хэтэрлээ гэхэд он удаан жил жагссан төв талбайд нь ферм байгуулчихсан учраас Эрх чөлөөнийхөө талбайд багтаж шингээд эрх чөлөөгөө эдлэхээс өөр гарц ч үнэндээ байхгүй болно. Тэр цагт тэдний дуу хоолой МАНАН-гийн байгуулсан фермийн аж ахуйд сонсогдох нь байтугай бараадах ч үгүй.

Харин МАНАН-гийн байгуулсан энэ фермийн нягтлан бодохоор нь С.Баярцогтыг, гахайчинаар нь Т.Бадамжунайг тавихгүй бол ёстой алдас болох байлгүй. Тэгэхээр малын эмчээр С.Ламбаа томилогдон ирж, харуул хамгаалалтыг нь Лу.Болд хариуцах нь эрүү толгойн заадас шиг яв цав нийцэнэ. Энэ үеэр Л.Гансүх, Д.Зоригт нарын нэлээд олон эрхэм дээлээ хөөргөж бүслээд фермийнхээ малын өвс тэжээл дөхүүлж өгөх ажлыг хийхийн зэрэгцээ өөрсдийнхөө зүсэлж авсан хэд гурван малын гэдсийг цайтал нь бордож, тусад нь хашаа саравч нууцаар барьж, “халуун хошуутуудаа” тордох ажлыг хийх нь ухаад ойлговоос тодорхой.

Ийнхүү санал нэгдэн байгуулсан фермдээ маш олон гахай, нөгөө хэсгийг нь тахиа үржүүлэхэд анхаарлаа хандуулаад ганц нэгхэн хонь тэжээж, түүнийгээ идэш зоогтоо барьж таарна.

Чухамдаа тахиа, хонь, гахай гэдэг маань ард түмэн юм шүү дээ. Тэд биднийг ийм л ирээдүйгээр зөгнөн харж байгаа нь өнгөрсөн цаг хугацаанаас илэрхий болох биз. Мэдээж хонь гэдэг амьтан маш номхон, тэгээд хүлцэнгүй учир хашгирахад л өөрсдөө эргээд хүрээд ирнэ. Харин тахиа бол садарлахаас өөр хүсэлгүй, гахай бол усан тэнэг амьтан. Ямар ухаантайдаа савтай усны ёроолд байгаа ганц чавгыг олж идэх гэж ус уусаар байгаад гэдэс нь дүүрч үхэх вэ дээ. Мөн халуун төмс залгиад л нүд аньдаг юм гэсэн.

Яагаад энэ фермдээ адуу, тэмээ болоод хүчирхэг амьтдыг сонгоогүй нь их учиртай. Адаглаад адуу үргээд хулжиж зугтах гэмтэй бол тэмээ хэсэгхэн хугацаанд гэнэ алдахад л салхи сөрөөд талийж өгөх болохоор МАНАН-гийнхан үнгэлцэг нь хагарах аюул нүүрлэхийг аль эртнээс тооцоолсон нь мэдэж. Цөөн үгээр хэлбэл маллаж дийлэхгүй гэсэн үг л дээ.

Өнөө цагт ч угаасаа адуу, тэмээ хариулсан хариулаагүй мунхарал багатай, эх оронч сэтгэлтэй, нийгмийг хаяа ч гэсэн гэгээлгээр хардаг тийм иргэдтэй байсан бол тэд төрийн толбойд сууж байх эрхмүүд биш л дээ. Энэ шүүлтүүрээр шүүх юм бол газарт ямар хэмжээтэй нь асгарч, хэд нь тогтож үлдэхийг үнэндээ таашгүй. Гэхдээ энэ бүхэнд ард түмэн биш МАН, МАХН, АН, болоод МАНАН бүгд л буруутай. Учир нь, нам гээч бүлэглэл үүссэн цагаасаа л толгой сайтайгаас нь эхлээд /тэднийг хүчирхэг амьтад гээд байгаа юм/ бурхантай, бунхантай нь хамт булж явсны гай. Одоо ч энэ үүргээ тэд орчин үетэй хослуулаад “янаглан хорлох” хэлбэрт шилжүүлсэн учир цэвэр ариун бус гэсэн үг л дээ.

Харин энэ бүхний эцэст МАНАН-г сарнисны дараа МОНГОЛ орон Америк ч биш, Австрали биш Африк маягийн амьтны ферм болох нь л дээ.

Нам ба лам

2011 оны 05-р сарын 10 Нийтэлсэн tsuurai

Нам бол гэмт хэргийн бүлэглэл мөн гэж нэлээд хэдэн удаа бичиж байснаа санаж байна. Энэ тодорхойлолтыг хаа нэгтээгээс уншсан тэгээд хачин ихээр таалагдсан ч байж болох. Ямартай ч энэ бол хөдлөшгүй үнэн яахын аргагүй мөн гэдэгт би итгэдэг юм. Ингэж бодох бүрт дахин дахин бичмээр санагдаад байдаг болж.

Яг энэ үед надаас хэн нэг нь яагаад чи хүүхдэд минь мөнгө өгөөд Хүний хөгжлийг нэн тэргүүнээ тавьж, бас мөнгө өгөөд байгаа өглөгч намыг гэмт хэргийн бүлэглэл гээд байгаа юм бэ? хэмээн асууж магадгүй. Учир нь тэд иргэдийг ингэтэл нь мунхаруулах хүсэлдээ шатаж, гал шиг оволзож байгаа болохоор асуух эзэн гарч болзошгүй л дээ. Харин би хариуд нь:

-Мөнгө амлаж, суудалдаа суучихаад худал хэлдэг, бидний сонголт таалагдахгүй бол буудаад алчихдаг, эрдэм чадалтай залуусыг эгнээндээ элсүүлж бууны нохой болгодог гээд олон үнэн зүйлийг, ядахдаа үнэн биш юм аа гэхэд худлаа биш баримт хэлж чадна. Үүнийг товчхондоо миний дотны найз сэтгүүлч залуу “Цонхны цаанаас чихэр долоолгодог” хэмээн тодорхойлсон юм шүү...

Ямар сайндаа эрт цагт нам гээч бузар зүйлийн дүрэм гэх үү сургааль гэхүү. Эсвэл даалгавараар лам багшийгаа, аав ээж, ах дүүгээ тагнаж, хүйтэн бууны аман дор өвдөг сөхрүүлж байхав дээ. Итгэхгүй бол үүнийг гэрчлэх түүх, уран сайхны кино мэр сэр бий шүү дээ. Ингээд бодохоор миний ад үзээд байгаа нам гээч зүйл балар эртнээсээ л гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл байж. Одоо харин хуучин цагийн үзэл санаа, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, иргэдийг мунхаруулах зэрэг нь далд хэлбэрт шилжиж, хөрөнгийн зах зээл, хоосон халаас зэргээр тархидан байж дагаар оруулдаг болсон билээ. Үүнийхээ үр дүнд адаг сүүлдээ юу ч болж хувирсан юм дээ бүү мэд. “Цусан сонгууль” хийж үзлээ, дахиж мөнгө амлахгүй хэмээн ариун бус савраа атгалцаж үзлээ, шударга сонгууль хийцгээе хэмээн уриалж байхан хэлэлцлээ. Бүр сүүлдээ сайн сайхны төлөө мэлмий оюунаа чилээтэл явсан хүмүүс шиг бодлогоширлоо. Даан ч энэ бүхэн тус болсонгүй. Цаашлаад ч үр ашгаа өгөхгүй, бүр ч илүүтэй хорлон сүйтгэх болно гэдэгт Таван толгойн нэгийг /ард түмний л өмч юм гээ биз дээ/ эсвэл өөрт ногдох хувьцаагаа тавиад тангарагалахад бэлэн байна. Харин ч улаан цэнхэр үзэлтэн гэлтгүй аль аль нь ирэх сонгуульд хороон дарга, хэсгийн ахлагчаар их хэмжээний хор цутгуулаад адаг сүүлд нь тэднийг хэн ч биш болгон үлдээх биз. Ийм ирээдүй ирэхэд гайхах зүйл огтхон ч байхгүй.

Мөн энэ мунхарал гээчийн хорыг дан ганц гэмт хэргийн бүлэглэлүүд биш манай шашины байгууллагууд ч тэднээс дутахааргүй цутгаж байна аа. Товчхондоо биднийг намууд мунхаруулж санал авдаг бол лам нар тэднээс дутахгүй улайран байж өргөл барьц авдаг шүү дээ. Одоо бүр өмсч зүүсэн, уусан идсэн, унасан эдэлсэн нь гял цал болсон атлаа нурах шахсан хийдтэй шуналууд бүр галзуурч Яармагийн дэнж дээр саяхан сүндэрлэсэн спорт цогцолборт ид шидийн гайхамшиг үзүүлж, эрдэм чадлынхаа увдисаар далд орж, буцаж гарч үзүүлэх юм гэсэн. Энэ тусгай хөтөлбөртэй шоуг бурхан багшийнхаа Их дүйчин өдөрт зориулж, Их хүрээ хийдийн хамба Сангидорж тэргүүтнүүд зохион байгуулж байгаа юм гэсэн.

Яана даа Гончигсүм гэж. Энэ бүхэн нь үнэн л байгаасай хэмээн бодох юм. Гэхдээ тэд худал цуурхал тараагаад өндөр өртөгтэй тасалбараа дуусгаж чадах л улс даа. Яагаав гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн Цусан сонгуулийн балгаар нас барсан таван хүнд хойд насны буян үйлдэхээр гэрэлт зул өргөх болсноо өдөр шөнөгүй сурталчилан байж нэг тасалбарыг 10 мянган төгрөгөөр борлуулаагүй юу. Мөн саяхан Арлын оронд цунами нүүрлэхэд буян үйлдэж байна хэмээн бааха, улаан шар дээлтнүүдийг Соёлын төв өргөөнд цуглуулж, хэвлэлийнхнийг дуудан байж гангарсан даа.

Уг нь гандандаа уншсан, гадаа уншсан ялгаагүй л үр шимээ өгмөөр юм хэмээн сүсэг бишрэл муутай мань мэт санах. Хэрвээ ойрхон байж уншвал увдис чадал нь хүчтэй нөлөөлдөг байсан юм бол МИАТ-ын нислэгээр аврагчидтай хамт яваад тэр хурлаа хурахгүй яасан юм бол. Даанч тэд нарт сэтгэл байхгүй л дээ. Ямар сайндаа л том хийдийн хамба ламтан эхнэрээрээ Мууны шашиныг толгойлуулж, дэлхийн эхнтайванч эмэгтэйчүүдийн холбооны даргын үүргийг гүйцэтгүүлж байх вэ дээ. Үүнийг худлаа хэлэх ёсгүй хүн хэлсэн шүү. Тэгэхээр одоо манайд лам, нам хоёр шиг хэрэггүй зүйл болоод эдгээр шиг гэм хор үйлдэж байгаа байгууллага үнэндээ алга. Гэхдээ тэднийг мухар сүсэг, шунал тачаалалд тодорхой цаг хугацаа бий л дээ. Тийм болохоор тэдний энэ “дарлал” удаан үргэлжлэхгүй гэдэгт би лав бүрэн итгэж байна. Харин устаж алга болтлоо хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, муруй захтай нэг нь хөдөлгөөн байгуулж улстөрд санаархаад туг намируулсан коммунистууд нь намынхаа бэлэг тэмдэгт бурхан залж мангартах вий дээ. Тэгээд ч Нам, лам хоёр зорилго нэгтэй ахан дүүс учир энэ заргийн үйлдэл хийж чадах л улс. Түүнд бас л эргэлзэх хэрэггүй.


....................................

2011 оны 04-р сарын 30 Нийтэлсэн tsuurai

Орчлон чи

Юунд сохор мэт, тэгсэн атлаа ер бусын шуугиантай

Урдынхаас нэг л өөр гэгээн гунигаар намайг бүрхээд

Навчис саржигнах мэдрэмжийг яагаад хавар төрүүлнэ вэ?

Чиний эзгүйд, эсвэл чиний тусламжтай би түүн дээр ирсэн

Инээд, эсвэл ээдрээг чинь тээж гэлдэрсээр би түүнээс холдсон

Магадгүй чи миний сүүн зам, эсвэл сэрүүн зүүд болоод

Эцсийн минь амьсгал тасрах хүртэл энэ хэвээрээ байж

Ганцаардал гуниг хоёроор намайг дарлана чинээ эндүүрч байна уу? Орчлоон

Шинэ үе шинэ мэдрэмж сэртүгэй

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн tsuurai


МСНЭ-ийн 60 жилийн түүхт ойд зориулав

 Улс төр бохирдож, жил ирэх бүр хорлон сүйтгэх, иргэдийг мунхаруулах ажиллагаа идэвхижиж байгаатай уралдаад сэтгүүлзүйн салбар “шаварт” унаад цөөнгүй он цагийг илээжээ. Одоо монгол орныг сонгуулийн уур амьсгал бүрхэж эхэлсэн болохоор худалдагдах, худалдах тухай наймаа эд өрнөх нь гарцаагүй. Тэгээд ч ийм хэв маягаар олон сонгуулийн луувирт манай салбарынхан манлайлан оролцож, улстөрчдөд тоогдоогүй нь сүүхээтэй нэгэндээ атаархахдаа мөрдлөг явуулж, салбарынхаа нэр хүндийг шигдчихээд байгаа “шаварт” нь санаатай гэмээр улам гүн зоох аян өрнүүлнэ. Тийм болохоор нэрээ цэвэрлэж үл чадаж байгаа төдийгүй хөдлөшгүй баримттай, гэр бүлээрээ сонгуулийн шоу хийдэг сэтгүүлчид хүртэл байхад “Худалч сэтгүүлчид” гэдэг үгний хариуд бид яахан бусдын өөдөөс өрвөлзөж чадах билээ.

Харин сүүлийн хэдэн жил шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг буурлууд, эрдэмтэн докторууд сэтгүүлзүйг ариун байлгах тухай, шударгаар хөдөлмөрлөх цаг нь ирсэн хэмээн олонтаа ярьж, цөөнгүй уулзалт зохион байгуулдаг болж. Энэ нь хулгайч байж хулгайчийг бариарай хэмээн хашгирч байгаатай адил зүйл боловч, ийм цаг үед дуугуй сууж болохгүйгээ буурлууд бас ч гэж мэдээд байгаа юм л даа.

Гэхдээ одоо шударга сэтгүүлзүй, олон ургалч байх тухай зарчим ярьж солиорохоо больцгоовол таарах юм. Бүр дөрөвдэх засаглалын тухай яриад ч хэрэггүй. Угаасаа үүргээ биелүүлэхгүй, хэзээ ч биелүүлж байгаагүй салбарт энэ бол дэндүү томдсон нэр.

Тэгээд ч эрүүл шударга байх тухай Х.Цэвлээ, Д.Амбасэлмаа, Ц.Дашдондов, К.Зулькафил, Ч.Чойсамба өөр хэн хэн ч билээ нийлж суугаад 20 жил ярьсан юмдаг. Даанч тэд амжилт олоогүй. Олохгүй гэдгээ ч аль эрт мэдэж байсан л даа, цаад хуучин бууны хугархайнууд чинь. Гэхдээ л зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шүү дээ.

Харин одоо “Хаана байна тэр диваажин гэж Р.Чойном нэгэнтээ уулга алдсан шиг Хаана байна тэр эрүүл сэтгүүлзүй чинь? гэж бид тэднээс асуух цаг нь болчихсон байна. Угаасаа ч асуусан асуугаагүй цаг хугацаа, шинэ зуун, мэдээлийн хэрэгслийн хөгжил дэвшил, түүнээс магадгүй 100 дахин илүүгээр нэрлэгдэх энэ салбарын өнөөгийн ялзрал энэ асуултыг хүчээр шахуу тулгаж байна л даа.

Тийм болохоор шинэ залуу үеийн бодол сэтгэл, шинэ зууны шинэ мэдрэмж энэ салбарт хэрэгтэй байгаа юм. Үүнийг ч мөн л чухал царайтай эрдэмтэд өөрсдөө мэдэж байгаа.

Энэ жил л гэхэд МСНЭ гэж чимээгүй хотоос ч чимээ багатай шавар амбаарын 60 жилийн түүхт ой тохиож байгаа. “Ган үзэг” гээч шагналаа гуйсанд нь өгдөг, жил бүр 10 гэр тарааж өгөхөөс өөр ид шидгүй энэ байгууллага хагас зуун жил дүнсийж чадсан юм чинь одоо хөдөлгөөнд орж, гийгүүллээ гээд юу л базаах билээ. Харин ч эсэргээрээ эрдэмтэд нь зөнөөд ирэхийн цагт гавьяа байгуулсан үгүй нь мэдэгдэлгүйгээр авсан гавьяатынхаа одонг бас бус ойн медальтай хослуулан гялалзуулаад өнөөх л шударга байлгах хуучин цагийн онол, тэгээд биднийг арчаагүй байгаа тухай үе дамжсан алдарт үгээ хэлээд ажил хийлгэхээ байлгах ч юм бил үү хэн мэдлээ.

Тэгэхээр ашиг тустай биш, харин гэм хортой ийм шавар амбаараар бид өнөө цагт “үхснээ” хийх вэ дээ.

Ядахад өнөөх зүгээр өгөөд байдаг 10 гэрээ зараад залуу сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг зохион байгуулдаг, ахмад сэтгүүлчийнхээ амжиргаанд жилдээ жинтэй хувь нэмэр үзүүлдэг байсан бол байлгаад байж болно л доо.

Даанч тэд өөрсдөө л мөнхөд сайн нэртэй, шилдэг нийтлэлтэй байх гэхээс биш өөр эерэг ухаан гарахгүй л дээ. Аягүй бол байдаг л нэг энгийн ухаан гаргасаных нь төлөө залуу шавь нараа хүчээр нухчин дардаг байж магадгүй гэсэн муу санаа ч сүүлийн үед мань мэтийг зовоогоод байгаа юм. Тэд угаасаа юунаас ч сийхгүй болоод өөрсдөө сэтгүүлзүйн салбараа шороотой хутгачихсан юм шүү дээ. Харин адаг сүүлд нь гай зовлон, муу нэрийг нь бид үүрч байгаа юм.

Түүнээс энэ олон телевиз, сонин, хэнд ч хэрэггүй гэмээр зарим сэтгүүлүүд цаг хугацааны эрхээр хаалгаа барих л байсан. Мөн дээрээс нь улс төрчид гэж гайнууд салбар бүрт балаг тарьж, бантан хутгаж явдагаараа маш их үүрэг гүйцэтгэнэ л дээ. Гэхдээ энэ тухай ярьж, хэн гээч сайд дарга нь хэдэн сонин хэдэн телевизтэй болохыг нэрлэх юм бол уншиж байгаа бичиж байгаа хоёулаа нам унтах байлгүй. Түүний оронд энэ хорлон сүйтгэгчид биш салбарынхаа тархинд гарчихаад самарч байгаа нөхдийг онцолсон нь арай дөхөм бөгөөд сонирхолтой байх.

Хэрэв залуу үе гарч ирээд танхимд үздэг хуучин номлолоос сэтгүүлзүйн салбар гэдэг тэс өөр юм байна хэмээн дуугаа нийлүүлээд зөрүүдэлбэл, ядахдаа мэдээ бичүүлээд сургачихаагүй юм байж яасан их мөнгөөр номоо “шахдаг” байсан юм та нар гээд чилээд эхэлбэл олон эрдэмтэн багш ёстой “будаа” болно. Тэгээд ч хуулсан, олшруулсан, хувилсан 20 гаруй ном бүтээл нь хэнд ч хэрэггүй “хог” болох учраас тэд айхаас ч бас аргагүй юм л даа. Гэтэл энэ бүх айдсын ард, хэсэг эрдэмтэн цол тэмдэг нэр алдараа хамгаалахын тулд сэтгүүлзүйг ямар болгож орхисон бэ бүү мэд.

Тийм болохоор л бүхэл бүтэн төв сургуулийн алдартай сурган хүмүүжүүлэгчид өөр бас бус алдартай багш нарт хоосон номлол, царайлаг охидыг дүнгээр нь хавчиж аргандаа оруулах гэсэн тэнэг бодлоос өөр гийгүүлэх зүйл энэ янзаараа үлдээгүй ч байж мэдэх юм.

Тэгвэл цөөн жишээ дурьдахад өнөө цагийн залуу сэтгүүлчээс Т.Энхбат, /Монголын мэдээ сонин/, Ч.Дашдэлэг /Улстөрийн тойм сонин/, Б.Энхмарт, Ж.Тэгшжаргал /Өнөөдөр сонин/, Д.Мөнхчимэг /Монголын эдийн засаг сэтгүүл/ гэх мэтийн цөөнгүй залуу сэтгүүлч өөрийн гэсэн зам мөр арга барилаа олж, цоо шинэ биш ч өнгөрсөн зууны хуучин номлолоос ангид байж, уран бүтээлээ бор зүрхээрээ хийж байгаа юм. Тэдний өнөөгийн бичиж байгаа нийтлэлүүдийг өөрсдийн чинь сургалтын гарын авлага болгодог “Эх орны ногоон хүрэм сэглэгдэх гэж байгаа юм биш биз” гэх мэтээс хэрхэн өөр болохыг, яаж цаг үеэ мэдэрч тэр хэрээрээ бичлэгийн хэв шинж өөр болж байгааг К.Зулькафил, Ч.Чойсамба нар нэн түрүүнд харж суралцах хэрэгтэй л дээ. Энэ үг хувийн сургуулийн тэнхэмүүдэд бүр илүү хамаатай юм шүү. Тэгээд ч шавиасаа суралцана гэдэг та нарын бодож байгаа хуучин үзэл шиг тийм ичмээр зүйл биш. Харин Соёлын гавъяат 1000 гаруй сэтгүүлч бэлтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийн шавь нь мэдээ бичиж чадахгүй, аль хэдийнэ бурхан болсон нэрт зохиолч, сэтгүүлчдийн нэрсээс өөр юу ч үгүй хоосон толгойгоор ажлынхаа гарааг эхэлж байгаа нь л жинхэнэ ичмээр явдал болоод байна.

Энэ цөөхөн жишээнээс харахад л сэтгүүлзүйн сургалт, боловсролын тогтолцооны тухай угаасаа баларчихсан зүйлийг огт яриад хэрэггүй.

МУИС-ийн тэнхимийн эрхлэгч нь хүртэл өөрөө сонины буланд мэдээ бичихийн тулд бидэнтэй адил гэр хорооллоор алхаж, гудамжны нохойд хөөгдөж үзээгүй юм билээ ш дээ. Тэгсэн хэрнээ харин яаж энэ олон жил мундаг хэвээрээ байж, олон мянган оюутаныг сургаж байгаад л хамгийн чухал нууц нь оршиж байж ч болох л юм.

Энэ бол захын жишээ шүү. Харин бүр цагаандаа гараад од болох хүсэлтэй хүүхнүүдэд хот хөдөөгүй цацагддаг телевизээр гарахдаа

- “Миний дүү том болоод ЮУ болох вэ”?,

-СОХОР хүмүүс хуулиа брайл үсгээр унших боломжтой болсон гэсэн үү?

-Нэврүүлэгийн цаг дуусах гэж байгаа учир НИЙТ ҮЗЭГЧИДДЭЭ хандаад та СҮҮЛЧИЙНХЭЭ ҮГИЙГ ХЭЛНЭ үү?

- “Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа ГЭЖ ХЭЛМЭЭР Л байна” /эдгээр өгүүлбэр танил санагдаж байгаа биз/ гэх мэтийг асууж, хэлж байгаарай гэж зааж өгдөг болсон юм биш байгаа даа гэхээс бүр ч ихээр сэтгэл өвдөх юм.

Тэгвэл бүгдээрээ сайн мэдэх энгийн жишээ авъя.

Огт мал хариулж үзээгүй /ийм хүн адуу манаж хоноогүй нь тодорхой/, хэзээ хэрхэн хээл авдаг тухайг нь огт мэддэггүй атлаа утаат нийслэлдээ бүгж баар саваар оролгүй өнжих үедээ баахан ном уншиж байгаад уяач сургах дамжаа хичээллүүлжээ. Гэтэл санаанд оромгүй амжилт гаргаж, сурагчид нь аймаг, сум бүртээ айраг түрүү алдахаа байжээ гээд бодоод үздээ. Нэг л санаанд бууж өгөхгүй байгаа дамшиг даа. Үнэндээ энэ хоёрын хооронд ямар ч ялгаа алга.

Түүний оронд оюутнуудаа Б.Ганчимэгээр ярилцлага хэрхэн хийдэг тухай нь, Баабараар баримтаа хэрхэн хаана нь ашиглахад зохимжтой тухай, Л.Мөнхбаясгалангаар сэдвийг хэрхэн анзаарч яаж том нийтлэл болгодог тухай нь ганц нэг цаг ч болов хамаагүй яриулаасай даа. Бүр Төрөгдөл мөрөгдөл гэж төөрч гоё нэр хайрлах гэж хичээхийнхээ оронд эссэ яаж бичдэгийг Л.Өлзийтөгсөөр, П.Батхуягаар хөрөг, шүүмж судлалыг шүлэг шиг бичихийг заалгах нь дөрвөн жилийн та нарын хөдөлмөрөөс хавьгүй илүү үр дүнтэй байх нь гарцаагүй.

Гэхдээ би ч гэсэн өөрөө хуучин номлолоор хүмүүжигчийн нэг л дээ. Харин эцэс сүүлд нь юу ч сураагүй, сэтгүүлч мэргэжилтэй болох гэж биш, нэрээ бичүүлсэн хоосон цаасны төлөө дөрвөн жил үйлээ үзсэн болохоор л ингэж халаглаад байгаа маань энэ. Ингэж хэллээ гээд ч тэд яах билээ. Мандаж дэвшихийн төлөө явахад муулаад, нэг нусгай юугаа ч мэдэхгүй байж нийгэмд балай зүйл тараагаад гэж хэсэг сандрах байлгүй.

Тэгэхээр яг өнөөдрөөс эргэж хараад МСНЭ-ийн хийсэн ажлыг дүгнээд үзэхэд хойшид шударга ёс, эрүүл сэтгүүлзүй хэмээн цээжээ дэлдэх эрх ч тэр эрдэмтэн, докторуудад байхгүй мэт санагдахгүй байна гэж үү?

Тэгвэл яахаараа тийм эрх байна гэж. Хүмүүний хүүхдүүдийг мунхаруулах үйлсэд ханцуй шамлан дайраад хуучин номлолоор булсан гэж үү? Эсвэл орчин шинэ үеэ мэдрээгүй, олон жил шударга ёс тогтоох гэж дайраад ямар ч дэвшил гаргаагүй гэж үү? Ёстой гайгүй байлгүй. Тэгээд ч тэртэй тэргүй та нарын эзэрхийлэл удахгүй дуусна л даа. Үүнийг ноён цаг хугацаа аль хэдийнэ ээ санах ойдоо хадгалчихсан байгаа. Харин өнөө маргааш, хойтон тэрний дараа жил алин болохыг би хэлж мэдэхгүй юм.

Тэр цагт үхэн хатан зүүдэлдэг байсан төрийн одонг чинь авч өгсөн 20-30 сурах бичиг хэнд ч хэрэггүй болж тоосонд дарагдаад, хуудасных нь завсраар салхи орж үзээгүй булагдсан орос сурах бичгүүд сургуулийн номын сангийн тавиурыг чөлөөлсөн байх байлгүй.

Харин шинэ цагийн сэтгүүлзүйн цахим сурах бичиг, үнэд хүрэх байх л даа...

Залуу ухаан, шинэ мэдрэмж мандтугай.



Төмөр хуримтлуулах “цэг”

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн tsuurai

Дэлхий дээр өнгөлөг металл улам үнэд орж, өдөр ирэх бүрт ханш нь чангарсаар байна. Гэтэл манайд өнгөт одон тэмдэг, медалийн үнэ өдөр өнгөрөх тусам унаж байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш. Ямар сайндаа л манай алдарт жижигчин эрхэм “Хэрэв наад гавъяатынхаа хэн ч хэрэггүй тэмдгийг өгөх юм бол багшийнхаа шарил дээр аваачиж булна шүү” гэсэн гэдэг. Энэ үгийг хаанаас ч билээ сонсоод, эсвэл уншсан ч байж магад, ямартай ч ийм хүн чанартай уран бүтээлч өнөө цагт хэд байдаг тухай удаан бодсон юмдаг.

Одоо манай улсад одон тэмдэг шиг хэрэггүй зүйл алга. Оюутны байгууллага л гэхэд “Манлайлагч”, “Тэргүүний оюутан”, “Сургуульдаа ээлтэй оюутан”, “Нийгмийн ардчилал МОХ-ны дээд одон”, “Шилдэг илтгэгч”, “Шилдэг зохион байгуулагч” гэх мэт тоолж барамгүй олон гялтгар тэмдэгтэй. Арай л “Хичээл таслагч” шилдэг оюутан, “Шилдэг шоу менежер” гэсэн одон тэмдэг алга.

Гэхдээ салбар бүрт хог новш шиг олон одон тэмдэг байхынхаа хэрээр эзэндээ хүрдэг гэвэл тэрэн шиг худлаа зүйл дэлхийн хаана ч байхгүй гэдэгт би итгэдэг юм. Ойрын жишээ л гэхэд Ардчиллын 20 жилийн ойн одонг Төрийнх болгож, 30 мянган ширхэгийг шуудай шуудайгаар нь зөөн байж тараасан хэрнээ тухайн үед хамт өлсч явсан доожоо муутай нөхдөд нь лав оногдоогүй юмдаг. Үүнээс болж, Хан-Уул дүүрэгт хэсэг иргэн өлсгөлөн зарлаж, суулт хийгээд ч босго өндөртэй тэр шар тэмдгийг авч чадаагүй билээ. Тэгсэн атлаа хэвлэл мэдээлэл, сонин телевизийн салбарт дөнгөж гараагаа эхэлж байгаа 20-хон настай сэтгүүлчдэд мөн ч ихийг тараасан даа.

Бүр намын одон хэд байдгийг тоолоод ч үл барам. “Хүндэт тэмдэг” зэргээс эхлээд “Шилдэг ахмад гишүүн”, “Шинэ залуу улстөрч” гээд бүр нас насны ангилалтай.

За эд ч яах вэ, угаасаа оюутны байгууллага нь“бууны нохдын клуб”, улстөрийн нам нь “гэмт хэргийн бүлэглэл” болчихсон учраас энэ тогтолцоог ч тийм хурдан өөрчилж, хөдөлмөрийг үнэн зөв үнэлэх тухай яриад ч дэмий байлгүй.

Харин цэцэрлэг төгсөхдөө таван алтан медаль, дунд сургууль төгсөхдөө 10 алтан медальтай төгсдөг шүлэг бичдэг хүүхэд, хошой “бяцхан мисс”-үүд л арай дэндэж байна. Үүнийхээ хар гайгаар дээд сургуульд орохдоо гурван ном хэвлүүлж, сүүлд нь сонгодог хэмээн боть болгохын зэрэгцээ сургууль, анги, тэнхимийн нэрэмжит тэмцээнээс 30 гаруй медаль цуглуулсан тэд адаг сүүлдээ мэргэжлийн салбарт ороод “хөөрхий” болж хоцорч байна. Нэгэнт хар багаас нь ноцооход түймэр дэгдмээр тийм олон цаасан малгайгаар дарчихсан болохоор энэ замыг сонгохгүй байхын аргагүй тийм хувь заяа тэднийг угтаж байгаа нь буруу биш л дээ. Харин шагнал урамшуулал гэхээр л алтан медаль, ар талдаа гоёмсог дэгээтэй одон зэргээр төсөөлдөг удирдлагуудын болоод шагналын тогтолцоонд л хамаг гай нь байгаа юм. Товчхондоо өнгөрсөн нийгмийн социалист тогтолцооны улмаас сүүлийн үеийн хүүхдүүд хэлд бүрэн ороогүй байхаасаа эхлээд бяцхан цээжээ “төмөр хураах цэг” болгон хувиргаж байна.

Нийгмийн гайтай энэ хавтгайрал дээр бас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хүртэл цаасан малгайг харамгүй “нийлүүлж”, “Манцуйтай тамирчин” ч гэнэ үү утгагүй нэвтрүүлгийнхээ хүрээнд 6-9 сартай мөн ч олон хүүхдэд алтан медалийг зуу, зуугаар нь зүүлээ дээ.

Чухамдаа энэ мэт шагналын балай тогтолцоо нь өнгөрсөн зууны дээрэнгүй нийгэм, үзэл сурталын хэт явцуурлаас үүсэлтэй л дээ. Ямар сайндаа нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Т.Очирхүү агсан “Одонгоо зүүцгээе гэж шүлэг бичсэн байх вэ дээ.

Одоо хүртэл энэ үзэл арилаагүйгээр барахгүй бүр ч илүүтэй хөгжин цэцэглэжээ. Үүний хүчинд тун удахгүй хүзүүн дэх медаль, энгэрийн тэмдгүүдээ дийлэхээ байж, ууц нуруу нь хөшин өвдсөн хүүхэд, ахмадууд эмнэлгийн хаалганд дугаарлан зогсч, мөн л өнөөх алдарт тэмдэг, яамнаасаа олгодог “Алтан чагнуур”-аа гялалзуулсан “Алтан гарт”, “Ачлал төгс”, “Амиа хайрлахгүй тэмцэгч” эмч нарт үзүүлбэл “Одонгийн хашил” гэсэн онош тавих байлгүй. Энэ оношийг дуулсан “Алдарт эх”, “Танан эрдэнэ шиг эх”, “Өрлөг ээж”-үүд нь автобусны мөнгөгүй, хоногийнхоо хоолыг яаж нэг аргалъя даа гэж бодохынхоо хажуугаар хүүхдийнхээ энэ шинэ өвчинд ямар их шаналах бол...

Тэгээд ч үнэндээ одоогийн шинэ жилийн оны тэргүүнүүд, ханараа дүүрэн өргөмжлөл социализмын үеийн баярын бичиг хоёр ихэр юм л даа. Одоо бол оны тэргүүнүүдийн тоо алдарсан. Оны тэргүүн миссийн титэм л гэхэд цэцэрлэгийн наснаас эхлээд бага, дунд, ахлах анги, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, нөхөрт гарсан, гараагүй гээд хэдэн ч хүнд очдог тухай барагцаалах тоо үнэндээ алга.

Үүнийг гэрчлэх гэсэн мэт гэр хорооллын захын нэг айлаар ороход л ямар нэгэн салбарын тэргүүн, сайшаалын үнэмлэх, намын тэмдэг, мэтгэлцээний медаль энэ бүхний нэг нь заавал бий. Харин шүүгээндээ номтой ширээ хэд байдаг тухай бодож үзвэл харамсах биз.

Номтой ширээ гэснээс манай манай утга зохиолын салбарт ч мөн ялгаагүй Г.Аюурзанын толгой бүхий дүрстэй тэмдэг л дутуу үлдээд байна. Түүнээс Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлээд “нэр нь тодорсон баатруудын” ихэнх нь одон тэмдэгт дүрсээ үлдээгээд буцсан шүү дээ. Тэгээд ч зохиолчид хүртэл анги, тэнхимийн аваргаас 10 гаруй алтан медаль цуглуулсан хүүхдүүд, бүсэлхийнээсээ дээшхи хэсгийг одон тэмдгээр далдалж, зүрхэн тушаа газартаа “төмөр хуримтлуулах цэг” байгуулсан намын ахмад дэмжигчдээс ялгараад байх зүйл тийм ч их байхгүй. Харин ч зарим нэг нь тэднээс илүүтэйгээр урт хар үс, уужим сайхан дээл өмсч сүр, бараатайгаар бурхан болоочдын толгой бүхий одон тэмдгээр гангарах нь элбэг.

Энэ мэт нийгмээрээ хавтгайрсан социалист тогтолцоог харин Ардчилсан Ерөнхийлөгч нягталж, ирэх долдугаар сард шийдэх сураг дуулдсанд нэн таатай гэхээс илүү сайхан үгээр илэрхийлэх боломжгүй мэт. Ингэхдээ ямар ч одон тэмдэггүй болгочихоосой доо гэх бодлоос өөр эцсийн хүсэл ч үнэндээ алга. Учир нь, бидний үр хүүхдүүдийг орчин цагт “Одонгийн харшил” гэсэн шинэ оноштой өвчин хүлээж, болжмороос жаахан зүрх нь “төмөр хураах цэг”-т гүн дарагдсан байх ирээдүй угтаж байгаа нь одоогийн энэ балай тогтолцооноос илэрхий. Харин энэ шинэ өвчнийг тэр цагт ДОХ-ын халдварыг халагласан дүр эсгэн тоолж, бүртгэдэг шигээ хүлээж авах байлгүй. Тэгээд ч багаас нь “Одонгийн харшилтай” болгох үйлсэд улс төрийн намууд мөн ч ихээр манлайлна даа.

Тэгвэл өнөө цагийн залуу уран бүтээлчид судлал шүүмжлэлийн сайн бүтээл хэвлүүлснийхээ хариуд ямар гавъяа хүртэж байна вэ?

Үнэндээ Ц.Мөнх агсны өөр олон бүрлээчийн толгойн дүрстэй тэмдгээр юугаа ч хийх юм билээ. Дээрээс нь амьдралын эрхээр зовж зүдрээд гудамжинд гарсан ээжид Монгол Улсын төр засгаас “Алдарт эх”-ийн одон гардуулан даажигнаж “үхсэнээ” хийх вэ дээ.

Харин холливудад шар тэмдэг байхгүй. Гэхдээ насаараа байг гэхэд нэлээд хэдэн жил санаа зоволтгүй идэх хоол бий... Гэтэл манайд тоншоод идэх ч хоол алга. Зөвхөн “Төмөр хуримтлуулах цэг” л цохилох зүрхэн дээр нь үлдэж байгааг юу гэх вэ.


Дүлий төр

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн tsuurai

МАХН-ынхан нэрээ өмчлөхөөр улайрч, ард түмнийг “шордон” байж, Дээд шүүхийн гадаа жагсаал зохион байгууллаа. Иргэний нийгмийнхэн ч нийслэлийг морьтой бүрхэж, орон нутгийн иргэдийн төлөөллийг байлцуулан шилдэг авлигачдыг толгой дараалан нэр цохов. Нэг ёсондоо сонгууль дөхсөн энэ үед Н.Энхбаяр болоод түүний дагааруудын уур хилэн бадарч, байж ядаж байгаа нь энэ л дээ.

МАН-ын талаас хүсээд байгаа нэрийг нь өгөхгүй энэ мэтээр аргацааж, өдөр хоног өнгөрөөх тусам МАХН-д хортой төдийгүй Ц.Шинэбаяр, С.Удвал нарыг хэн ч биш болох ирээдүй хүлээж байгаа учир тэдэнд үүнээс өөр гарц байхгүй нь тодорхой юм.

Товчхондоо энэ бүхнээс Н.Энхбаяр гэж хэн бэ гэдэг нь тов тодорхой харагдаж байна. Тэрбээр иргэдийг уриалдан дуудаж, эвсэл хөдөлгөөнийг нэгтгэн зааварчлаад төрийн тэргүүнээс эхлэн эрх барьж буй бүхий л хүн рүү цэцэн бууныхаа амыг чиглүүлэн гал нээж эхлээд цөөнгүй хугацааг өнгөрүүллээ.

Уг нь, хуучин зарчмаар бол түүний энэ дайралтад УИХ-ын хувь заяа ганхаж, төрийн түшээд сандралдах цаг нь болчихсон л доо.

Гэтэл өнөө цагт даанч энэ барил хоцрогдож. Яагаад гэхээр, манай төрийн түшээд ямар ч цагт “дүлий” байж чаддагт л бүх зүйл хүчгүйдэж байгаа юм. Төв талбай дээр иргэдийн төлөөлөл жагсч, чанга яригчаар чадал мэдэн нэр цохон бархирсан ч тэд цочирохгүй. Хүргүүлсэн албан бичигт нь яаран хариу өгөхгүй мөн ч их удна. Тэгсэн атлаа гадаа хэн хэрхэн жагсч буй тухай огт мэдээлэл аваагүй хүн шиг урдын адил тайван байж, өмнөх шигээ идэж, унтсаар яваад жагсаал цуглааныг залхаан тараадаг болоод байгаа юм.

Энэ нь мэдээж, маш хор хөнөөлтэй зүйл. Бүр үймээн самуунаасаа ч илүү байж магадгүй. Чухамдаа нам гээч “гэмт хэргийн бүлэглэл”-ийн сэдсэн арга, муу санаа юм. Харин жагсаал цуглаанд цочирддог, иргэд юу хүсч байгаа зэрэгт ямар нэгэн байдлаар хариулт өгч, гарц хайдаг байсан бол шударга ёсноос эхлээд бага ч гэсэн гэрэл гэгээ нийгэмд тусна л даа.

Тэгвэл энэ арга барилаар Н.Энхбаяр ч өөрөө маш олон жил тулалдаж, “дүлий” явсныхаа хүчинд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байсан удаатай. Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд нийгэм эрүүл саруул байсангүй. Харин ч “Улсынхаа төсвөөс баян Ерөнхийлөгчийг татан буулгая”, “Авлигын загалмайлсан эцэг зайл” гэсэн уриа лоозонтой иргэд нэг бус удаа төв талбай дээр цуглаж байсан удаатай. Энэ үед Н.Энхбаяр одоогийн 76, өөрийнх нь дайралтад тэсээд байгаа “дүлий”-нүүдтэй адил байж, маасайж явсаар жагсаал цуглааныг хэнд ч хэрэггүй зүйл мэт харагдуулж чадаж байлаа.

Тэгэхээр одоо бүх улстөрчид шилдэг арга гэдэгт санал нэгдэн толгой дохиод байгаа, тэгээд өөрийнхөө хамгийн ихээр хэрэглэж ирсэн аргынхаа эсрэг цаашид ямар байдлаар тэмцэх бол гэдэг нь өдөр өнгөрөх бүрт сонирхолтой байгаа юм. Нэг ёсондоо дүлий төрийн өөдөөс нэгэн цагт дүлий явсан төрийн тэргүүн тэмцэж, цэвэр улстөр, шударга ёсыг Монгол оронд цогцлооно гэсэн үг л дээ. Ингээд бодохоор инээдтэй ч юм шиг... Уг нь, жагсаал цуглаан зохион байгуулж, төрд эргэлт хийх буруу биш л дээ. Харин жагсаалынхаа агуулгыг ард түмний эрх ашгийн төлөө бус эрх мэдэл, эд материал болгон хувиргаж байгаа нь л хамгийн эмгэнэлтэй.

Тэгээд ч энэ дүлий байдлыг өнгөрсөн “Цусан сонгуулийн” дараагаас эхлэн хүчний байгууллагууд өргөнөөр хэрэглэж, энэ хэлбэрт даруй шилждэг болсон юм.

Ямар сайндаа талбай дээр цугласан морьтон эрсийг алсаас ажиглаж байсан цагдаа эр “Гэр нэмж барина гэж байна. Багтах юм барьж л байг, уйдахаараа удахгүй буцаагаад буулгачихна даа” гэж суусан гэдэг. Энэ үгийг сонссон сэтгүүлч “Та нар ямар нэгэн шаардлага хүргүүлсэн үү?” хэмээхэд “Үгүй ээ. Биднийг ямар нэгэн шаардлага тавих юм бол наадуул чинь сүр дуулиан дэгдээгээд хүмүүс нэмж ирж бужигнаад сүйд болно. Түүний оронд чимээгүй алсаас ажиглах нь зүгээр байдаг юм. Аяндаа л яваад өгнө” гэж хариулсан байвал ямар байна даа. Гэхдээ тэдэнд буруу нь юу байх билээ. Зүгээр л дүлий төрийн даалгаврыг ягштал биелүүлж байгаа хэрэг шүү дээ.



“Монголын хүний төлөө” нэртэй намыг нэгэн үе “Эх орон” намд зүтгэж явсан Д.Уламбаяр, Б.Мөнх-Алдар нарын олны танил биш “гарууд” үүсгэн байгуулах гэнэ. Ингэснээр 2016 оны сонгуульд улс төрийн том сөрөг хүчин байж, төр барих боломжтой гэдгээ бусад намаас шударга байх гэдэг ганцхан үгээр тайлбарлаж байгаа юм.
Гэтэл одоогоор манай ард түмэн нам гэдэг “луувирчдын бүлэглэл”-ээс үнэндээ залхаж байна л даа. Тийм учраас өмнөх гэмт хэргийн бүлэглэл, луувирчдаа яая даа гэж байхад шинэ нам бол яамай л байна.
Тэгээд ч хэдий шударга ёсыг баримтлах, төлөв төвшин үзэлтэй хэмээн донгодож байгаа ч нам л юм хойно “гэмт хэргийн бүлэглэл” болж таарна л даа. Учир нь шударга ёс, ард түмэндээ хүрч үйлчилэхгүй гэсэн уриатай нам дэлхийн хаана ч үгүй билээ. Хэдий зорилго чиглэл нь ийм уран яруу боловч тэд зөвхөн мөнгө, эрх мэдлийн хэрэглүүр болдог жамтай болоод ч удаж дээ. Тийм ч учраас бидний сонголт таалагдахгүй бол буудаж, ядуу зүдүүгээр нь далимдуулж мөнгө амлачихаад дараа нь жинхэнэ “луу унждаг” билээ. Энэ бүхэн мэдээж гэмт хэрэг байхаас гарцаагүй шүү дээ. Тийм болохоор л улс төрийн намуудыг товчхондоо “гэмт хэргийн бүлэглэл” хэмээн нэрлээд байгаа юм.
Ёстой л ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Г.Ням-Очирын хэлсэн шиг “Нам л бол нам. Чухамдаа ”Муур багш” гэсэн үг” гэдэг шиг нам гээч “луувирын бүлэглэл” хэдий чинээ нэмэгдэнэ нийгэмд төдий чинээ гэм хор учруулдаг нь баримт сэлт, хуучин цагийн он тоолол, сэхээтэн бүхнийг алсан зэргээс үл хамаараад нотлогдож байна л даа.
Гэтэл ийм цэвүүн цаг үед шинэ нам байгуулна ч гэх шиг хайран залуу насандаа мөн ч их “балайтах” улс юм даа. Ядахад тус намд нь улс төрийн хүчин бүхний төлөөлөл багтсан гэж байгаа. Энэ бүхнийг өнөө цагийн хүн хүндээ итгэхээ байсан хэцүү үзлээр бол магадгүй намаасаа мандаж гарч чадаагүй, овойж гарах санаа өвөртөлж хувийн тоглолт хийж байгаад удирдлагууддаа “жийгдсэн” зэрэг нөхөд ч цугласан байж мэдэх.
Гэхдээ л мөнгө, нэр алдарт дуртай эх орончгүй хүмүүсийн үхэн хатан зүтгэдэг нам гээч өнөөх “гэмт хэргийн бүлэглэлүүд” нэг хүчээ авсан л бол хэзээ ч засрахгүй, маш нарийн арга барилтай болж, түүнээсээ сэтгэл ханамж авдаг гэмт хэрэгтэн шиг улайрдаг юм байна. Угаасаа ч мөнгөний үнэр гээч зүйл хүнийг ийм болгодог “хог”-ийн эд юм л даа. Гэхдээ л мөнгө амлаад өгдөггүй, суудал булаацалдахаараа нэгийгээ хорлочихдог, өөрсдийг нь сонгохгүй болохоор мань мэтийгээ ангуучилдаг ийм улс төрийн зүтгэлтэнтэй цагт дахин сануулахад шинэ нам зэрэг бол яамай л байна. Аягүй бол шинэ арга барилаар сонгуульд оролцож байна гээд орчин үеийн нарийн боловсруулсан хорлон сүйтгэх ажиллагаагаар гэм зэмгүй иргэдийг цус гаргахгүй “цааш харуулах” ч юм бил үү хэн мэдлээ.
Үнэндээ энэ бүхэн давсалж, хачирлаж байгаа эд биш л дээ.
Яагаав өнгөрсөн зууны хувьсгалтууд, өнөө цагийн МАН-ынхан яаж коммунист зан гаргаж түүхэнд хар толбо үлдээлээ дээ. Адаг сүүлд нь цагаатгал нэрээр баллуурдахыг хүсч мөн ч тэчяадсан даа хөөрхий. Мэдээж энэ бүхэн нь бүтэлтэй болохгүй нь тодорхой байхад дээрээс нь “гэмт хэргийн бүлэглэл” нь хоёр толгойтой болж, хэн нь илүү гэмт хэрэг үйлдсэн, аль нь эхэлж “гэмт хэргийнхээ” төлөвлөгөөг боловсруулах оромж буюу сүйхээтэйг нь “нам” дарах ажиллагааныхаа байрыг шатаасан зэргээр уралцаад бүр хөгөө чирч байдаг. Тэгвэл улаан хувьсгал буюу коммунист дэглэмийг сөрөн цэнхэр туг мандуулан байж гарч ирсэн АН-ынхан ч бүр одоо “сөнөчихлөө” л дөө. Ямар сайндаа л ялагдал хүлээсэн хэрнээ ичих ч үгүй ад үзээд байсан улаан хувьсгалтуудынхаа өвөрт шургалж, улмаар амаа үдүүлэн дагаар орж байх вэ дээ. Уг нь тэд цагаа олж өлсөөд, нийгмээ мэдэрч эргэлт хийсэн боловч даанч богино “наслалаа” даа.
Харин энэ “Монголын хүний төлөө” нам гээч зүйл бол яавч тэдэнтэй адил цаг үеэ мэдэрсэн зүйл биш төдийгүй алдарт “гэмт хэргийн бүлэглэлүүд” шиг чадалтай болж чадахгүй л дээ. Харин хороондын дарга нарыг өгөөшинд оруулсан өнөөх уран аргаараа, эсвэл хэлбэрийг нь өөрчлөөд АН-ын нээсэн жимээр аргалж биш оосорлож чирээд өөрсдөдөө дагаар оруулах байлгүй.
 Энэ бол бас л хэтрүүлэг биш...

Яана даа, Ц.Шинэбаяраа

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн tsuurai

УИХ-ын эрхэм гишүүн Ц.Шинэбаяр хэсэг гүйсний эцэст нам ч үгүй суудал ч үгүй үлдэх нь дээ хөөрхий. Баабарын хэлсэнээр Ерөнхийлөгч байхдаа улсынхаа төсөвөөс баян явсан Н.Энхбаярыг дагаж далдайгаад хэвлэлд нийтлэгдсэн олон зураг, муу сайнаар балбуулсан хэдэн мэдээнээс өөр тэр юу ч хожсонгүй.

Харин ч түүнийг “бүтэлгүй” ирээдүй хүлээж байгаа нь одооноос илэрхий болж байна.

Ядахад МАХН гэсэн нэрийг Дээд шүүх шийдэж чадахгүй байсан хэрнээ Н.Энхбаяраас жийрхэхдээ буцааж чадалгүй, МАН-ын дарамтаас айхдаа баталж зүрхлэхгүй байсаар Үндсэн хуулийн цэц рүү нялзайлаа. Уг нь Дээд шүүх чадлынхаа хэрээр “саартуулж” сар гаруй хугацаанд баримт сэлтийг нь нам дарж МАН-д буян болсон л доо. Гэтэл хичээгээд хичээгээд үүнээс илүүгээр “С.Батболдтонгуудад” тус хүргэж үнэндээ чадсангүй.

Гэтэл одоо Үндсэн хуулийн цэцийн даргын суудал эзгүй, ганц хоёр нөхрийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир яаран шийдчихгүй нь ойлгомжтой. Тийм болохоор л МАХН гэсэн нэрээр Ц.Шинэбаяр овоглох боломж үнэндээ бага үлдээд байна. Тэгэхээр энэ бүхний ард УИХ-ын гишүүний “хар хэл ам” шингэсэн суудалд 10 гаруй жил унан босон байж тухалсан эрхэм л бусдаасаа хүчтэй газардана даа. Н.Удвал ч яах вэ бүтэлгүйтсэн ч хамаагүй гэртээ суугаад ач, зээгээ харчихна. С.Молор-Эрдэнэ ч мөн ялгаагүй энэ олон их, дээд сургуулийн нэгэнд нь очоод лекц уншаад болоод л байна. Н.Энхбаяртай бол бүр яриад ч хэрэггүй. Түүний ямар хүчтэй болох нь МАН түүнийг шахаж гаргах гэж хэрхэн сандарч байгаагаас, шинэ Ерөнхийлөгчийн засаглалаас хойш шударга байх зарчимтай болсон өнөөх хууль, хяналтын байгууллагууд нь яаж ч чадахгүй байгаа зэргээс бэлхнээ харагдаж байгаа биз дээ.

Харин Ц.Шинэбаярт бие даахаас өөр гарц үлдэхгүй нь. Ирэх сонгуульд түүнд МАН, АН хоёроос мандат олдохгүй нь тодорхой. Гал үндэстэн, Онги гол, Газар шороо өөр юу юу ч билээ тэр олон хөдөлгөөнүүд уул уурхай ухаж төнхдөг арчаагүй эх оронч сэтгэлгүй улстөрчөөр нь дуудаж шоу хийгээд нэгдэх саналыг нь хүлээж авахгүй ч байж мэдэх юм. Харин Н.Энхбаяр бол нэгтгэж чадна шүү.

Тэгэхээр Ц.Шинэбаяр ирэх сонгуульд бие даана гэдэг бусад гишүүнийг бодвол харьцангуй бага хөрөнгөтэй буюу хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаснаар 31 сая төгрөгөө /жилд 31 саяын орлоготой байна гэдэгт итгэхгүй байгаа юм даа/ бүгдийг нь бараад, дээрээс нь хэд дахин үлүү өрөнд унахаас өөр замгүй л дээ. Гэхдээ урьдын адил сонгогчид ганц хоёр сая төгрөгт хууртахгүй харин хөрөнгийн бирж, Адуун чулууны уурхай зэргийн хувьцаагаар л түүнд санал өгөх болов уу.

Дээрээс нь түүний энэ гарцаагүй байдлыг мэдчихээд санаатайгаар дарамталж байгаа юм шиг намуудын дарга нар мөнгө амлахаа байя ч гэх шиг балай зүйл яриад гарын үзэг зуралцаад бөөн сүр болчихсон байдаг. Тэгэхээр Ц.Шинэбаяр минь хатуухан хэлэхэд байдагаа бараад, дээрээс нь өр зээл тавиад “үзсэн” ч дахиад л унахаас гарцаагүй болж байгаа юм биш үү.

Харин Н.Энхбаяр МАН-тай наймаалцсан бол Н.Удвал, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр гээд хэд хэдэн хүнд суудал авч өгөх боломжтой байсан хэдий ч одоо нэгэнт оройтчихлоо.

Харин ч энэ хооронд МАН-аас хойгуур урдуур нь гүйж аль болох Н.Энхбаярын хүчтэй довтолгоог зогсоох арга хэмжээг авч, МАХН-ын нэрийг хууль хяналтын байгууллагуудын дунд цааш нааш зөөсөөр яваад сонгууль дөхүүлэх сонирхол бий. Түүнээс өөр аргаар Н.Энхбаярыг дийлэх боломж угаасаа ч МАН-ынханд тун бага үлдэж дээ. За энэ ч яах вэ. Намын дарга, нэр дэвшигчид уран яруу донгоддогоороо донгодож, тэр бүхнийхээ ард луувир хийдгээрээ хийж сонгууль дуусна. Харин галуу дагаж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг Ц.Шинэбаяр минь яана даа. Тэр өндөрлөгөөс маш чанга унана шүү дээ...


Хорооны дарга, эхний шат

2011 оны 04-р сарын 12 Нийтэлсэн tsuurai

Сонгуулийн салхи сэвэлзээд, байгалтай зүйрлэх юм бол мод гөлөглөчихсөн энэ үед нам гээч “гэмт хэргийн бүлэглэлүүд” янз бүрийн зүйлийг сэдэж, иргэдийн анхаарал татах аяныг эхлүүлээд байна. Саяхан улстөрийн намуудын дарга нар ирэх сонгуульд бэлэн мөнгө амлахгүй хэмээн гар хөлөө барилцав. Ингээд бидний их мөнгө санал болгосных нь хариуд саналын хуудас бөглөдөг үе “дуусчээ” хөөрхий. Уг нь, амлалтаа биелүүлдэггүй улстөрчдийн тухай бид ч бичих зүйлтэй, улс орныхоо энхийг сахиулагчид хэмээн гарч ирээд улаан мөнгөний хойноос гүйгдэг жагсагчид нь төв талбай дээр цуглах шалтгаантай байсан юмсан даа. Ядахад л 21 мянган төгрөгөн дээр иргэд хэрхэн алалцаж байгаа тухай бид сурвалжлага хийгээд л, улстөрчид хамгаалалтгүй нэг хөнжилд орон байж дундаасаа өгсөн өчүүхэн мөнгөөрөө “Хүний хөгжил сан” гээч сүрхий нэртэй хуримтлал үүсгэн хүн амынхаа өсөлтөд анхаарч байгаа дүр эсгээд л нэг хэсэг хэн хэнд нь л хийх ажил их байж дээ, улстөрчид бид хоёрт.

Гэхдээ намын дарга нар ингэж гар хөлөө барилцлаа гээд улстөр цэвэр болж байгаа хэрэг биш л дээ. Харин ч “гэмт хэргийн бүлэглэлүүд” нэгдэж, маш нарийн луувирын аргыг боловсруулж буйг монголын ард түмэн бүгдээрээ харж байна.

Улстөрчид нэгээрээ бас нийтээрээ сонгуульд амжилттай оролцох тухайгаа аль эртнээс төлөвлөсөн. Тэр төлөвлөгөө нь ч эхнээсээ биелэлээ олж байгаа. Тэд маш олон хууль бус хувилбарыг авч үзсэний нэг нь хороон даргаар биднийг хорлуулах санаа юм.

Муу зүйлд гаршиж, луувирын арга барилаар олон жил “тулаанд” орсон туршлагаараа МАН, оройхон гараад асар их туршлага хуримтлууж чадсан өсөх ирээдүйтэй “луувирчид” болох АН-аас төрийн албан хаагчдийн амжиргааг дэмжих нэрийн ард хороодын Засаг дарга нарыг эхнээс нь өгөөшинд оруулж эхэлжээ. Өнгөрсөн жилээс эхлэн Баянзүрх дүүргийн бүх хороодын Засаг дарга нарыг машинжуулах хөтөлбөрт хамруулж дуусмагцаа Сонгинохайрхан дүүргийн 25 хороо руу довтолж эхэлсэн байна. Уг нь Засаг дарга солигдоход машин нь шилжин явах цом шиг үлдэх болзолтой юм гэсэн, харж л байхаас. Ийнхүү жил гаруй хугацаанд Засаг дарга нарт ивээлээ “хайрлах” бэлгийн аян үргэлжилсэн гэж бодохоор “луувирын бүлэглэлийнхэн” ажиллагаагаа маш цэвэрхэн хийж байгаа юм шүү. Тэгсэн атлаа өнгөн дээрээ шударга сонгуулийн зарчим, аль хувилбарыг сонговол иргэдийн маань санал эзнээ олох вэ? Ард түмнээ мөнгө амалж зовоохгүй байх гарц нь хаана байна вэ? гэх мэт нээх бодлогоширсон дүр үзүүлэн үгээ зөөж ядаад л. Нээрээ тэд үнэн жүжиглэж чадаж байгаа юм шүү.

Тэгээд ч иймэрхүү жүжиг тавихыг юман чинээд бодохоо байсан “луувирын бүлэглэлүүд” Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны Засаг дарга нарын халаас тус бүрт нь хоёр сая төгрөг шургуулж, “Цалин хөлс багатай, цаг наргүй ажилладаг юм. Төрийн зүгээс харж үзэж байгаа болохоор амжиргаагаа дээшлүүл” гэсэн утгатай үг унагасан байх юм. Үнэндээ энэ нь тэдний амжиргааг бодсондоо бус луувирынхаа талбарт хүчээр уруу татаж оруулж байгаа хэлбэр нь энэ л дээ. Тэгээд ч хорооны Засаг дарга нарт маш их үүрэг гүйцэтгэх луувирын замыг “луувирын бүлэглэлийнхэн” өөрсдөө зааж сонгуульд оруулдаг болохоор тэднийг дайчлахгүй үлдээнэ гэж үгүй л дээ. Жинхэнэ хорыг хороон дарга гардаг хийдэг учраас тусламжийн гараа сунгасан дүр эсгэж, эгнээндээ элсүүлэх нь нэн тэргүүний үүрэг байхаас гарцаагүй.

Ингээд хөөрхий хороон дарга нар “энхрий хайрт нам”-ынхаа даалгавараар авлигын их оргил өөд хормойгоо шуугаад мацаж эхлэв ээ. Цөөн үгээр хэлбэл хороон дарга гэдэг авлигын, хорын, луувирын бүгдийнх нь эхний шат болж таарч байгаа юм л даа.

Гэхдээ их ажлынхаа дараа “луувирчдын бүлгийнхэн” бага үнэ ханшаар ихийг бүтээж өгснийх нь хариуд муусайн хороон дарга нарыг хоморголон дарж чадах л улс даа. Угаасаа энэ үзэгдэл нам нэртэй “луувирчдын” саяхан нэвтүүлж байгаа шинэ арга барил биш болохыг өнгөрсөн зуунаас эхлээд өнөөдрийг хүртэлх түүх гэрчилнэ шүү дээ. Гэхдээ л шинэ ч бай, хуучин ч бай луувирын арга барилын хүчинд энэ цаг үед байгаа хороон даргын ходоод хангалттай цадах нь тодорхой боллоо. Хүний өөрийнгүй, улаан цэнхэр үзэлтэн гэлтгүй бүгдийнх нь хорыг хайр гамгүй “цутгасаны” хүчинд авлигын эхний шатыг алхсан хүмүүс цаашид ихийг “хийх” нь лав гарцаагүй.

Харин олон жилийн дундаж үзүүлэлтээр ирэх сонгуулийн дараагаас хороон Засаг даргын суудал үнэд хүрч мэдэхээр байгаа юм. Учир нь, “луувирчид” хаялага их өгөх учраас эрэлт ихэсч, зарим нэг нь халдалгад өртөж ч болох. Ийм цаг үе тулж ирэхэд тийм ч их гайхах хэрэггүй л дээ. Энэ чинь л өнөөгийн улстөрийн араншин шүү дээ. Яагаав бизнесмэнүүд нэг хэсэг УИХ-ын суудалд бүгж, өөрсдөдөө ашигтай олон хууль батлуулдаг болсны дараа яалаа. Ухаантай нь биш, мөнгөтэй тэгээд хувьдаа томоохон бизнестэй нөхөд л нэр дэвшдэг болоо биз дээ. Тэгээд бусдаасаа түрүүлж, өөртөө ашигтай хууль батлуулж чадсан сүүхээтэй нэгийгээ толгой дараалан хороогдоод сүйд болсон юмдаг. Яг түүнтэй адил бага гэлтгүй Засаг даргын суудалд сууж, халаас руугаа хэдэн төгрөг чихүүлэх хүсэлтнүүдийн дунд бяцхан бяцхан өрсөлдөөн бий болно л доо. Харин урьдын цусан сонгууль шиг буун дуу л бага гараасай билээ. 

Эмч нараа багжаа хурцлаарай

2011 оны 04-р сарын 11 Нийтэлсэн tsuurai

Их, дээд сургууль төгсөгчдийн хонхны баяр өнгөрсөн долоо хоногоос эхэллээ. Манай улс их дээд сургуулийнхаа тоогоор “Азийн бар” орнуудыг аль хэдийнэ тоосоороо булсан учир энэ баяр одооноос эхлээд наадам дөхтөл үргэлжилдэг жамтай. Яг ийм цаг үед манай эмэгтэйчүүдийн эмч нар мөн ч их орлого олж, басхүү хангалттай ихээр гэм нүгэл үйлддэг жишиг тогтоод цөөнгүй жил өнгөрчээ. Учир нь хонхны баяр, шинэ жилийн дараа үр хөндөлт эрс нэмэгддэгийг зарим эмч хувийн судалгаагаар нотолсон байдаг аж. Одоогоор нийслэлийн хэмжээнд 120 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг ажилладаг гэсэн бүрэн бус тооцоо бий. Энэ зөвхөн бүртгэлтэй байгаа нь. Үүнээс цаана зөвшөөрөл аваагүйгээр хэдэн эмнэлэг “аллага” үйлдэж буйг таамаглахын аргагүй юм. Эдгээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа нь охид, бүсгүйчүүдийн толгойн өвчин болсон хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоох буюу үр хөндөлт. Тэгвэл бүртгэлтэй байгаа 120 гаруй эмнэлгийн 16 нь л “аллага” хийх зөвшөөрөлтэй аж. Бусад нь сайн дурын уран сайханчид гэдэг шиг орчин нөхцөл, тоног төхөөрөмжөө сайжруулаагүй ч үр хөндөлт хийсээр буй.

Харин манай улс өнгөрсөн хичээлийн жилээс чанаргүй боловсролыг таслан зогсоох, “лааз өгөшлөгчдийнхөө” эгнээг нэмэглэх зорилгоор зарим их, дээд сургуулийг төрийн өмчийн томоохон сургуульд дагаар оруулсан хэдий ч тоо, чанар хоёрт нь төдийлөн ахиц гараагүй юм. Энэ жилийн хувьд л гэхэд 160 гаруй их, дээд сургуулийг 30 гаруй мянган оюутан төгсөхөөс 70 гаруй хувийг нь охид эзэлж байгаа аж. Бэлгэвчний хэрэглээ гуравхан хувьтай байдаг манай улсын хувьд дээрх тоо мэдээж эрсдэл өндөртэй байх нь гарцаагүй болохыг эмчийн судалгаа харуулж буй тухай дээр өгүүлсэн билээ.

Харин энэ эрсдэл хувийн эмнэлгүүд, эмч нарын гэр бүлд маш их дэм, том хөрөнгө оруулалт болж өгдөг нь хэн бүхэнд тодорхой. Тэгээд ч эхийн хэвлийд байгаа амьд хүнийг “алах” эрхийг ангаахын сургууль дүүргэсэн хэн бүхэнд нээлттэй орхисон нь өнөөгийн энэ олон хувийн эмнэлгийн оршин тогтнох суурь болж байгаа гэхэд хатуудахгүй.

Хатуудахгүй ч юу байхав угаасаа үнэн юм чинь яах вэ дээ. Ингэлээ гээд “аав”-ындаа хийвэл тэр л биз.

Үнэндээ эмч нар хүмүүний алтан амийг “Аврах” гэсэн бурхны номлолоос өөр газар тэр бүр харагдаж, сонсогдохоо байсан гэгээн нэрийн ард олноор нь алж, устгаж халаасаа зузаалдаг нь тийм ч нууц биш. Нэгэнт нийгэм нь ийм, яам нь бодлогогүй энэ үед эмч нар ч багжаа хурцалчихсан, хувийн эмнэлгүүд нь үргэлжийн ачаалалтай байдаг мах бэлтгэн нийлүүлэх төв шиг “аллага” үйлдэхдээ хэзээд бэлэн байгаа.

Энэ их хөдөлмөрийнхөө хүчинд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 12492 эхийн үр хөндөж, төдий чинээ монгол иргэнийг цааш харуулжээ. Үүнээс нийслэлд 8214 нь хийгдсэн байх юм. Магадгүй тэдэн дунд ихэр хүүхдийн ижил амь ч байж болох шүү дээ.

Гэтэл энэ даамжирсан хууль бус “аллагад” Эрүүл мэндийн яам гэх “бунхан” шиг чимээгүй газар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй бололтой. Хэрэв хувиараа “аллага” үйлдэгчдийн эсрэг тэмцдэг, тэдний үйл ажиллагааг таслан зогсоодог байсан бол гавьяа байгуулсан баатар шиг хэвлэлийнхнийг цуглуулж, сайд даргагүй гүйлдэн байж, эрүүл мэндийн энхийн манаанд зогсч буйгаараа гайхуулах байсан нь лавтай. Зүгээр л тэд улсын наадамд амжилттай оролцсон мэргэн түргэн харваач, худалдаж хуйвалдаж авсан шинэ цолтнуудад дурсгалын зураг гардуулахад л салбарын сайдаа заавал байлгаж, тэдэн камер, тэдэн сонин байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм шүү дээ. Тийм байтал ийм үйл хэргийг бодлогынхоо төвшинд илэрүүлж, чимээгүйхэн арга хэмжээ авдаг гэдэгт лав эргэлзэж байгаа юм. Яам даяараа байг гэхэд ядахад салбарын сайд нь үр хөндөлтийг хязгаарлах тухай хууль дүрэм гаргаж, үүнийхээ төлөө УИХ-ын танхимд тав аравхан минут маргалдсан бол сонгуулийн “үнэр” сэнгэнсэн энэ үед жинхэн шоу хийгээд мандаж яваа биз. Ядаж л багцаасаа 10 сая төгрөг байршуулжан байж худалдаж авсан ганц нэг сониндоо бодлогын ярилцлага өгөх байсан даа. Би түүнээс зөн билэгтэн, онгод тэнгэртэй холбогддогтоо ингэж таагаад байгаа юм биш. Угаасаа л улстөрчийн араншин нь энэ юм шүү дээ.

Тэгвэл энэ “аллагыг” гардан зохион байгуулдаг мэргэжилтнүүд нь үр хөндөлт бол эмэгтэйчүүдэд үзүүлж буй тусламж хэмээн нэрлэдэг. Тэр ч бүү хэл үр хөндөлтийн ачаар эхийн эндэгдэл багасч, “ач буянаа” үзүүлж байгаа хэмээн сайрхах нь бий.

Тиймдээ ч энэ “тусламжийн аянд” 100 гаруй эмнэлэг, зуу зуун эмч 1989 оноос эхлэн ханцуй шамлан нэгдсэн нь өнөөдөр ийнхүү хэмжээ, хязгаараа алдаад байгаа юм. Тийм болохоор төгсөлтийнхөө баяраар хонх биш хундага жингэнүүлэн цэнгэдэг оюутнууд минь эрүүл харьцааг сонгохгүй бол мах бэлтгэн нийлүүлэх төв шиг хувийн эмнэлгүүдэд хурц багажтай, цагаан халаадтангууд бурхны номонд л ганц нэг үзэгддэг болсон “аврал” гээч үгийг хэлээд ханцуй шамлан дайрах вий дээ. Гэхдээ Монголын оюутны оюутны холбоо нэгэн амлалт өгсөн дөө. Яагаад архи уухаа байна гэж...

Жагсаалын тухай бодол

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн tsuurai

  Юуны өмнө нэг онигоо ярьж, өгье

Нэг оюутан өглөө босоод боджээ. За өнөөдөр хичээлдээ явах уу? яах вэ? юу ч гэсэн зоос шидээд үзий. Сүлдээрээ буувал зах гарна, тоогоороо буувал шоудна, босоогоороо буувал хичээлдээ явахаас... Оюутнуудаа гэж дог байгаа биз. Энэ бол “баримттай” онигоо. Өнөөдөр нийслэлийн төв талбай дээр уриа лоозон барьсан оюутнууд жагсаал хийв. Тэд сургалтын төлбөр, оюутны цахим үнэмлэх, нийтийн тээврийн ганц нэг зуун төгрөгийн төлөө цугласангүй, харин өөрсдийнхөө гол хэрэглээ болох Архи, тамхийг эсэргүүцэж ийнхүү жагсаал хийлээ. Тэр ч бүү хэл багшийнхаа төрсөн өдрийг санадаггүй хэрнээ марталгүй тэмдэглэж заншсан “Баасан ах”-ынхаа баярын шоуг “булшлах” юм гэнэ. Үүнийг хараад л дээрх баримтат онигоо, санаанд ороод инээх, гайхах хоёр зэрэгцэв. Үнэндээ нийслэлийн энэ олон баар, цэнгээний газар, 10 гаруй архины үйлдвэр та нарын хүчинд оршин тогтнож байгаа бус уу, оюутнуудаа. Тэгээд ч сургууль, баар хоёр зах зээлийн жамаар холбогдсон заяа нийлсэн “андууд” яахын аргагүй мөнөөсөө мөн. Тэднийг ураг барилцахад нь мэдээж, архины үйлдвэрийн брэнд, хуурамч бүтээгдэхүүнүүд бүгд л ялгаагүй дэм болсон нь гарцаагүй. Ямар сайндаа л хувийн үйлдвэрийн хямдхан архинд “Оюутан Болор” гэдэг сүржин нэрийг хайрлаж байх вэ дээ. Одоогоор манай улс, 160 гаруй мянган оюутантай гэсэн судалгаа бий. Үүнээс зөвхөн нийтийн тээврээр зорчдог нь 80 гаруй мянга гээд бод доо. Тэгвэл баараар үйлчлүүлдэг, найман нэрийн дэлгүүрийн хаалгыг харанхуй шөнө балбадаг нөхөд нь хэд байж таарах вэ. Мэдээж нийтийн тээврээр зорчдог оюутнаас бага тоо гарахгүй нь тодорхой юм. Тэгээд ч тоо толгойг нь гаргахын тулд олон жишээгээр тайлбарлах гэж төөрч мунгинах, эсвэл судалгааны хуудас бариад согтууруулах ундаа борлуулах зөвшөөрөлтэй газруудын хаалгыг татах хэрэггүй. Эрүүлжүүлэх байрны бүртгэлийг бол хараад ч хэрэггүй. Угаасаа тодорхой юм чинь. Түүний оронд оюутан бараадсан энэ олон баар, цэнгээний газрын цэцэглэн хөгжих үйл явцыг харахад л хангалттай билээ. Одоо манай улсад хаана олон их, дээд сургууль, оюутны дотуур байр байна, тэнд хямдхан өрөөтэй, яайзгий ортой зочид буудал, цөөхөн ширээтэй ч учиргүй олон лонх өрсөн баар, зоогийн газрууд битүү бий. Ийм газраар номын худалдаа, бичиг хэргийн дэлгүүр, үзэг, харандааны гэр, бэх хайгаад бол цагийн гарз. Тэгвэл өөр нэгэн болсон явдал өгүүлье. -Нэг их сургуулийн өвгөн багш тэтгэвэртээ гаржээ. Өөрт хэрэгтэй зүйлээсээ бусдыг хөдөлгөлгүй орхисон юмдаг уу даа. Гэтэл өөрийнх нь шүүгээ, өрөөнийх нь булан тохойгоос нийт гурван шуудай архины шил гарсан юм гэдэг... Багш нараа гэж, бас л дог байгаа биз. Бүгд найрамдах сэтгэхүйтэй хэвээрээ, “Биеийн тамир бол бүх нийтийн үйл хэрэг” гэдэг шиг өнгөрсөн нийгмийн тулган шаардсан зарчимтай, ийм сурган хүмүүжүүлэгчтэй оюутнууд ингэж цэнгэхээс ч бас аргагүй юм уу даа хөөрхийс. Ямар ухаантай сурган хүмүүжүүлэгчийн өрөөнөөс нь архины шил, тамхины иш шуудай шуудайгаараа гарч, оюутнууддаа төдий чинээгээр согтууруулах ундаа, тамхи хоёрын үнэгүй сурталчилгаа хийсэн байх вэ дээ. Зарим үед бүр оюутнаа хичээлээс нь чөлөөлж, архинд гүйлгэх, өөрөөсөө мөнгө нэмээд ганц удаагийн аяга авах тухай тохироо хийх нь бол энүүхэнд. Ийм байхад ингэж жагсаад амжилтад хүрэх болов уу? Харин өөрийн толгой дээрх бухалыг хараагүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг хардагийн үлгэрээр улаа үзсэн шувуу шиг ингэж арзганаж байхынхаа оронд өөрсдөө харин ууж, шоудахаа байчихвал та нарын эсэргүүцээд байгаа баар, цэнгээний газар, архины үйлдвэрүүдэд хаалгаа барихаас өөр ирээдүй байхгүй шүү дээ. Гэхдээ л та нар “Баасан ах”-ынхаа төрсөн өдрийг мартаж, мянга мянгаараа архинаас гарч чадахгүй л дээ. Ёстой хоншоор чинь дутаж, сүүлдээ өөрсийнхөө уриалгад ороогдох вий дээ. Нээрээ оюутнууд дэндүү олон лонх суллаж байна аа. Эд нар л хэлсэн амандаа хүрээд согтуулуулах ундаа хэрэглээ байчихвал архидалтын хэмжээ жинтэй буурахсан. Даанч тэд хэлсэн амандаа хүрэхгүй л дээ. Дахин хэлэхэд хоншоор нь хол оо дутна.

Тэдэнд “Гурван хүүхэн” гэсэн нэр санал болгоё

2011 оны 04-р сарын 01 Нийтэлсэн tsuurai

“Гурван охин” хамтлаг нэрээ солих шийдэлд хүрчээ. Хамтлагийн ахлагч нь “Тохирсон нэр олдвол сольж магадгүй” гэсэн товчхон хариултыг өгсөн байна лээ. Тэгэхээр ямартай ч хамтлагийн бүсгүйчүүд нийгмээ мэдэрсэн байхаас гарцаагүй. Тэдний энэ санаанд би ямар их баярласан гээч. Уг нь энэ хамтлагийн бүсгүйчүүд аль эрт л дээрх тухай бодох хэрэгтэй байсан юм даа.

Үнэндээ сүүлийн хэдэн жил хамтлагийн нэр томъёо үнэхээр инээдтэй байсан юм шүү. Зорьж очсон сэтгүүлчид нь хүртэл албатай юм шиг найз залуу, гэр бүлтэй болох тухай асуулт унагана. Хариуд нь “охид” гэсэн тодотголтой байж, хайр дурлал, гэр бүл, тэр ч бүү хэл сексийн тухай хэзээний бүсгүй аясаар өөрсдийнхөө бодлыг өгч буцаана. Хэрэв уран бүтээлийг нь мэдэхгүй, дуу хоолойг нь сонсоогүй алтаа бичиг үсэг тайлагдсан нөхөд уншвал мэл гайхаж, одооны хүүхдүүдийн замбараагүйг хэмээн цааш дуржигнуулаад өнөөх л үе удам дамжсан алдарт шүүмжлэгчийнхээ ажилд орох байсан даа.

Зарим үед “Гурван охин” хамтлагийн гишүүн өнгөтэй бизнесмэн дэгээджээ гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ч гарах юм. Зөвхөн энэ бүхнээс л ажиглахад тэднийг охидын жагсаалтаас аль эрт хөгжөөн дэмжигч, сонсогчид нь гаргажээ.

Тийм болохоор өөрсдийн хэв маяг, гишүүдийнхээ тоог илэрхийлсэн утгаа хэвээр үлдээж, “Гурван хүүхэн” гэсэн нэртэй болох нь ямар вэ?

Би л хувьдаа ийм нэрийг санал болгомоор байгаа юм. Энэ бодол өнөөдөр ганцхан надад төрсөн юм биш л дээ. Магадгүй нэрээ солих тухай мэдээг дуулсан хүн бүрт “Гурван хүүхэн” гэсэн нэр хамгийн түрүүлж, ой тогтоолд нь бууж ч болох юм. Бараг энэ сэдвээр захын хүнтэй мөрийцэхэд алдахгүй дээ.

Тэгээд ч урлаг соёлын том арга хэмжээн дээр “Гурван охин” хамтлаг хэмээн сүржин даржин нэрээр дуудуулаад нас бие “гүйцсэн” хүүхнүүд цовхчоод гараад ирэхээр хэнд л сайхан санагдав гэж дээ. Ядахад гадны зочин ирээд энэ ямар хамтлаг вэ хэмээн асуувал орчуулагч нь юу гэж тайлбарлах, нэрийг нь сонсоод боловсролгүй жуулчин байсан бол ямар бодол тээх байсан бол. Нөгөөх наадмын тухай алдарт онигоо шиг л юм болох ч юм бил үү, хэн мэдлээ. Яагаав, нэг гадаад улсын наадмаар бөх үзэж суугаад “Түрүүлсэн бөхөд нь Бат-Эрдэнэ, хоёрт орсонд нь Мөнх-Эрдэнэ” гэж нэр өгдөг юм байна лээ гэж ярьсан гээ чиз дээ. Түүнтэй адил “Чингисийн монголчууд эмэгтэй хүн бүрийг “охин” гэдэг юм билээ” хэмээн нутагтаа очоод соёл судласан хүн шиг баахан бурвал яана аа. Тийм болохоор энэ хамтлагийн бүсгүйчүүд хожуу ч гэсэн хамтлагийнхаа нэрний утга агуулгыг ухаарч.

Нээрээ, сониноос энэ сарын сүүлээр мини санал болгосон нэрээр “Гурван хүүхэн” хамтлаг орчин үеийн болоод тун гайхалтай шоу тоглолт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон юм билээ. Амьд хөгжимтэй дуулж, мэргэжлийн бүжигчдээр хүч нэмэх тус тоглолт залуусын сэтгэлд нийцэх лав гарцаагүй. Учир нь тэд муу уран бүтээлч биш юм шүү. Өнгөрсөн зууны хуучинсаг үзэлтнүүд өнөө цагийн бүсгүйчүүдийг үсээ хоёр боосон, энгэрээ далдалсан бүтүү хувцастай байх зарчим тавьж, хэв маягаа өөрчилснийг нь шүүмжилж тэнэгтэх ч юм биш. Харин ч орчин үеийн өсвөр насныхан болоод өөрсдийн үеийн бүсгүйчүүдийнхээ хэв маягийг тодорхойлж, дэлхийн жишигт хүргэж яваа, энэ үүргээ биелүүлж чадаж байгаа бүсгүйчүүдийн хамтлагт баярлах учиртай биз. Харин ирэх тоглолтод миний санал болгосон нэрээр тайзан дээр дуудуулах уу, эсвэл “охид”-ын дүрд дахин хувилах уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.





Үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барих үеэр...

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн tsuurai

Дотоодын зах зээл дээр кг ноолуур 80 мянгад хүрч байгаа дуулдана. Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчид даралтад орчихсон хоёр дал нь хөрсөнд хүрэх эс хүрэх нь эргэлзээтэй болж, тамираа барин сууна. Хамгийн сүүлийн үеийн ханшаар кг ноолуур Архангай аймагт 65-68 мянга, Өвөрхангайд 47-50 мянган төгрөгийн ханштай байгаа бол Хэнтийд, 60 мянга, Дорноговьд 70-72 мянган төгрөгөөр авч байна. Тэгвэл Эмээлт зах дээр 80 мянгад дөхөөд байгаа юм.

Гэхдээ энэ мэдээж, манайхны тогтоосон ханш биш шүү дээ. Он удаан жил ад үзсэн муу нэртэй хужаа “ах” нарын маань л буян. Түүнээс биш “Говь”, “Гоёо”, “Алтай кашмер” гэх мэт үндэсний томоохон үйлдвэрүүд нэг кг ноолуурт 70 мянган төгрөгийн ханш ч тогтоож чадахгүй. Тэгээд ч манайхан өмнөд хөршийн ченжүүдтэй үнэ хаялцах тийм ирээдүйг ойрын хэдэн жилд лав олж харахгүй байгаа юм. Тийм болохоор л тэд хаалгаа барих үедээ тулж ирээд байгаа. Нэг үгээр хэлбэл хужаа ганзагын наймаачид буюу Эмээлтийн монгол боолуудад бут цохиулж байна гэсэн үг л дээ.

Гэхдээ энэ бас л баяртай мэдээ юм шүү. Магадгүй зарим нь үндэсний үйлдвэр сөнөж байхад баяртай мэдээ гээд сууж байдаг “энэ тэнэг гар аа” хэмээн бодож магад. Тэгвэл энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгч нэртэй өрсөлдөх чадвараа алдаж байгаа дотоодын хэдхэн компанийн 10 гаруй эзэн хур хөрөнгөө “хуй” нэвтрэхээргүй болтол нь зузаалах уу, 150 гаруй мянган малчин өрх банкныхаа зээлээс, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн тухай шаналангаасаа салах уу гэдэг хариуцлагатай алхамд тулж ирээд байна. Тэгээд ч одоо үед малчдад үндэсний үйлдвэрлэгч байсан байгаагүй хамаагүй л дээ. Байлаа гээд тэдэнд ашиг тусгүй төдийгүй төртэйгөө хамжаад экспортын татвараа чангалж, ноолуурын ханшийг навс унагах оролдлого хийхээс хэтрэхгүй байлгүй. Ийм алхам хийдэггүй юмаа гэхэд тэдний нэрлэж байгаа ханш нэг кг ноолуурт 45 мянган төгрөгөөс хэтрэхгүй л болов уу.

Тэгвэл дам сонсох нээ өмнөд хөршийн Төрийн банкнаас маш бага хүүтэй зээлийг саяхан бизнесменүүддээ олгож эхэлсэн гэнэ. Энэ нь цаад агуулгаараа дэлхийн ноолуурын зах зээлийг дангаараа эзэмших сонирхол байхаас зайлахгүй. Одоогоор хятадууд ноолуурын 40 орчим хувийг дангаараа нийлүүлдэг бол манайх тийм ч хол зөрүүгүй буюу 30 хувийг бэлтгэж байгаа. Гэвч сүүлийн хоёр жилд манай ямаан сүргийн тоо толгой өвөлжилт хүндэрсний улмаас огцом буурсныг энд тодотгох хэрэгтэй байх. Гэхдээ хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд 4000 тонн орчим ноолуур авна хэмээн тооцоолсон байгаа. Гэтэл өнгөрсөн жил хятадын нэг компани л дангаараа 3500 тонн боловсруулаагүй ноолуур авч байжээ. Үүнээс үзэхэд дээрх тооцоогоор монгол, хятадын байгуулсан жижиг үйлдвэрүүдэд ёстой л нэг ам ч үгүй хамар ч үгүй болох нь дамжиггүй. Тийм болохоор үндэсний үйлдвэрлэгчид Засгийн газрын хурлаар экспортын ноолууранд татвар тавих 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг нааштайгаар шийдээсэй хэмээн алгаан хавсрахаас өөр гарц үнэндээ хомс байна. Ядахад малчид өнгөрсөн жил 50 мянгаас эхэлж, 70 мянгад дөхөж жаргасан ноолуураа өнөө жил 80 мянгад хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Тэгээд ч навс уналаа гэхэд 60 мянгаас доош буухгүй нь ойлгомжтой. Гэхдээ л унаад унаад 60 мянга боллоо ч манай үйлдвэрүүд хүнд байдлаасаа гарахад хоншоор нь дутаж таарна. Тэгэхээр хөөрхийлөлтэй байгаа биз.

Гэхдээ манай дотоодын үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн дэлхийн жишигт нийцэхээр, дэлхийн зах зээлд эрэлт үүсгэхээр тийм төвшинд хүрчихсэн хэдий ч олигтой үнэлж чаддаггүй юм билээ л дээ. Тэр ч бүү хэл үнэлж зарах нь байтугаа үйлдвэрлэсний хөлс, загвар зохион бүтээгчдийнхээ хөдөлмөр хүчийг сайн боловсруулсан ноолуурын ханшаар тооцон жинлэж гадаад руу гаргадаг юм гэсэн. Нэг ёсондоо сайтар боловсруулсан утасны үнээр зарж байна гэсэн үг л дээ.

За тэгээд үндэсний үйлдвэрүүд хаалгаа барих үеэр манай дотоодын зах зээл дээр янз бүрийн үйл явц өрнөх байлгүй. Тухайлбал ажил, ашиг хоёроо нойллочихгүйн тулд үндэсний үйлдвэрлэгчид өнгөрсөн жилүүдийнхтэй адил өмнөд хөршөөс ноолуураа буцааж татах тухай тэнэг маргаан өрнүүлэхийг ч байг гэхгүй. Энэ цагт хятадын талаас цээжинд орсон үнээ хэлж, цус харвуулах байлгүй. Малчид ч хөл дүүжлэх унаа, олон суваг гардаг телевиз, антен зэргээс эхлээд өөрсдөдөө чамгүй хөрөнгө оруулалт хийх нь урдын жамаар л үргэлжлэх биз. Харин япон машины үнэ огцом өссөн энэ үед хужаа мотоциклыг хэдэн төгрөгөөр зарж даапаалах бол. Ямартай ч ноолуурын ханш нам буухгүй учир 150 мянган малчин өрх дотоодын үйлдвэрийг далаараа буух мөчид хохирохгүй нь тодорхой. Харин ноолууран бэлэн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг 13 компанийн 8000 мянга орчим ажилчны хэд нь лааз өшиглөгчдийн эгнээнд шилжих бол гэдэг л харамсалтай.

Толгойны эм хайрлаач. Монгол ахан дүү нар минь

2011 оны 03-р сарын 30 Нийтэлсэн tsuurai
Толгой эргээд ч байгаа юм шиг, нүд харанхуйлаад өнөөдөр бие нэг л хачин байх чинь. Зарим үед өлсөхөөр нэг иймэрхүү болдог доо. Гэтэл би дөнгөж саяхан цай уусан атал зүгээр болдоггүй шүү, ямар сонин юм бэ. Ядахад цалин буухад бүтэн гурван хоногийн хугацаа байна. “Хүний хөгжил сан”-гийн энэ сарын мөнгө буух бүр бараагүй хол. Яаж өвчнөө намдаана даа. Гэрт хариад мөнгө байгаа бил үү, үгүй бил үү, нээрээ тамхигүй болчихоор нь найзынхаа өгсөн шавар гахайнд хадгалсан хэдэн халтар төгрөгөө авчихсан санагдаж байна... Угаасаа ч ихэнх монгол айлын амьдрал өнөөдөр ийм байгаа даа хөөрхийс.
Тэгээд ч надад мөнгө байлаа гээд эмнэлэгт үзүүлэхээс үнэндээ айгаад байх юм аа. Нээх л өвдөж, шаналсан хүн хүнд сурталтай эмч нарын хаалгыг манаж, өдөржин дугаарлан зогсч байж орж үзүүлтэл нэр усаа, ажил байдлаа хэлж таарна. Тэгэхээр өнөөх эмч өөдөөс “Сонгууль дөхсөн үед элдэв, жагсаал цуглаан, иргэний хөдөлгөөнүүдээс зарласан хэвлэлийн хуралд очихоо боль. Үнэн худлыг нь ялгахгүй төөрөлдөөд самуурчихаж” гэсэн онош тавибал би яана аа.
Түүний оронд банкинд данс нээж, хандив гуйсан нь дээр юм уу. Сая хүртэл нэг цагийн хугацаанд л гэхэд интернэт хаягаар “Гурван настай охинд амьдрал хайрла”, 60 гарсан хойд эцэгт минь алсыг харах нүд хайрла”, “Миний охинд, хүүд мөнгө өгөөч” гэсэн зарууд хэд хэд ирлээ. Өдөрт бүр цаашлаад долоо хоногт ийм зар хэдэнтэй ирж буцаж, хэдэн хүн түүнийг нь аль болох олон хүнд хүргэн буян хийх гэж дамжуулдгийг барагцаалж, тооцоолох аргагүй юм. Мөн үнэн худлыг нь ч мэдэх боломжгүй болж.
Гэтэл иргэд нь эрүүл мэнд, амь нас гуйж эх орноор нэг хавтгайрч байхад эрүүл мэндийн яам гэж нэг “бунхан” өөрсдийнхөө ажлыг магтахаас цааш хэтрэхгүй шүү. Шинэ тоног төхөөрөмж оруулж ирэхээс гадна нүд, ам, элэг, бөөр, зүрх, судас бүгдийг нь л дотооддоо шилжүүлэн суулгадаг болсон тухай эмч, сувилагчгүй сайрхана. Бүр өмнөд хөршөөс манайд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр ирдэг болж, ганц нэг мэс ажилбар амжилттай болсон тухай хэвлэл мэдээллээр зарлаад байсан биш үү. Ингэж дотооддоо өндөр хөгжчихсөн байхад яагаад манайхан харийн орон руу нүднийхээ солирыг засуулж, бөөрнийхөө чулууг түүлгэх гэж аргаа баран тусламж хүсдэг байна аа.
Харин иргэдийн энэ зовлонг арилжааны банкууд л хамгаас сайн ойлгох юм даа. Тэд иргэдийн хүссэн үед нь хандивын данс нээж өгөхөд бэлэн төдийгүй ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байх үүднээс шилэн хаалга нь ажын өдрүүдэд мөнхөд савлаж байдаг билээ. Ер нь хүний өвчин зовлон гэдэг юуг ч үл харгалзан хэлж, биш хийсч ирдэг учир үүнд төрийн бус байгууллага, урлаг соёлын алдартнууд ч тусламжийн алтан гараа сунгах болж. Тэгэхээс ч аргагүй юм. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг бидний хэдэн монголчууд ингэж л биесдээ анхаарал тавихгүй бол хэвлийдээ тоолж барамгүй их мөнгө тээсэн Оюутолгой, Тавантолгойгоос хувь хүртлээ гээд эдгэрэх биш. Тэгэхээр хүмүүний сайхан сэтгэл гэдэг юу юунаас илүү байх нь гарцаагүй.
Гэтэл хүн хүндээ итгэхээ байсан өнөө цагт үүний цаана бас л хар төрөх болов. Үнэндээ ингэж тооцоолж барамгүй их гуйлгын цаана ашиг хонжоо хайсан, хуурамч данс нээлгэсэн хүн ч байж болох шүү дээ. Хэдхэн жилийн өмнө гадаадад сургана гэж их мөнгө залгисан нөхөдтэй адил хүмүүний сайхан сэтгэлийг адгийн зүйлтэй хутгаж байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгээд ч өвгөдийнхөө булшнаас хөл дүүжлэх унаатай болоод давхиж яваа нөхөд мундахгүй олон байхад өвдлөө гэж мөнгө олох ч энүүхэнд байж мэдэх л байх. Энэ янзаараа буян хэвээрээ үргэлжлэх бус муу зүйлдээ амархан гаршдаг манайхан үүнийг бизнес болон хувирахад ч гайхах зүйлгүйгээр тийм олон зар тарах юм. Хүн хүндээ итгэхээ байсан цагаа гэж, хэцүү юм даа. Толгой өвдөөд ч байгаа юм шиг, нүд харанхуйлаад нэг л хачин. Толгойны эм хайрлаач гэж тусламж гуйдаг ч юм уу. Намайг арилжааны банкууд болоод сайхан сэтгэлт Монголын ард түмэн минь ойлгох нь лавтай даа.

2012 он тэгээд "Усан сонгууль"

2011 оны 03-р сарын 26 Нийтэлсэн tsuurai
Н.Энхбаярын МАХН-ын нэрийг өмчлөх тухай “тулаанд” Улсын дээд шүүх ирэх даваа гараг гэхэд цэг тавих ёстой. Хуульд зааснаар ажлын 30 хоногийн дотор шийдэх ёстой болохоор энэ өдрөөр дуусгавар болж байгаа юм. Эндээс харин ямар шийдвэр гарахыг хэн ч хэлж мэдэхгүй атлаа монголоор нэг таамаглал дэвшүүлж байна. Нээрээ, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүсээд байгаа МАХН гэдэг нэрээ авч чадахгүй л болов уу. Минийхээр бол түүнд иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэж “эвсэл” байгуулах боломжоос өөр гарц байхгүй. МАХН гэдэг нэрийг авах гэж зүтгэж байгаа нь ямар ч ашиг тусгүй, зүгээр л улс төрийн тоглолт гэдгийг төрийн өндөр албан тушаалыг гүйцээсэн хүний хувьд тооцоолсон байж таарна. Тийм болохоор МАН-тай ханцуй дотроо наймаалцах хэлбэрийг сонгож, “Намын нэрээр дахин оролдохгүй” гэсэн ам тангараг өгөөд Ц.Шинэбаяр, Н.Удвал, тэгээд өөрөө УИХ-д суудалтай үлдэж магадгүй л юм. Хэрэв ийм шийдэлд хүрвэл МАН, Н.Энхбаяр хоёрт аль алинд нь ашигтай болох нь мэдээж. Өнгөрсөн удаа, тодруулбал 2008 онд манайхан “Цусан сонгууль” хийж, цөөнгүй хүнд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө авах хувь тавилан олголгүй бурхны оронд залчихсан болохоор одоо хүч хэрэглэж, буу шийдэм агсахаас улстөрчид зайлсхийнэ л дээ. Тэгээд ч олон улсын шүүх, НҮБ-ын Хүний эрхийн комиссын анхааралд цусан сонгуулийн ул мөр тэмдэглэгдсэн тул дахин давтаж, нөмгөн дээлээ нөмрөхийг хэн хүсэх билээ. Тиймээс ирэх 2012 онд “Усан сонгууль”-ийн хэлбэрийг тэд сонгох нь гарцаагүй. “Усан” гэдэг нь монголчууд цэвэр усны нөөцөө дуусаж байгаа шиг цэвэр улс төрөөс ард түмэн холдож байна гэсэн үг л дээ. Тэгээд баахан будлиан хутгачихаад сонгуулийн дараа жагсагчид руу урдын адил буу агсаж сум тавих, нулимс асгаруулагч шидэн нухчин дарах биш “ус цацах” байлгүй. Энэ үед одоогийн 1.5 сая төгрөгийн амлалт ганц нэг саяар нэмэгдэх биш хөрөнгийн зах зээл, ашигт малтмал, олон толгойнуудын хувьцаа зэрэгт шилжих нь одооноос тодорхой болж байна. Түүнийг барагцаалбал нэг хүнд ногдох мөнгөн дүн нь 20 сая төгрөгт ч хүрч мэдэхээр байгааг гайхах зүйлгүй болж. Харин адаг сүүлдээ “усан сонгууль” улбаагаа таниулж, малчид, энгийн иргэд хэдэн халтар төгрөг салган авч чадах бол гэж бодохоос л нүд харанхуйлах юм. Гэхдээ бид тэдэнд хууртаж сураагүй биш дээ. Нэг их эмзэглэж, үймээн самуун дэгдээхгүй ч байж мэдэх юм. Харин Н.Энхбаярын наймааны хажуугаар Ардчилсан нам гараа хумихаад суухгүй л болов уу. Тэд МАН-тай нууцаар хэлэлцээрийн ширээний ард суугаад суудал хувааж эхлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрэв энэ замыг сонговол тойргоо хуваагаад л дуусаа... Энэ бүх наймаа, луувираас харин хамгийн ихээр хожиж, улам хүчтэй болох хүмүүс бол Сү.Батболд, Н.Алтанхуяг хоёр байх нь дамжиггүй. Яагаад гэхээр, тэд 76 нэр гаргаад нууцаар тохиролцох учраас энэ жагсаалтад орохын тулд олон нэр дэвшигч тал засна шүү дээ. Энэ үед эрдэмтэн уурхайн инженер-эдийн засагч, доктор С.Авирмэд, УИХ-ын гишүүн З.Энхболд нарын нотлох гэж хичээгээд байгаа Монголын алтны 6-10 хувийг дангаараа халаасандаа хийсэн гэх Сү.Батболдтой холбоотой баримт хөөс адил замхарахыг тэр үед “Анод”-ыг дампууруулсан эрхмүүдийг нэрлээд явсан хойд хөршийн зөнчид байсан бол харах ч юм билүү хэн мэдлээ. Тэгээд ч Монголын улс төрд Н.Энхбаяр байгаа гэдгийг бүгд мартаагүй. Хамгийн түрүүнд хоёр талаас түүнтэй наймаалцах саналыг гаргахгүй бол өөрсдөд нь “цунами” нүүрлэж гай удна. Тэгж байж л “бялуугаа” хэдэн талаас нь хувааж идэх вэ гэдгээ тооцоолох байх л даа. Үүнийг ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдчихээд отоод сууж байгаа юм бил үү, бас л таашгүй. Гэхдээ л Н.Энхбаяр улс төрд хүчтэй хэвээрээ байгаагаа харуулах, парлементад орох бодол өвөртөлж явааг эргэн ирсэн цаг хугацааг ухраан санахад л тодорхой. Түүнээс биш бусдын яриад байгаа шиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг магадлал маш бага. Учир нь, тэрбээр улстөрчдөөс хамгийн тэнэг нь биш учир тийм балай зүйл хийж, хөгөө чирэхгүй биз. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлбэл ард түмэн лав түүнийг сонгохгүй. Дахиад л Ц.Элбэгдорждоо байна уу, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хэнд ч байсан ялагдахад бэлэн байгаа. Учир нь, өөрийнхөө хүсэлд хүрэхийн тулд хэт шүлэнхтэн ирээдүйгээ гүйцэд харахгүй байгаа болохоор олонхи монгол хүн түүнийг дэмжинэ гэж байх уу. Тэгэхээр ирэх “усан сонгууль”-иас тэрбээр нэг биш нэмээд хоёр гурван суудалтай л сална даа, харж л байгаарай.

С.Баяр Хонгор хоёр

2011 оны 03-р сарын 14 Нийтэлсэн tsuurai

С.Баяр Хонгор хоёр

 Гэр хороололд амьдарч, зуухны өмнө шүдэнз бариад сууж үзээгүй хүн байр шатаасан гэнэ. Уг нь Ерөнхий сайд асан С.Баяр утаат гэрийн борог амьдрал туулаагүй болохоор гал асаахдаа муу байж таарна. Гэтэл яаж намынхаа тэр том байшинг галдаж дөнгөсөн юм бол.

Одоо түүний хаана яваа тухай бүдэг бадаг л сураг сонстох болов. Ийнхүү түүнийг байхгүйд хазайсан дээр нь нэмж түлхдэг өөдгүй “монгол зан”-тай олонх нь АНУ-ын аль үнэтэй гэсэн буудлуудаар гэр хийж, массажист охидоор хань хийж явна лээ хэмээн харсан хүн шиг ярина. Зарим нэг нь хөөрхий С.Баяр даргын бие нь муу болоод л эмчлүүлэх гэж яваа биз хэмээн өмгөөлсөн янзтай өгүүлэх. Үнэндээ зугаацаж байгааг нь баримтаар нотлоогүй, эмнэлэгт дугаарлаж зогссоныг нь фотогоор ч болов үзээгүй учир итгэх юм даанч алга. Уг нь иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл түүнийг монголын “Алдарт луувирчин” хэмээн цоллож, сүр дуулиантайгаар энэ нэрэн дороо эвлэлдэн байж АНУ болоод европын холбооны улсууд руу нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг холбогдох ЭСЯ-дуудад тавьсан удаатай. Гэсэн хэдий ч О.Магнай тэргүүтний хоншоор нь дутсан юмдаг. Хамгийн инээдтэй нь хөдөлгөөн эвслүүд гараа барилцан байж нийгмийг хөдөлгөөнд оруулах гэсэн энэ мэргэн санааг нь С.Баяр гэх буурал үстэй эр даанч юман чинээ бодолгүй билээ.

Ямартай ч одоогоор С.Баяр шиг хэрэгтэй хүн монголд лав алга. Түүнийг байхшүй хойгуур манайхан “Хэрэв тэр яг энд байсан бол намын байрыг шатааснаас эхлээд таван хүний аминд хүрсэн нөхдийг барьж аваад шууд торны цаана өөртэй нь хамт суулгана” мэтээр уран донгодож байна. Бүр хамт зүтгэж явсан намын нөхөд нь нэмж намнахаар гараа сунган ор хөнжлийн үлгэр болоод асуудалтай олон уурхайг түүний халаас руу чихэх гэж улайрч байгаа нь ч харваас илт.

Одоо харин түүнийг байгүйд л жинхэнэ утгаараа хэрэг мандаж байна. Өнөөх хүний эрхийн сонгодог жишээ, бидний нүдээр үзсэн аллагын баримтат домог болсон долдугаар сарын 1-ний хэрэгт улстөрийн жижиг хүчнүүд түүнийг буруутгаж, томоохон төслийг хууль бусаар батласан хэрэгт сэжигтнээр татаад байгаа. Түүний гэм буруутайг хууль хяналтынхан Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нарын дэмжлэгтэйгээр батлах юм гэнэ лээ. Гэхдээ энэ үг үнэн байна гэдэгт би л хувьдаа эргэлзэж байгаа юм. Хэрэв манайхан буруутай үйлдэл хийсэн, идсэн ууснаар нь дууддаг шигээ С.Баярын хэргийг нотолж чадах л байсан бол Б.Хурцыг гадныханд “олзлуулсан” шиг яг тийм аргаар барьж ирж болох л байсан. Одоо ч оройтоогүй байхад худал сураглахаас өөр хэтрэх хүн даанч алга. Бүр сүүлдээ хөгшин анчин тарвага сахиж байгаа юм шиг л хэзээ ирэхийг нь чимээгүй отоод суугаа нь гайхалтай. Энэ үйл явц хэдхэн жилийн өмнө хөршүүдийг ч чичоүүлж байсан Хонгор сумын хордсон хордоогүй гэсэн маргаантай адилхан өрнөж байна.

Тэгээд ч шуудхан хэлэхэд Монголын төр Хонгор сумынхан шиг мөнгөн усанд биш мөнгөн хахуульд хордож гүйцсэн тул С.Баярын буруутайг нотолж, таван хүний амийг нэхэх эзэнтэй болно гэдэг юу л бол. Харин ч буруутайг тогтоох гэсэн биш гай болж, нэг оронд “хамгаалалтгүй” хэвтэж байгаа хамтарсан Засгийн газраасаа эхлээд олон зүйл дээр эрх баригчид нэг нэгнээ татаж унагаад бөөн дэмий юм болох байлгүй.

Манай төрийн өндөрлөгүүд, эмч, сайдууд хэдэн жилийн өмнөөс нэг л биш болсон Хонгор сумын иргэдийг хордоогүй. Бараг л худлаа баашилж байгаа юм гэх нь холгүй авч үзсэн. Үүнийгээ ч батлахыг хичээж Дэлхийн эрүүл мэндийн газраас хорт бодис байтугай дусал ус асгарсан газрыг ч андуурч үзээгүйгээр нь магтаж, баахан шинжээчийг ирүүлэн мөнгө дэмий үрж, эерэг хариулт авч үлдээд буцаасан удаатай. Харин үүнийг нутгийнхан тайлбарлахдаа Дархан-Уул аймгаас УИХ-д суудал авсан гишүүд хордлогыг нуухад манлайлан оролцсон хэмээн буруушаадаг юм. Гэтэл одоо хүртэл Хонгор суманд үсгүй тугал төрж, хүмүүс нь хордоод байдаг. Гэтэл С.Баярыг гал асаагаагүй байхад намынх нь байр шатчихсан байдаг. Энэ адил биш байна гэж үү.

Япончуудад нутаг өгөх үү, яах вэ?

2011 оны 03-р сарын 14 Нийтэлсэн tsuurai

“Нэг тийм нууцлаг бодол шиг
Амьд явахсан гэж
Нуурын өнчин галуу ганганах цагаар
Арлын Японд газар хөдлөж, Монголд
Дүрвэгчид ирж суурьшихыг
Би харж байна”
гэсэн шүлгийг нэгэн залуу яруу найрагч 2000 оны эхэн үеэр бичжээ. Үүнийг хараад ямар мэдрэмж гэхээрээ ийм байдаг юм бол доо хэмээн өнөөдөр бодов. Хэрэв ийм зүйл болоогүй байсан бол би бодохгүй л байсан. Эсвэл мэдрэмж гэхээсээ илүүтэй “муу амтай” нөхөр бичсэн байж болох л юм. Ямартай ч одоо түүний хэлсэн ёсоор боллоо. Үүнийг би зөгнөл, мэдрэмж, хар цагаан хэл ам аль нь болохыг үнэндээ ялгаж мэдэхгүй юм.
Өчигдөр арлын орон Азийн элэгнээс “арчигдахаа” дөхсөн хэдий ч хөгжлөөрөө хөл, хөрөнгөөрөө тархи хийн байж үлдэж чадлаа. Одоо ч гэсэн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа төдийгүй газар дахин хүчтэйгээр “шилгээж” мэдэх аюултай, бас айдастай байна. Үүний зэрэгцээ атомын гурван цахилгаан станц дэлбэрэх аюул нүүрлээд хэцүүхэн л байна даа хөөрхийс.
Энэ хүнд хэцүү үеэр зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг улс үндэстнүүд, хүмүүнлэгийн байгууллага бүх анхаарал тусламжаа энэ голомт руу чиглүүлээд байгаа. Манай улс ч тэднээс дутахгүй багагүй хөрөнгөөр дэм хайрлахаар шийдэв бололтой. Угаасаа ч ингэж харьцахгүй байхын аргагүй болтол зээл тусламж гуйж, хөрөнгө мөнгийг нь нийтээр болон нэгээрээ халаасалж байгаагийн хувьд ийм цагт нь дүлий юм шиг царайлж яахан болох билээ.
Хэрэв энэ гамшиг ядуу буурай яг манайх шиг улс оронд нүүрлэсэн бол өдийд балгас үлдсэн байх учиртайг ч дэлхийн олон эрдэмтэн баталж хэлсэн билээ. үүнийг батлах мэт Мэргэжлийн хяналтын газраас хэрэв газар хүчтэйхэн шилгээхэд л Байгалийн түүнийн музейгээс эхлээд 350 гаруй барилга, орон сууц “будаа” болох юм гэнэ билээ.
Гэхдээ хэдий өндөр хөгжилтэй ч гэсэн хөөрхий япончууд цунамигийн улмаас багтаж шингэх газар байхгүй хэцүүхэн л байгаа дуулдана. Угаасаа ч энгийн тайван байх үедээ ч гэсэн арай гэж багтаж яддаг байсан “амьтад” одоо бүр хэцүүдэх нь бол гарцаагүй л дээ.

Харин энэ үед бид япончуудад нутаг өгөх үү, Яах вэ?
Үнэндээ Ази тивд байгаа эх газарт монголоос өөр сул зайтай, уудам саруул нутаг хайгаад ч алга. Тийм болохоор хүссэн эс хүссэн ч НҮБ-ээс бидэнд дарамт үзүүлж ч болох юм. Тэгж гэмээнэ л энэ олон дүрвэгчдийг зохицуулж таарна. Түүнээс яалаа гэж золбин ноход шиг баларсан гудамжинд нь амьдруулахав. Тийм болохоор л манай улс хамгийн боломжтой нь байгаа юм.
Одоо Өмнөговь, Дорнодын тал нутгийг өмнөд хөршийнхөн аль эртнээс зөөсөөр бараг дуусч байна. Тэгвэл япончууд өөрийнхөө амьдрах нутгийг хамгаалж, ариг гамтай эдлэх нь ойлгомжтой учир өмнөд хөршөөс хэд дахин илүү байх биз. Тэгээд л тун удалгүй хот сүндэрлүүлж, сакура цэцэглүүлж, охидыг минь мөнгөжүүлээд л өгнө.
Харин үүнийг хэрхэн шийдэх тал дээр манай улсын хэмжээнд томоохон асуудал үүсч, телевизийн камерийн өмнүүр гүйх эдгэшгүй донтой нэг нь амаа эцтэл чалчих цаг л ирж мэднэ. Тэдний зарим нь урт хугацаагаар түрээслүүлнэ гэсэн саналыг гаргахад нөгөө хэсэг нь шууд худалдчихсан ч яадаг юм хэмээн мэдэмхийрэх нь гарцаагүй. Тэгвэл Солонгост худалдах сонирхолтой байсан, эхнээсээ гэрээ хэлцэлээ хийчихсэн эрх мэдэлтнүүд нь эгнээгээ нэлээд зузаатган байж “Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн өлсч, жагсаж таарах байх даа. За энэ ч яахав. Нээрээ худалсан, түрээслүүлсэн хоёрын аль нь дээр юм бол доо???

Н.Энхбаяр ба Ерөнхийлөгчид

2011 оны 03-р сарын 05 Нийтэлсэн tsuurai

Михаил Горбачев 80 нас хүрлээ. Энэ буурал 1990-1991 онд хойд хөршийн ерөнхийлөгч байлаа. Харин тэрбээр одоо юу хийдэг бол. Уг нь түүнийг улстөрд оролцоод ганц нэг эвсэл, хөдөлгөөнийг зааварлаж, буудалцаан өдөөгөөд сууж байдаг болов уу гэж боддог байлаа. Гэтэл тийм биш юм. Насныхаа эцэст намбатайхан байж, гэртээ суугаад улстөрийнхөө халуун өдрүүдийг дурсч суудаг ажээ.

Харин манайхан төрийн тэргүүний өндөр суудлаасаа буугаад юу хийж явааг бид бэлхэнээ мэднэ дээ. Яагаав анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай газрын тосонд гараа дүрж, урт цагаан дээлээ мялаагаад наймаачин болчихов. Ууган тэргүүн энэ салбартаа эргэж буцалтгүй орсон болоод нам гүм байгаа юм гэнэ лээ. Одоо тэрбээр газар шороо ухаж төнхөн, алт малтаж улайраад улмаар гэр бүлээрээ ашигт малтмалын салбарт хүч үзэж байгаа нь дуулдсан. Тэгвэл ууган Ерөнхийлөгчийн тэтимийг нь хоёр гардан авсан Н.Багабанди өндөр дээд хэргэмээсээ буугаад л Библи зохиож эхэлсэн нь гайхалтай. Одоо тэрбээр шашны ухаанд гүн нэвтэрч, пастер болов. Бичсэн нийтэл, уншсан илтгэл нь хүртэл бурхан шашны сургаалийн шинжтэй, эсвэл захиас ч юм уу гэрээслэл аль нь болохыг би лав хэлж мэдэхгүй юм. Зарим хүнд хоногоо хүлээсэн нөхөр эцсийнхээ үгийг хэлж байгаа юм шиг ч сонсогдох нь бий гэлцэх.

Харин гуравдахь төрийн тэргүүн Н.Энхбаярыг уг нь суудлаасаа өндийгөөд л ном орчуулан “Интер” номд нээлт хийж Соёлын гавьяат, насны эцэст өөрийнхөө дурсамжийг таталгаад л Ардын уран зохиолч болох замыг сонгох болов уу гэж санасан юм. Гэтэл эргээд бүхнийг хүчтэй эхлэхээр шийдэв. Энэ эрхэм одоо нийгмийн сэтгэл зүйг “галзуу” мэдэж, мэдэрч байна. Тэрбээр энэ цаг үед хуучин МАХН гэдэг “өмсгөлтэйгөө” гарч ирэн улстөрийн салбарт “залуу бөх” хэмээн эд цоллуулж яваа. Түүнийг иргэдийн ихэнх нь шоолж байхад, учир мэдэх олон хүн дагжин чичирч байгаа нь ойлгомжтой. Хамгийн сүүлд л гэхэд иргэний хөдөлгөөнүүд, улстөрд суудалгүй жижиг намуудыг нэгтгэн олны анхаарал татахгүй байхын эрхгүй зүйл ярив. “С.Баяр Ч.Амарболдод үүрэг өгч, шатаж байсан намын байрнаас минь цагдаа нарыг татсан. Магадгүй Ч.Амарбатад албан тушаал амалсан байх”, “Ингэхэд С.Баяр байраа өөрөө шатаасан ч байж болох” гэх мэтийг олон камерийн өмнө ямар ч хувиралгүй хэллээ. Түүний энэ үгс хэдхэн хоногийн дотор нийгмийг тэр чигт нь эргэлзэхэд хүргээд байгаа юм. Үйлчилдэггүй ч гэсэн манай орон хууль гээч далайлт нь бага ишгүй “лантуу”-тай. Тийм байтал ингэж хүнийг гүтгэж, дайрна гэж байх уу хэмээн олон хүн бодож суугаа. Тэгвэл энэ үед яагаад Ерөнхий сайд асан С.Баяр амаа хумхиад сууна вэ? Ядахад энэ бүхнээс болж, ирэх сонгуулийн хувь заяа МАН-ын талаас хэлбийхэд бэлэн байхад шүү. Энэ сонин биш байна гэж үү.

Гэхдээ Н.Энхбаярт ингэж дахин зовох, улстөрийн үйл хэргээ шинээр эхлэх тийм хувь тавиланг багийнх нь “гарууд” өгсөн билээ.

Яагаав “Хатанбаатар Магсаржав” кинонд Ванданов гэж нэг цагаан цэргийн ноён гардаг даа. Харин түүний баруун гарын туслах Гавар гээд “хүнд гар” яаж ч мэдэх нөхөр. Өөрт нь л ашигтай санагдвал Вандановоо шууд худалдчихаар эр шүү. Яг л үүнтэй адилхан үйл амьдрал өрнөсөн гэдэг юм. Үүнд манлайлан оролцсон С.Баяр, Ү.Хүрэлсүх нар Н.Энхбаярыг далаараа нь цэвэр буулгасан хэдий ч гүйцэт дарж чадаагүй дээ одоо харамсч суугаа ч юм билүү хэн мэдлээ. Ямар хүний дотор орж үзсэн биш. Гэхдээ Н.Энхбаяр хамт зүтгэж явсан “гарууд”-аа хожим “хийнэ” гэж төсөөлөөгүй нь улстөрчийн хувьд хамгийн том алдаа байсан юм. Одоо түүнд үргэлж хүчтэй хэвээр байх, ирэх сонгуулийг үймүүлэх мөнхийн сонирхол л үлдээд байгаа. Үүнийг үгсийнх нь утгаас ойлговол нөхөддөө гомдоод хариугаа авах гэж байгаа ч юм шиг өнгө аястай байх юм. Нөгөө үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг...

Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч хойшид юу хийх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Минийхээр бол ноён Ц.Элбэгдорж уран зураг цуглуулагч дуудлага худалдааны үнэн хаяцагч болно. Гэхдээ эрх мэдэл, улстөр гэдэг хүнийг яаж ч өөрчилж болдог ажээ...

Жорлон

2011 оны 01-р сарын 21 Нийтэлсэн tsuurai

Саяхан Улаанбаатар хотын Улаан чулуутын хогийн цэг дээр зургаан хүн ордог нийтийн модон жорлонг 156 сая төгрөгөөр босгосон гэнэ. Уг нь энэ их мөнгөөр гэр хорооллынхон гудамжаараа байшин барьж хүрэлцэнэ. Зуданд нирвэгдээд байгаа сумын малчдад тэжээл аваад өгөхөд ч багадахгүй хөрөнгөсөн. Гэтэл хийсэн шиг хийж чаддаг “шударга” ёсыг сахиулагч эрхмүүд маань гардаж ажилласан хойно шатдаггүй, өмхөрдөггүй, ганддаггүй бас бохир нь хэзээ ч дүүрдэггүй мод л сонгосон биз. Тэрийгээ аягүй бол хилийн чандаас авсан байгаа даа. Яагаав төв талбайн хажуугийн сандалыг зуун дамжтал нь өмхөрүүлж байгаад өнгөрсөн жил Канад модоор солиогүй юу. Тэр нь бас шатаж, ганддаггүй юм гэсэн.

Харин бид гэгээн төрийнхөө энэ шийдвэрийг “Мод байсаар байтал хаа байсан Канадаас авч ирж сул зардал гаргаад, ...Пөөх яасан үнэтэй жорлон гэхээрээ ийм байдаг байна, цаадуул чинь л болсон хойно идэж, халааслаа биз...” зэргээр өөлж юм үзээгүй царайлж байх ч гэж дээ.

Ер нь улс мөнгөтэй байх сайхан шүү дээ. Бүх иргэндээ шаазгайн баас шиг хэдэн халтар төгрөг тарааж өгч “алалцуулаад” түүгээрээ цагаан сарынхаа бэлэг сэлтийг базаа гэсэн шиг одооноос эхлэн бүр ч ихээр тавлаж байгааг нь харахгүй юу. Би багадаа хар арьстай нөхөр цонхоор доллар шидээд түүнийн дннр нь олон бараан жаал бөөгнөрч, зодолдож байхыг хараад ахтайгаа хамт өдөржингөө цонхоор боорцог чулуудаж билээ. Түүнийг маань харин хоёр гөлөг л идсэн дээ. Үүнээс болж орой нь ээждээ урт авхуулдаг юм байгаа биз дээ. Харин би саяхнаас л манайх улстай адил баян биш байжээ гэдгийг ойлгож билээ.

Нийслэлийн хэмжээнд метро барих мөнгө зөвхөн шатахуун зардаг нөхрийн халаасанд байгаа гээд боддоо. Тэгэхээр манай хот баян байгаа биз. Нийслэлийнхээ төв талбайд 900 сая төгрөгөөр шинэчилсэн Сүх жанжныхаа хөшөөний өмнө зургаа татуулаад, хогийн цэг дээр 156 сая төгрөгөөр босгосон монгол ахуйн гадаад модон жорлондоо зургаа зургаагаараа сэлгэж хүндэрнэ гээд огт бэл бэнчинтэй санагдахгүй байна гэж үү.

Удахгүй 2012 он тэгээд Зөн билгийн сонгууль

2011 оны 01-р сарын 21 Нийтэлсэн tsuurai

-Зөн билгийн нийтлэл-

Хэдхэн хоногийн өмнө Хойд хөршийн зөн билэгтэн гэж гайтай хоёр нөхөр ирээд баахан зугаацаж, амны зоргоороо айлдаж явах шив. “АНОД” банкны хохирогчдийн дундаасаа босгосон мөнгийг авч халааслаад зогсохгүй, банкыг дампууруулсан эрхмүүдийг толгой дараалан нэрлээд ум хум арилж өглөө. Гэтэл тус хэргийг ирэх долоо хоногт прокурорт шилжүүлнэ гэж байдаг. Хэрэв зөнчдийн мэрэг төлөг зөрвөл яана аа... Хохирогчид төрийн шүүхэд итгэх үү? Хөршийн зөнчдөд итгэх үү? Хэцүү нөхцөл байдал ний нуугүй хэлэхэд үүсээд байна.

 Харин яаж азаар ам халаад С.Зоригийг нүдэндээ шилтэй, нүүрэндээ мэнгэтэй “нөхөр” алсан байна гэж хэлчихээгүй юм дээ л гэж баярлах юм. Тэгсэн бол манайхан Төрийнхөө тэргүүнээс эхлээд цөөнгүй эрх мэдэлтнийг хардаж, уур хилэн нь гэнэт хөдлөөд тийм шинж тэмдэг бүхий дарга нараа галдаж эхлэх байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Мухар сүсэгт даяараа яаж автсаныг хэлэх ч юм биш.

 Бүгд л хөгшин залуугүй, хүүхэд багачуулгүй бөө удган үзмэрч, зөн билигтэн гээд л хошуурдаг боллоо. Энэ ч яахав шинэ сонгуулийн өнгө төрх буюу оюун санааны ядуурал хоосролын цондон л доо. Хэн ядуу байна тэр мухар сүсэгт ихээр автдаг тухай судалгаа ч бий. Нийгмийн оюун санааны ядуурал түүнтэй холбоотой энэ байдлыг ирэх сонгуульд улс төрийнхөн ашиглахаар одооноос ямар шаргуу бэлдэж байгааг хэлээд ч юу хийнэ. Бүгдэд тодорхой байхад чинь.

Өнөөгийн улс төрчдыг мөнгө амлаад яаж унждаг, хэрхэн барааны саван гурил будаа энэ тэрхнээр хахуулддаг, бидний сонголт таалагдахгүй бол буудчихдаг зэргийг ард түмэн андахгүй мэдэх болсон тул цаадуул чинь шинэ гарц нээж.

Тэр нь зөн билгийн сонгууль:

Одоо бүх нэр дэвшигчид өөрийн гэсэн бөө удгантай болж, түүгээрээ өрсөлдөнө. Мөн дахиад л хойд хөршөөс үзмэрчид авч ирнэ. Гэхдээ тэд өөрсдөө итгэхгүй байсан ч ард түмнээ улам мунхаруулахын тулд энэ ажилд гар бие оролцож, бие сэтгэлээ ёстой нэг зориулах нь ойлгомжтой. Ядахад саяны ирдэг хоёр нөхөр биднийг ямар их сүсэгтэй болоод хоосон толгойтойг гайхаад дахин ирж халтуур хийхэд боломжийн юм байна даа гэсэн бодол дайгаад буцсан биз. Дотроо яаж хөх инээд нь хүрч байсныг таашгүй. Ингээд үнэ ханшийн судалгаа хийж, эцэст нь Оросууд биш түүнийг тойрсон бага ястнууд илүү зөн билэгтэй гэж сурталчилаад эм ханган нийлүүлэх төв гэдэг шиг “үзмэрч ханган нийлүүлэх” гэсэн балай нэртэй сүлжээ үүсгэхийг нь хэн байг гэх юм бэ?

Бүр гадны зохион байгуулалттай зөн билгийн тулааныг телевизээр хальт үзэхдээ тогтоосон ганц зүс таних этгээдээ тэднээс нэхэж шаардах биз. Яг л эрэлт ихсэхээр нийлүүлэлт ихэсдэг шиг хаа сайгүй зөнтэй, урдчилан харах авьяастнууд цугласан сайхан “шударга” сонгууль болно доо.

МАН мэдээж шинэ арга технологи нэвтрүүлэхдээ гаршсан болохоор зөн билгийн сонгуульд манлайлан оролцох нь тодорхой. АН ч ан цаваа сайн “наалдан пад”-даж чадвал зөн билгийн сонгуульд тулалдаж л таарна. Гагцхүү хэн хэдэн бөө удган, үздэг хардаг хүн цуглуулж чадсан бэ? гэдгээс бүх зүйл шалтгаалах нь ойлгомжтой. Тэгээд л хэнийг сонговол сайн болох, хэнийг сонговол, Оюу толгой, Таван толгой, энэ тэр нь гадны халаасанд ороод яах тухай үзмэрчдийн мэрэг төлөг бууж эхэлнэ. Сайхаан, сайхан...

Харин бяцхан, бяцхан “сөрөг хүчнүүд” нь Фенг-шү, Випишяна бясалгал, ариусал, гэгээсэл, цагаан хоол, ногоон дэлхий гэсэн хувилбаруудыг сонгож байна хэмээн хэсэг гүйлдэж таарна. Нөгөө л урьд цагт учир нь олдохгүй баахан “изм” гэж галзуурцгаадаг шигээ...

Мэдээж будда, хрис, 99-н тэнгэрийн “өвөр” дээрээс нэр дэвшиж буй эрхмүүд яахан зүгээр хараад суух билээ. Харин энэ шинэ арга барилаар өмнө нь олон жил хичээллэсэн Арго, С.Жавхлан, Ш.Төмөрсүх, О.Магнай тэргүүтнүүд бэлтгэл дадлагаа улам гүнзгийрүүлж санамсаргүй амжилт гаргаж болох юм шүү дээ. Тэр цагт энэ нөхөд шууд ялалт байгуулах магадлалтай. О.Магнай лав ялалт байгуулахгүй бол жинхэнэ бөө болж, шинэ ба хуучин 76 яах тухай цаг тооны хуанли хөтлөх нь гарцаагүй. Түүний гаргасан цаг тооны бичиг нь номын дэлгүүрээс хамгийн борлуулалттай гэсэн “ГРАНД ВҮҮК” өргөмжлөлийг ч хүртэж болох юм. Нэгэнт ийм төрлийн сурталчилгаанд суурилсан хүчтэй сонгууль ирж байгаа учир олны анхааралд мөнхөд байлгахаар өөрийгөө зовоож нойр дутуу хонодог буурал найрагчид, хип поп залуус, нийтийн дуучдын мөнгөний тэнгэр уван цуван тэднийг орхиж, харин бөө үзмэрчдийн онгод нь зузаан зузаан хорьтын дэвсгэртээр бороо оруулж, долоон өнгийн солонго татуулах сонгууль айсуй. Энэ бүхнийг харсан өсвөр насныхны аав ээжүүд хэзээ нэгэн цагт үр хүүхдэд нь онгод бууж пид хийтэл унахыг нь хүлээн бөөгийн хувцасаа, түрээслэх байртайгаа хамт бэлтгэж магад. Мөнгөний үнэр хүчтэй юм хойно.

За тэгээд эцэс сүүлдээ бүгдээрээ Хар сүлд булаалдаж, минийх чинийхдээ хүрч, хэвлэл бүхний нүүрэн дээр бөө, удган, үзмэрч гээд ард түмнийг сонгуулиар мунхаруулахад нь тусласан хэн бүхэнтэйгээ хөтлөлцсөн, тэврэлдсэн, үнсэлцсэн зургаа зурайлгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гишүүдийн халаасыг улам бүр зузаатгах нь урдын жамаар л үргэлжилнэ дээ.

Энэ цагт нэр дэвшигчийн бүх хүнд цутгаад барагдахааргүй архитай, нийслэлийг галдахад хүрэлцэхээр их шатахуунтай, хэдэн хужаа ирсэн ч охид нийлүүлэх чадалтай байх нь сонгогчдод огт хамаагүй. Зөвхөн хэн нь сайн зөн билэгч олж ирэх, хамгийн сайн мэддэг монгол нөхрийг тодруулсан нь л “new star” болох учир Ургийн бичиг хөлтөлж, Чингисийн хамаатан болохыг бүгд хүсэцгээнэ.  Харин энэ бүх мунхрал сонгуулийн дараа гай болж хувилгаан, далдыг харах шидэнд нирвэгдэгсэд эхнэрээсээ сална, монголоос нүү, том хүү чинь чиний хүүхэд биш гэх зэргээр бурж, тэсвэргүй нэг нь энэ үгэнд итгээд боомилж үхэх вий дээ. Учир нь сонгуулийн дараа монголчуудын үзүүлэх харуулах, тандуулах хүсэл улам ихээр бадрах биз.

 Харин шинэ Засгийн газрыг хэн толгойлох бол гэдгийг л үзмэрчээс асууя байз. Тэд лав мэдэж байгаа...

"Оросын зөнчид “Анод”-ыг дампууруулсан эрхмүүдийг нэрлэжээ" энэ талаар мэдээлэл уншаад сэтгэгдэл үлдээгээрээ манайхаан www.asunews.mn дээр байна
О.Дашбалбар агсан нэгэнтээ омголон байх үедээ шавь нарынхаа дунд “Муусайн гөлөгнүүд. Нохой хазаж, гөлөг хуцдаг юм” гэсэн гэдэг. Энэ өгүүлбэрийг саяхан уншаад тэгж их гайхаагүй билээ. Магадгүй арван жилийн өмнө түүнийг ингэж олон нийтэд сонсогдохоор хашгирсан бол “нөгөөх” нь хөдлөөд солиорч байгаа юм гэж хэлэх байсан даа гэж санав.
 Харин өнөө цагт өөрөө юу ч хэлээгүй байж тэр тэгсэн, энэ ингэсэн гэх мэтээр уран илтгэж “Монгол минь” гэсэн лоозонгоор үнэн төрхөө халхалсан нөхөд түүний хэлснээр хазаж чадахгүй гөлөгний амьсгалаар л хуцаж байна даа.
Гэтэл эх орончгүй улс төрд эх орон, газар шорооны нэрийг барин санаархагч “гөлөг”-нүүд одоогоос дуугаа нэгтгэн хуцаж эхэллээ. Энэ мэдээж ирэх сонгуулийн дохио л доо. Яг л гаднын кинон дээр эртний эдлэлийг дуудлага худалдаагаар үнэ өсгөдөг шиг өөрт нь санал нэмэх нөхдийг хайж байгаа. Энэ зорилго нь хэрэв бүтэлгүйтвэл ямар нэгэн албан тушаалтай үлддэг сонгодог жишээг дагна гэдгийг өөрсдөө ч мартаагүй байгаа. Яагаав өлсч цангах дуртай, өөрийгөө хайрлалгүй эх орны төлөө зүтгэгч хэмээн өөрсдийгөө цоллодог Ж.Батзандан, С.Ганбаатар, М.Ичинноров нар хэн нэгэн эрх мэдэлтэнд дагаар орчихсон тухтай сандалд суугаад дараагийнхаа нүүдлийг бодож байна шүү дээ. Гэхдээ энэ манай эрх мэдэлтнүүдийн сэдсэн шинэ арга биш л дээ. Хөрөнгөтний нийгэм болоод ядуусын хотод ч албан тушаалаар амыг нь тагладаг урхи байсаар ирсэн. Мэдээж манай эх орончгүй улстөрчдөөс хэдэн арван жилийн өмнө байж таарна .   
 О.Магнай, Г.Уянга тэргүүтэй нөхөд цөөнгүй иргэний хөдөлгөөнийг эгнээндээ нэгтгэж тэмцэл хийхээр болсноо зарлалаа. Ядахад сар бүрийн 16 бүрт нийлж суугаад “хуцна” гэж байна. Тэд энэ тухайгаа нөгөө л улс орон ядуу байна, бидэнд эрх чөлөө алга хэмээн улиг болсон яриагаараа тайлбарлахын хажуугаар Хүний эрх ярихаар л хамгийн сонгодог жишээ болдог өнөөх долдугаар сарын 1-ний буудалцаан тэгээд үхэл...
Үнэндээ би ч иймэрхүү жижүүрийн үгийг захын банди нартай нийлээд О.Магнай ах нэгэнтээ ингэж айлдсан, С.Ганбаатар гуай хэлэхдээ ингэсэн байдаг зэргээр өөрөө юу ч хэлээгүй байж бурж чадна. Харин хэн нэгэн -Чи юу хийсэн болоод тэднийг муулаад байна гэж хүйтэн хөндий өнгөөр асууж магадгүй. Үгүйдээ гэхэд тийм бодол тээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл О.Магнай, Г.Уянга тэргүүтнүүд юу хийсэн болж таарах вэ. Хэн тэднийг өөгшүүлж хазаж биш хуцаж сургасан бэ? гэсэн асуултыг сөргүүлээд зэрэгцүүлэн тавимаар байна.
О.Мангай гэж “шилдэг улстөрч” хаагуур явж байгаад ч юм бүү мэд саяхан Ардчилалын үйл явцыг бэхжүүлэх олон улсын сангийн захирал гэсэн шинэ албан тушаалтай болоод иржээ. Тэгээд ч би түүнийг хэзээ ч хазаж сурахгүй гэдэгт нь мөрий тавихад ч бэлэн байдаг учир хаана юу хийж явааг нь сонирхох хүсэл төрдөггүй юм. Яагаад ийм итгэл дүүрэн байна гэхээр түүнд болоод түүний нөхдөд эх оронч сэтгэл гэдэг зүйл нэгээхэн ч үгүй болохыг улиран одсон цаг хугацааг эргэн санахад л хангалттай билээ.
Харин ч тэд сонгууль дөхөхөөр нэгдэж “цэцэрхдэг” тэнэг уламжлалаараа өөрсдийнхөө хэлэх дуртай сонгодог жишээ болсон долдугаар сарын 1-нийн үхлийн эх үүсвэрийг тавьсан юм биш биз гэдэг бодол олон хүнд бий. Үүнийг хууль батлаагүй батлах гээд ч “хоншоор” нь дутах учир баттай хэлбэл би өөрөө алуулж мэднэ. Яагаад гэхээр манайхан сэтгүүлчийн эрх ашгийг хамгаална гэдэг тухай бодох нь бүү хэл бүр сурвалжлах эрхийг нь хаагаад Төрийн ордноо дотроос нь түгжиж байгаад “наймаалцдаг” биз дээ. За энэ ч яах вэ.
Миний хэзээ ч хазаж сурахгүй улстөрч гэдэгт итгэл дүүрэн байдаг хөөрхий О.Магнай долдугаар сарын 1-ний үймээний улмаас 72 цаг торны цаана суулгасан чинь яаж баларлаа даа. Нүд нь харанхуйлж, бие нь сульдаад тэсэхээн байхдаа өлсгөлөн зарлаж байж эмнэлгийн ортой залгаагүй юу. Харин манай монголчууд тэсвэр хатуужилтай хүн тэмцэгч байдаг гэдэгт бүрэн итгэдэг билээ.
Би үүнийгээ бичихээс нэлээд өмнөөс эдгээр нөхдөд ямар сайн чанар байгааг олж харах гэж хичээгээд үнэндээ суудал авах шунал хүслээс өөр шалтгааныг мэдрээгүй юмдаг. Эх оронч, тэсвэр хатуужил, сэтгэл гээд л тэр сайхан бүгдээс нэгийг нь ч...
Харин С.Данзан Бодоо нар О.Магнайгаас тэнэг болоод өрөвдөлтэй байдлаа харуулж байгаагүй юм байхдаа гэж ямар ч тэнэг бодохгүйдээ гэдэгт бас л “хазаж” чадахгүй гэдэгт итгэдэг шиг тийм л итгэл дүүрэн байна.

Балагаас болж улс баярлаж байгаа даа

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн tsuurai

Баяр бүхний дараа балагтай үлддэг монголчууд энэ удаа ч урдын "уламжлалаа" давтаж цөөнгүй иргэн алтан амиа алджээ. Харин би тэдний нэг байгаагүй дээ баярлав. Уг нь ертөнц намайг өгсөн шигээ аваад явахад харамсах зүйлгүй хэмээн бурханд ч юм уу хэн нэгэн хий зүйлд удаа дараа хэлж байсан удаатай. Гэтэл энэ үеэр надтай адил улстөрчид баярлаж байгаадаа гэж би бодов. Учир нь хоргодсон хүн бүрийн тоолонгоор Хүний хөгжил сангийн мөнгөнөөс эхлээд цөөнгүй хөрөнгө хуримтлагдах билээ.  Хэрэв манай улстөрчид болоод төр иргэнийхээ алтан амийг юман чинээ боддог байсан бол долдугаар сарын нэгний Хар мягмар гарагийг нам дараад суухгүй л байсан даа гэж санах юм.

Баяр бүхний дараа базаахгүй зүйлтэй үлддэг манайхан мөн л энэ "заншлаа" давтжээ. Нийслэлийн хэмжээнд 40 гаруй хүн ёслолын буудлагын улмаас түлэгдэж, бэртсэн аж. Харин би тэдний өмнөөс харамсаж, басхүү хятадуудыг улам үзэн ядав. Мөн л надтай адил улстөрчид ихээр харамсч байгаа даа гэж бодлоо. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хямралын үеэр нэмэгдэх нь улстөрчдөд гай мэт санагдаж магадгүй юм. Наад зах нь группын мөнгө, хандив тусламжаас эхлээд суудал авахын төлөө тэдэнд сайхан зүйл амлах хэрэг гарна. Арай гэж тогойг нь угаагаагаад суудлаа авчихаар Төрийн ордны гадаа нөгөөдүүл нь жагсаад эхэлбэл амьд байснаасаа илүүтэй гай болно гэж гэж бодож байгаа. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ манай байгууллагууд зориултын шат ч хийж, төрөөс нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлдог байсан бол өдийд дугарах цаг болсон л баймаар юм.